“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн сургаар барилгын материалын үнэ өссөн гэв
2011.04.08

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн сургаар барилгын материалын үнэ өссөн гэв

"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд баригдах "100 мянган айлын орон сууц" төсөл барилгын компаниудын сонирхлын төвд байна. Эл хөтөлбөр хэрэгжихээр барилгын 1548 компани тун чиг завгүй болж, хэдэн жилдээ ажилтай байх нь хэмээн баяртай байгаагаа Ерөнхий сайд С.Батболд, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нартай барилгынхан уулзах үеэрээ онцлон хэлж байлаа. Гэхдээ ярих амархан ч, цааснаас амьдралд буулгана гэдэг хүнд учраас барилгын ажлын явцад үүсэх асуудлыг нарийн тогтож ярилцахгүй байна гэж Монголын Барилгын үндэсний ассоциацийн тэргүүн Ц.Эрдэнэбаяр шүүмжлэл хэлээд амжив. Тэрээр "Өнөөдөр төр орон сууцны зээлийн жилийн хууг зургаан хувь байна гэж тогтоосон хэдий ч барилгын материалын үнийн хөөрөгдлөөс яаж хамгаалах, орон сууцны эрэлт нийлүүлэлтээ хэрхэн тэнцвэржүүлэх талаар анхаарал тавихгүй байна. Дээр нь, алийн болгон ядуу иргэд гэж ярих юм бэ. Яагаад, төрөөс ямар ч тусламж дэмжлэг авдаггүй, өөрийнхөө хүчээр амьдарч буй иргэдэд зориулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж болдоггүй юм бэ" гэв. Монголын барилгачдын холбооны дарга М.Батбаатар "Сүүлийн 20 жил барилгын салбар нэг унаж, нэг дээшилсээр л явна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр олон хүн ажилтай болж, үндэсний гэх тодотголтой олон компанид ажлын байр бий болгоно. Гэхдээ хөтөлбөрийг яаж санхүүжүүлэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Гадуур ярих нь, үнэт цаас, хоёрдогч зах зээлээс босгоно гэх юм. Тодорхойгүй мэдээл-лээ тодорхой болгомоор байна" гэв. Харин Монголын Барилгын материалын үйлдвэрлэлийн холбооны тэргүүн н.Түмэнжаргал "Бизнес орчинг сайжруулах хэрэгтэй байна. Дээр нь барилгын ажлын явцад хяналтын зөвлөл гэж байгуулмаар байна.Тэгэхгүй бол барилгын чанар хаягдах магадлалтай шүү" гэдгийг сануулав.

Энэ үеэр барилгын компаниудыг төлөөлж "Чулуун өргөө" компанийн захирал Ү.Банди "Төрөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж буй хөтөлбөр учраас үндэсний үйлдвэрлэлээ бүрэн утгаар дэмжмээр байна. Монгол залуус ажилладаг, монгол үндэсний бүтээгдэхүүн хэрэглэдэг, монгол барилгын компани. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр хэрэгжих сургаар барилгын материалын үнэ өсөөд эхэлчихлээ. Саяхан л тонн нь сая төгрөг байсан арматур өнөөдөр сая 400 мянган төгрөг гэж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүрээнд дотооддоо үйлдвэрлэж байгаа барилгын материалаа 100 хувь хэрэглэж, импортыг хаамаар байна" гэв. Үүнд бухимдсан уу, барилгын материал импортлогч "Сутай сарьдаг" компанийн захирал н.Дүгэржав "Барилга угсралтын компанийн захирлуудад хандаж хэлэхэд барилгын материал импортлогч компаниуд үнэ нэмээгүй байгаа шүү. Харин ч буурч байгаа" гэв. Харин "ХГС" компанийн захирал н.Цэрэндорж "Энд тендерийг онцгойлж яримаар байна. Хамгийн хямд үнэ санал болгоно гэсэн заалтын дагуу хямдхан, чанаргүй материалаар баригдсан зүйл их боллоо. Энэ зөв үү. Хүн амьдруулах гэж байгаа бол аюулгүй байдлыг хангах хэрэгтэй биз дээ" хэмээн гомдоллоод авав. Энэ үеэр Гавьяат барилгачин Дүгэржав гуай "Энд байгаа компанийн захирлууд бүгд монгол залуучуудаа дэмжинэ гэж ярихгүй байна. 1950 оны барилгын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Монгол Улс 90 мянган ажилчин бэлтгэж байсан. Өнөөдөр үхэж, үрэгдээд цөөн хэдхэн мэргэжилтэн л үлдэж. Бидэнд байшин барьж байсан туршлага бий. Энэ ч үүднээс шаардлагатай боловсон хүчнээ бэлтгэн, барилгын компаниудад боловсон хүчнийг нь өгөх ёстой" хэмээв.

Монголын Барилгачдын Үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Гомбо "Бид сүүлийн 10 гаруй жил хятадуудаар барилгаа бариуллаа. Тэгэхдээ өвөл, зунгүй барилга барьж байгаа ч өнөөх стандарт шаардлагыг нь хангасан барилга хэр олон байгаад эргэлзэх юм. Монгол залуучуудаа ажлын байртай болгоё гэж байгаа л бол Засгийн газраас гадаад ажилчдын квотоо багасгаж, зогсоох биз. Барилгын салбарт. Дээр нь, хөдөлмөрийн аюулгүй байдлыг анхаармаар байна шүү нөхөд өө" хэмээн сануулсан. Үг хэлэх боломжийг авсан үйлдвэрлэгчдийг төлөөлж, Налайхын цементийн үйлдвэрийн захирал Эрдэнэчулуун "Манайх налайхын төмөр замыг түшиглэж байгуулагдан ажиллаад есөн жил болж байна. Шинээр баригдах оюутны хотхон, барилгын материалын төрөл бүрийн үйлдвэрлэл тэнд төвлөрсөн байдаг. Иймд бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө хуучин төмөр замыг нь сэргээж болох уу" гэсэн  гуйлтаа уламжлав.

 

Монгол Улсын ерөнхий сайд их ажлынхаа хажуугаар салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байгаа учраас хүн бүрийн үгийг сонсох цаг хомс хэмээгээд цөөн хүний үгийг сонссон юм. Тэрээр "Компанийн удирдлагуудад талархаад гаалиар орж ирэх барилгын материалд шууд татаас, хөнгөлөлт үзүүлэх боломжгүй. Манай улс дэлхийн 170 гаруй оронтой худалдаа хийдэг. Гэрээ, хэлэлцээрийн төвшинд импортоор орж ирж байгаа бараанд шууд хаалт хийх хүнд. Харин татварын хэмжээгээр импортыг хааж болно. Мөн энэ олон холбоод нэгдэж, зангидсан гар шиг болох хэрэгтэй. Ингэмээр, тэгмээр байна гэж төлөвлөгөөгүй ярьж болохгүй. Асуудалд бодитой хандах хэрэгтэй. Манай улстөрчдийн хийрхэл өнөөдөр бүхий л салбарт халдварлаж"хэмээн хатуухан хэлэв.

Ямар  ч  гэсэн Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч, барилгын компанийн удирдлагуудын асуудал болгон тавиад буй орон сууцны зээлийн жилийн зургаан хувийн хүүний талаар судалгаа хийж байгаа гэнэ. Түүнчлэн ЗТБХБЯ-наас барилгын салбарт 54695 ажлын байр гарна гэсэн урьдчилсан дүн гарч, шаардлага хангах боловсон хүчинг бэлтгэхэд БСШУЯ, МСҮТ-үүд хамтран ажиллахаар болсон. Монгол Улсын Ерөнхий сайд энд яригдсан барилгын материалын үйлдвэрлэл чанар, үнэ стандартыг анхааралдаа авна хэмээгээд компанийн захирлуудад хэлэх үг байгааг ойлгож байгаа ч олгой хагаравч тогоондоо гэгчээр "проблем"-аа салбарынхаа хүрээнд ярилцаж шийдэхийг зөвлөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.