“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн барилгын ажил 2013-2016 онд өрнөхөөр төлөвлөжээ
2011.03.10

“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн барилгын ажил 2013-2016 онд өрнөхөөр төлөвлөжээ

1990 оноос зогсонги байдалд орсон орон сууцжуулах ажил энэ жилээс "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн ачаар эрчимжих гэж байгаа. 2011-2035 он хүртэл хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын 75 мянга нь Улаанбаатар хотод, Зүүн, Баруун, Хангайн бүсэд тус бүр 5000, Төвийн бүсэд 10 мянган айлыг орон сууцжуулахаар болсон. Харин ус, дулаан цахилгаанаар 100 мянган айлын хэрэглээг хангаж чадах уу гэдэг нь ажлын хэсгийнхний санааг зовоож буй. Тиймээс хөтөлбөр хэрэгжихэд хүндрэл бэрхшээл байгаа эсэх талаар Шадар сайд М.Энхболд, НЗДТГ, ЗТБХБЯ болон холбогдох албаны хүмүүс хөтөлбөртэй холбоотой асуудлаар хэлэлцсэн юм. 2011-2012 онд хөтөлбөрийн бэлтгэл нь хангагдаж, 2013-2016 онд барилгажилтын оргил үе, 2016-2035 онд иргэд орон сууцны зээлд хамрагдаж төлж дууссан байна гэж үзэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорилт тавиад байгаа аж. Гэхдээ хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулан 35 хууль, 360 стандарт, 120 норм батлах шаардлагатай гэдгийг албаныхан дуулгаж байв.

Түүнчлэн хөтөлбөрөөр дан ганц орон сууцжуулахаас гадна дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай гэдгийг ярьж байв. Хэдийгээр өнөөгийн төвшинд барилгын боловсон хүчин бэлтгэж байгаа ч бүтээн байгуулалтын ажил эхлэхээр дутагдаж болзошгүй гэдгийг анхааруулж байлаа. Харин хөтөлбөрийг яаж санхүүжүүлэн, саадгүйгээр орон сууцнуудаа сүндэрлүүлэх талаар ЗТБХБЯ-ны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт барилга захиалагчийн албаны дарга Б.Чинтулга "100 мянган айлыг орон сууцжуулахдаа урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох нь хөтөлбөрийн зорилго. Аль ч салбараа хөгжүүлэх, дэмжих зорилготой болохоор хөтөлбөр хэрэгжсэнээр дэд ажлуудын хүрээнд ажилгүй иргэд ажилтай болно. Моргейжийн хууль хэрэгжин, Засгаас хөрөнгө оруулалтыг нь оруулбал жилдээ 6-8 хувийн хүүтэй орон сууцны зээлд иргэд хамрагдах бүрэн боломжтой. Барилга баригдахаар эхний ээлжид дунд орлоготой иргэд хамрагдана.

Дөрвөн ам бүлтэй айл сардаа 300-400 мянган төгрөг төлнө гэж судалгаагаар гарсан. Бүтээн байгуулалтын хугацаанд Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагаар дамжуулж гадаадаас зээл авна" гэв. Урд хөршийн нэгэн компани хөрөнгө оруулж болох ч уул уурхайн бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлбэл болно гэсэн санал тавиад байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатар "Хөтөлбөр хэрэгжүүлэхдээ, эхний ээлжид газрын харилцааны асуудлыг шийдэх хэрэгтэй. Бидэнд гашуун туршлага байна шүү дээ. Замын трасст орсон айл л нүүхгүй гээд эсвэл 4x6 харьцаатай хашаанд хэдэн саяар байшин барьсан. 40 сая төгрөг нэхэж байсан. Тэгэхээр олонхын эрх ашиг гээд албадан нүүлгэх үү, нэхсэн мөнгийг нь өгөх үү. Уг нь, Газрын тухай хуулийн 46-д төр иргэн тохиролцоно гээд заачихсан байдаг. Гэхдээ яг яаж тохиролцох юм бэ гэдгийг нь заагаагүй. Эхлээд газрын харилцааг зохицуулмаар байна" гэв.

Харин Улаанбаатар дулааны шугам сүлжээ компанийн захирал Б.Бямба-Очир "Танилцуулгыг сонсож байхад хөтөлбөр хурдан хэрэгжихээр юм ярьж байна. Гэхдээ дэд бүтцийн нэгдсэн бодлого гэж алга. 1990 оноос хойш дулаан, ус, эрчим хүчний зураг төслийг тус тусдаа хийдгээс өнөөдөр нэгийг нь хийсний дараа нөгөөг нь хийдэг болчхоод байна. Хуучин барилгын зургийн институт гэж байсныг татан буулгаснаар чадалтай инженерүүд нь бүгд хувийн компани байгуулаад гарчихсан. Тендер зарлалаа гэдэг. Нуулгүй хэлэхэд, гэртээ л хийж байгаа шүү дээ. Зураг төслийн хүрээлэнг сэргээж байгуулмаар байна.

 Нөгөөтэйгүүр,ДЦС-5 байгуулчхаар л гэр хорооллыг орон сууцжуулахад асуудалгүй мэт ярьж байна. Дэд бүтцээсээ хол Баянхошуу, Толгойт, Хайлаастыг яах вэ. Тэндэхийг орон сууцжуултал эрчим хүчний бичил эх үүсвэр байгуулах хэрэгтэй гэж бодож байна" хэмээн саналаа хэллээ. Эрчим хүчнийхний хувьд эрчим хүчээр найдвартай хангаж чадна гэдгээ амлаад мөн л газрын асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байв. Учир нь, зөвхөн гэр хорооллын дунд л дэд станц байгуулъя гэхээр аль хэдийнэ өмчилсөн газарт сул газар байдаггүйгээс хойшилдог" гэв. ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас яагаад хөтөлбөр удаашралтай байгаа талаар тодруулахад "Ний нуугүй хэлэхэд манай зарим сайд нар идэвхгүй байгаа. Ийм байвал удааширна шүү дээ. Агаар, хөрсний бохирдол, гэмт хэрэг, ажилгүйдэл гээд гэр хорооллыг орон сууцжуулах зайлшгүй шаардлага гарч байна. Бид уул уурхайгаасаа хөрөнгө босгож болно. Сингапур гэхэд л сая айлын орон сууцны хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн. Бид бусдаас юугаар дутах вэ. Гол нь нэгэн сэтгэлээр зүтгэвэл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадна" гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.