Бага орлоготой иргэдийг орон сууцтай болгоно
2011.04.28

Бага орлоготой иргэдийг орон сууцтай болгоно

Засгийн газар бага орлоготой иргэдээ орон сууцжуулахад онцгой анхаарч үе шаттай арга хэмжээ авч байна. Иргэд орон сууцтай болох хүсэл их байдаг ч банкны зээлийн хүү өндөр, хугацаа бага, урьдчилгаа төлбөрийн боломжгүй учир ихээхэн хүндрэл учруулж байлаа.

Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага орлоготой иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах санхүүжилтийн загварыг хэлэлцэн баталлаа.


Бага орлоготой, анх удаа орон сууцтай болохоор хүсэлт гаргасан иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулахтай холбогдон гарах журмуудыг боловсруулан хамтран баталж, орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахыг сайд С.Баярцогт, Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгав. Үүний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Шадар сайд М.Энхболдод даалгалаа.

 

Хөгжлийн банкны эх үүсвэр болон дамжуулан зээлдүүлж байгаа хүү хоорондын зөрүү, Хөгжлийн банкны холбогдох үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг сайд С.Баярцогтод даалгажээ.

 

“Хүний хөгжил сан”-гаас хуваарилагдсан хишиг, хувийг орон сууцны зээлд ашиглах хүсэлт гаргасан иргэнд төлбөрийн дансны бүртгэл хийж, орон нутаг дахь захиалгыг тухайн аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар гүйцэтгүүлэн, биелэлтийг нэгтгэхийг “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн даргад үүрэг болголоо.

 

Ипотекийн хоёрдогч зах зээлийг дэмжих үүднээс санхүүжилтийн эх үүсвэртэйгээ уялдуулан Монголын Ипотекийн Корпорацид урт хугацаат зээлийн санхүүжилт олгох талаар судалж шийдвэрлэх, “Хүний хөгжил сан”-гаас иргэдийн хишиг, хувийг орон сууцны зээлд ашиглахтай холбогдуулан шаардагдах хөрөнгийг тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусгахыг сайд С.Баярцогт, Т.Ганди нарт даалгалаа.

 

Шинэ суурьшлын бүсэд орон сууц барихад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авахыг сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.