М.Энхболд: Нэг барилга барихын тулд 118 гарын үсэг цуглуулдаг байсныг 56 болгож цөөллөө
Иргэд бизнес эрхлэхэд олон бэрхшээл, хүнд сурталтай тулгардаг. Нэг бизнес эрхлэхийн тулд албан тушаалтнуудын гарын үсэг цуглуулах гэж 480 хоног гүйдэг байсан бол одоо 180 хоног зарцуулахаар болжээ. Мөн 337 зөвшөөрөл цуглуулах шаардлагатай байсныг 101 зөвшөөрлийг хүчингүй болгосон юм. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой ярилцлаа.
-Хүнд суртал ихтэй, шалгалт их давхарддаг гээд мэргэжлийн хяналтын байгууллагад иргэд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Өнгөрсөн онд Засгийн газраас энэ байдлыг арилгахаар олон зөвшөөрөл, гарын үсгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Засгийн газраас 2010 оныг "Бизнесийн орчны шинэтгэлийн жил" болгон зарласны дагуу Ерөнхий сайд С.Батболд захирамж гаргаж Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж боловсронгуй болгох асуудлыг судлан боловсруулах Ажлын хэсгийг надаар ахлуулан байгуул-сан. Ажлын хэсэг 11 яам, 25 агентлагаас ирүүлсэн 337 зөвшөөрлөөс 101 зөвшөөрлийг хүчингүй болгуулж, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Ингэхдээ бид аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн саналыг ч авсан гэдгийг хэлье. Энэ бол бизнес эрхлэхийг дэмжсэн, "Бизнесийн орчны шинэтгэлийн жил"-ийн хүрээнд хийсэн томоохон ажлын нэг. Бизнес эрхлэгчид ч ам сайтай байна.
-Иргэд нэг бизнес эхлүүлэхийн тулд олон шат дамжлага туулдаг, хүнд суртал их дагуулдаг. Энэ байдлыг цэгцэлсэн жишээ юу байна вэ?
-Ганцхан жишээ хэлэхэд нэг барилга барьж ашиглалтад оруулахын тулд 118 албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг байсныг 56 болгож цөөллөө. Энэ нь гарын үсэг зуруулахад зарцуулж байсан 480 гаруй хоногийг 180 орчим хоног болгосон нь шат дамжлага, цаг хугацаа хэмнэж, энэ хэрээр хүнд суртал ч арилж байна. Үүний зэрэгцээ Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлууллаа. Ингэснээр мэргэжлийн хяналтын салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлж, бизнес эрхлэх таатай орчныг дэмжсэн, хөгжил дэвшлийн хөшүүрэг болсон олон улсын жишиг, хандлагад нийцсэн хяналтын шинэ тогтолцоо, менежментийг бий болгон хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. Эрсдэлд суурилсан хяналт шалгалт, "Хяналтын хуудас"-ыг шалгалтад нэвтрүүлнэ. Энгийнээр хэлэхэд өмнө нь хэн нэгэн байцаагч аж ахуйн нэгжид очиж лабораторийн дээж авах нэрийдлээр бүтээгдэхүүнээс нь хүссэн хэмжээгээрээ авдаг тохиолдол цөөнгүй гардаг байлаа. Хуульд өөрчлөлт оруулснаар үүнийг хааж, бүтээгдэхүүнээс дээж авахын тулд тухайн аж ахуйн нэгжид мөнгө төлнө гээд олон нааштай зүйлийг хуульд тусгасан. Мөн байгууллага дээр. шууд очиж гэнэтийн шалгалт хийдэг байсан. Шинэ хуулиар үүнийг хориглосон байгаа.
-Тэгэхээр тухайн байгууллагад урьдчилан мэдэгдэж байж шалгана гэсэн үг үү. Гэнэтийн шалгалт хийвэл зөрчил дутагдал нь илрэх юм биш үү?
-Тодорхой төлөвлөгөөт шалгалтыг хийхдээ тав хоногийн өмнө тухайн байгууллагын удирдлагуудтай уулзаж шалгана гэдгээ хэлэх ёстой.Ямар нэгэн гомдол санал ирээд, тэрийг үндэслэлтэй гэж үзэн гэнэтийн шалгалт хийх болбол тухайн байгууллагад хоёр хоногийн өмнө мэдэгдэнэ. Түүнчлэн, өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгax гэж буй бол мөн л хоёр хоногийн өмнө шалгах тухайгаа мэдэгдэх ёстой. Тиймээс улсын байцаагч нар дуртай үедээ дуртай байгууллага дээрээ очиж дур зоргоороо шалгадаг байдал хязгаарлагдана. Шалгалтын хугацаа дээд тал нь 15 хоног. 10 хоног, тав хоногийн дотор шалгаж дуусах ёстой. Байцаагч шалгалтаа хийж дуусаад даргадаа танилцуулж шалгалтын тухай мэдээллээ 10 хоногийн дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цахим сайтад тавина. Шалгалтын тайлан, акт бүх баримтыг хоёр хувь үйлдэж шалгасан байгууллагадаа нэгийг үлдээх ёстой. Дараа нь тэр шалгалттай холбоотой гомдол санал, ямар нэгэн асуудал гарвал шалгуулсан байгууллагад үлдсэн хувийг өөрийнхтэйгөө харьцуулж үзэж болно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог зөвшөөрлийн шинжтэй баримт бичиг, тухайлбал аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд өгдөг импортын мэдэгдлийг ажлын 1-3 хоногт багтаадаг болсон, барилга угсралтын чиглэлээр найман гарын үсэг зурж байсныг дөрөв болгосон, зарим эрх үүргийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн зэрэг олон арга хэмжээ нь бизнес эрхлэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар (шуурхай байдлыг дээшлүүлэх, гадаад худалдаа, бизнесийн хяналтыг хөнгөвчлөхөд ихээхэн үр дүнтэй боллоо.