Биржээр арилжаалах нүүрсний үнийг индексжүүлэхэд 1 сая тонн нүүрсний захиалга иржээ
2025.03.24

Биржээр арилжаалах нүүрсний үнийг индексжүүлэхэд 1 сая тонн нүүрсний захиалга иржээ

3 дугаар сарын 21-ний өдөр Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Богино хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллалаа.

Гашуунсухайт-Ганцмодны боомтоор Монгол Улсын нүүрсний экспортын 50-55 хувь, зэсийн баяжмалын экспортын 55-60 хувь нь экспортлогддог. Өнгөрсөн онд тус хилийн боомтоор 39.4 сая тонн нүүрс экспортолсон бол энэ оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 7.4 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,4 хувиар буурчээ. Харин зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн онтой харьцуулахад 41 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа хэвийн, тээвэрлэлтэд асуудал үүсээгүй бөгөөд өдөрт 1000 гаруй нүүрс тээврийн автомашин хилээр гарч байна. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн уналтаас үүдэн хилийн татан авалт дагаж буурсан.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт-Ганцмодны боомтын талбайд 8 орчим сая тонн нүүрсний үлдэгдэл байна. Иймээс 3-р сарын 18-аас биржээр арилжаалах нүүрсний үнийг индексжүүлсэн. Үүнээс хойш 1 сая тонн нүүрсний захиалга иржээ.