Б.Бат-Эрдэнэ: Хаалттай хуралдааны талаар дэлгэрэнгүй ярих бололцоо  алга
2010.10.14

Б.Бат-Эрдэнэ: Хаалттай хуралдааны талаар дэлгэрэнгүй ярих бололцоо алга


УИХ-ын Хуу
ль зүйн байнгын хороо өчигдөр үдээс өмнө хуралдав. АТГ-ын дарга нарын асуудлыг хэлэлцэнэ гээд сэтгүүлчдийг танхимд нэвтрүүлэхийг хориглож үүдэндээхаруул зогсоосон байв. Өнгөрсөн пүрэв гарагиин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга нарын асуудлыг хэлэлцэх байсан ч байнгын хороо бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг нууцаар санал хурааж шийдвэр гаргасан нь УИХ-ын Дэгийн тухайхууль болон Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна хэмээн буцааж дахин хэлэлцэх үүрэг өгсөн билээ. Түүний дагуу дээрх байнгын хороо хуралдсан хэрэг. Хуралдаан өндөрлөсний дараа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс хэвлэлийнхэн зарим зүйлийг тодрууллаа.
-Хууль зүйн байнгын хорооноос ямар шийдвэр гаргав?

-Та бүхэн мэдэж байгаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр АН-ын бүлгээс Байнгын хорооны хурлаар АТГ-ын дарга нарын асуудлын талаар нууцаар санал хураасан нь хуультай зөрчилдөж байна гэж мэдэгдсэн. Тиймээс УИХ-ын дарга Д. Дэмбэрэл "Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтэс, энэ асуудлыг  тавиад байгаа АН-ын бүлэг саналаа нэгтгээд оруулж ир" гэсэн чиглэл өгсөн юм. Тиймээс өнөөдөр /өчигдөр/ байнгын хороогоор асуудлыг оруулж дахин хэлэлцлээ. Миний хувьд энэ асуудлыг хурдан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. АТГ-ын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг илээр санал хураалт явуулж шийдвэр гаргах горимын санал гаргасан. Гэвч санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Тиймээс өнгөрсөн долоо хоногт гаргасан байнгын хорооны шийдвэр хэвээрээ үлдлээ гэсэн үг.

-Хуралд хэдэн гишүүн оролцсон бэ. Хэд нь илээр санал хураахыг дэмжээгүй юм бэ?

-Манай байнгын хороо 20 гишүүнтэй. Өнөөдрийн хуралдаанд 14 нь л оролцсон. Таван гишүүн илээр санал хураахыг дэмжээд бусад нь дэмжээгүй.

-Нууцаар санал хураалт явуулах нь УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа. Мөн УИХ-ын Тамгын газрын хуульч эмэгтэй Үндсэн хуулийн заалттай ч харшилж байна гэсэн тайлбар хийсэн байхад танай байнгын хорооны гишүүд яагаад алдаагаа засахгүй гэж гүрийгээд байгаа юм бэ?

-Асуудлыг тал талаасаа ярилцаж байгаад олонхоороо шийддэг зарчимтай. Тэгэхээр АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокуророос тавьсан саналыг нууцаар санал хурааж шийдвэрлэсэн нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн, зөрчөөгүй гэх маргаан дагуулсан. Маргаж байхаар үндсэн асуудлаа шийдэх нь чухал байна. АН-ын бүлэг УИХ-аас томилогддог байгууллагын албан тушаалтныг томилох, чөлөөлөхтэй холбогдуулан Дэгийн тухай хуулийн 45.2 дугаар заалтыг зөрчсөн гээд байгаа. УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсээс 2000 онд хэл ам дагуулан өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн 27.6 заалттай зөрчилдөж байгаа гэсэн тайлбар хийнэ лээ. Засгийн газрын гишүүнийг томилохтой холбоотой тэр заалт нь одоо ч маргаантай байгаа. Гэхдээ ингэж эрх зүйн маргааныг өрнүүлэхээсээ илүү хойшлогдоод байгаа асуудлаа хурдхан шийдэх хэрэгтэй гэж бодож байна.

-АТГ-ын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг яагаад илээр санал хураачихаж болохгүй байгаа юм. Цаана ньямар нэгэн шалтгаан байгаа юм уу?

-Энэ асуудал нь эрх зүйн талаасаа маргаантай гэж би сая хэллээ шүү дээ. Гишүүдийн олонхи л ингэж шийдлээ. Хаалттай хуралдааны талаар дэлгэрэнгүй ярих бололцоо алга аа.

-Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь МАХН-ын гишүүд. Намаас үүрэг өгөөд байгаа юм биш үү?

-Эрх зүйн гэхээс гадна улс төрийн өнгө аяс байгаа гээд хэвлэл мэдээллийнхэн та нар дүгнээд байгаа биз дээ.

-Таныг хэрхэн дүгнэж байгааг л сонирхсон юм?

-Эхнээсээ л улс төрийн нөлөөтэй толины тусгал яваад байгаа биз дээ. Зохиосон, найруулсан жүжиг, киноныхоо нэгдүгээр ангиас нь тасалж хаяад гуравдугаар ангийг дэглэдэг зүйл улс төрд тогтчихоод байгаа нь нууц биш. Энэ жүжгийг хэн эхнээс нь найруулж дэглэх болсныг та нар мэдэж байгаа байлгүй.

-Хууль зүйн байнгын хороонд голдуу хуульч нар байдаг. Хуульчид хуулиа мөрдөхгүй бол олон нийт яах болж байна?

-Хууль зүйн байнгын хороонд парламентад олон удаа сонгогдсон, Хууль зүйн сайд байсан, Хууль зүйн дээд сургуулиудад багшилж судалгаа хийж байсан туршлагатай хуульч гишүүд байгаа. Манай байнгын хороо хууль эрх зүйн талаас нь л нягталж үздэг. Тэр жишгээрээ ажиллаж байна.

-АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нь МАХН-ын угшилтай гэдэг. Тиймээс энэ хүнийг УИХ дахь МАХН-ын бүлэг хаацайлж үлдээх гээд байгаа юм биш үү?

-Намын зүгээс хаацайлж байгаа зүйл байхгүй ээ. АТГ-ын дарга нарыг гэмт хэрэгт холбоотой юу, үгүй юу, нотлох баримт байна уу гээд нарийн ширийн зүйлийн талаар ярих гээд байгаа юм биш. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү, үгүй юу гэдгийг л шийдэх гэж байна. Энэ асуудал сөхөгдсөн цагаас эхлээд УИХ-ын гишүүдэд АТГ-ын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх итгэл үнэмшил төрөхгүй байгаа юм. Улс төрийн өнгө аясаар асуудлыг босгосон учир ингэж хандаж байгаа байх.

-Ер нь танай байнгын хороо энэ асуудлыг заавал Тусгай хяналтын дэд хороо руу шилжүүлж цаг алдах шаардлага байсан юм уу. Тэгээд ч энэ дэд хорооноос гаргасан "Авлигатай тэмцэх газрын дарга нар Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчжээ" гэсэн дүгнэлтийг хүлээж авсангүй шүү дээ?

-УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо дүгнэлтээ гаргах ёстой. Түүнийг нь УИХ-н Хууль зүйн байнгын хороо харзнахаас аргагүй. Яагаад гэвэл хуульд Гүйцэтгэх ажлын хууль тогтоомжтой асуудлыг УИХ-ын тусгай хяналтын дэд хороогоор авч үзнэ гээд заасан байдаг.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.