Сэтгүүлчдийн дунд уралдаан зарлалаа
Авлигын эсрэг Улсын Их Хурлын гишүүдийн бүлгээс Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн дунд "Сонирхлын зөрчил Монгол Улсад" сэдвээр нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сэтгүүлчдийн дунд зарласан уг уралдаанд ирүүлэх бүтээл нь олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой, сонирхлын зөрчлийн талаар бодит баримтад тулгуурлаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнгө аяс, чиглэлээр бичигдсэн нийтлэл, нэвтрүүлэг байхаар заажээ. Дээрх нийтлэл, нэвтрүүлгүүд нь аль нэг сонин, мэдээллийн веб сайтад нийтлэгдсэн, телевизээр цацагдсан байх бөгөөд бүтээлийг хэвлэмэл болон цацагдсан телевизийн нэвтрүүлгийн бичлэгийн хэлбэрээр 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Авлигын эсрэг Улсын Их Хурлын гишүүдийн бүлэгт ирүүлэх юм байна. Шагналын санг 2 сая төгрөгт багтаан байр эзлүүлж, шалгарсан бүтээлд дараах мөнгөн шагналыг олгохоор шийдвэрлэжээ.
Үүнд: Нийтлэл: Тэргүүн байр 1 хүн 500 000 төгрөг, Дэд байр 1 хүн 300 000 төгрөг, Тусгай байр 2 хүн 100 000 төгрөг, Нэвтрүүлэг: Тэргүүн байр 1 хүн 500 000 төгрөг, Дэд байр 1 хүн 300 000 төгрөг, Тусгай байр 2 хүн 100 000 төгрөг. Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 262569, 50106099 дугаарын утсаар авах болсноо сэтгүүлчдэд мэдээллээ.