Х.Баттулга: Шинэ онгоц худалдан авахаар гэрээ хэлцэл хийж эхэлсэн
2011.03.15

Х.Баттулга: Шинэ онгоц худалдан авахаар гэрээ хэлцэл хийж эхэлсэн

Япон улсад манай улсын 5370 монгол иргэн ажиллаж, амьдардаг. Тэдгээрийн 200 орчим нь гамшиг болсон Японы Мияги, Иватте мужид байгаа аж. Монгол Улсын Засгийн газар гамшгийн бүс нутгаас иргэдээ авч ирэх шийдвэр гаргасан. Энэ талаар болон «100 мянган айлын орон сууц хөтөлбөр»-ийн талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас тодруулсан юм.


-Японд байгаа иргэдээ хоёр ч удаа агаарын тээврээр авч ирлээ. Цаашид хэдэн хүнийг авч ирэх боломжтой вэ?

-Яг тэдэн хүн авч ирнэ гэсэн тооцоо алга. Гамшгийн бүс нутагт байгаа монгол иргэдээ авч ирэхийн хувьд авч ирнэ. Одоо японд гамшгийн нөхцөл байдал ямар байгааг тодорхойлох нь чухал байна. Япон руу хуваарийн дагуу долоо хоногт хоёр удаа нислэг хийдэг. Өнөөдөр /өчигдөр/, баасан гарагт нислэгтэй. Одоо хуваарийн дагуу нислэгүүд ниснэ. Яг тэр гамшгийн бүсэд манай улсын 90-ээд иргэн байна гэсэн мэдээлэл бий. Эдгээр хүмүүсийг эх орондоо авч ирэх зардлыг Монгол Улсын Засгийн газар хариуцахаар үүрэг өгөгдсөн. Тэдгээр иргэдтэйгээ Японд суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Монгол Улсын гадаад харилцааны яам холбоо барьж автобус явуулсан. Гамшгийн бүс нутгаас гарсан тохиолдолд наашаа ирэх онгоцны асуудал яригдах байх. Манай хэвлэл мэдээллийнхэн хоорондоо өрсөлдөж аль болох сенсацитаи мэдээлэл цацах гэсэн биш хүмүүсийг сандаргах юм. Японы Элчин сайдтай уулзахад энэ байдлыг гайхаж байна билээ. Бусад улс орнууд иргэдээ татаагүй байхад танайх ингэж татаж байна. Энэ байдал дээрээ анхаараач ээ гэж хэлсэн.

-ОХУ гэхэд Курилын арлаас 11 мянган иргэнээ татаж эхэллээ гэсэн мэдээлэл цацагдаж байна?

-ОХУ Курилын арлаас иргэдээ асар том усан онгоцоор татаад авчихна. Манайхаас 5000 гаруй монгол иргэд Японд байгаа. Гэхдээ Япон даяар газар хөдөлчихсөн юм биш шүү дээ. Амьдралаа залгуулж ажиллаж сурч байгаа иргэдээ бүгдийг нь эх орондоо авч ирэх нь утгагүй юм.

-Цаашид шинэ онгоц авах уу?

-Шинэ онгоц авах ёстой. Шинэ онгоц авах тухай асуудал хол сонсогдож байгаа ч гэсэн зайлшгүй авах шаардлагатай байна. Онгоц өндөр үнэтэй учраас элдэв хэл ам их гардаг. Онгоц авах тухай хэлэлцээрүүд хийгдээд эхэлчихсэн.

-Орон сууцны зээлийн хүүг бууруулах асуудлаар ажлын хэсэг хуралдлаа. Ямар чиглэл өгөв?

-Орон сууцыг иргэдэд зээлээр өгөхөд хүү хамгийн чухал. Зээлийн жилийн хүүг зургаан хувьд хүргэе гэсэн чиглэлийг өмнө нь өгсөн. Сая хуралдсан хурлаар Монгол банк, арилжааны банкнууд хувилбаруудаа танилцуулсан. Маргааш зээлийн хүүг хэд байх вэ гэдэг дээр тохиролцоонд хүрнэ.

-4000 айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд квотыг зөвхөн төрийн албан хаагчдад олгож байгаа. Хувийнхэвшлийнхнийг хамруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ квот 140 мянган төрийн албан хаагчдад хамаарна. Эдгээрийн 70-80 хувь нь орон сууц хүсэж байгаа юм. 4000 квот гэдэг бол дэндүү бага тоо. Энэ квот дуусаагүй байгаа. Ер нь тодорхой орлоготой хүмүүс орон сууцанд орох ёстой.

-Квотыг байхгүй болгох арга бий юу?

-Квот байхгүй болох боломжтой. Барилгын салбараа 2009 оны хямралаас гаргахын тулд бэлэн болоод баригдчихсан барилгадаа тааруулан 4000 квот тогтоосон. Баригдаад дуусчихсан 10 мянган орон сууц байсан бол 10 мянган квотыг гаргаж болно. 4000 гэдэг тоо бол баригдаад борлогдож болохоор тоо хэмжээ юм. Энэ тоог барилгын холбоо бидэнд өгсөн болохоос биш, зүгээр нэг энэ тоог гаргаагүй юм шүү.

-Зээлийн хүүг бууруулахын тулд зөрүүг нь төсөвт суулгана гэсэн асуудал яригдсан?

-Бусад орны туршлагыг харахад нийт иргэдээ хамарсан бодлогыг улсын татаасаар дэмждэг. Зээлийн хүүг зургаан хувь болгохын тулд тодорхой хувь хэмжээг нь төр хариуцах ёстой юм.

-Хэдий хэмжээний мөнгө шаардагдах бол?

-Орон сууцны хөтөлбөрөөс л шалтгаална. Том хөтөлбөрт , их хэмжээний мөнгө гарна. Үүнийг төр төлөх ёстой. Засгийн газрын шийдвэр гарсны дараа аж ахуйн нэгжүүдийн татварын мөнгийг үүнд зарцуулна. Хөтөлбөрийг энэ хавраас эхлүүлэхээр ажиллаж байгаа.

 

Ю.Гэрэлтуяа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.