2010.07.08

Б.Бат-Эрдэнэ: Улс төрийн зорилго байхгүй гэж найдаж байна

Хууль зүйн байнгын хорооны дарга Б.БАТ-ЭРДЭНЭЭС зарим асуултад хариулт авлаа.

-Байнгын хорооны хаалттай хуралдаанаар АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай хэлэлцлээ. Ямар шийдэлд хүрэв?

-Улсын ерөнхий прокурор АТГ-ын дарга, орлогч дарга нарыг албан тушаалаас нь түтгэлзүүлэх тухай саналаа УИХ-д ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар УЕП-ын танилцуулгыг сонслоо. Хуралдааныг цаашид үргэлжлүүлж, зарим асуудлыг тодруулах, нэмж материал авах шаардлага гарсан.

-Энэ асуудлыг яагаад маш нууцын зэрэглэлд оруулж, хуралдааныг хаалттай хийж байгаа юм бол. Авлигын асуудал харин ч ил тод байх ёстой юм биш үү?

-Тухайн асуудлыг оруулж ирж байгаа байгууллага ямар зэрэглэлтэй байхыг тогтоож өгдөг. Маш нууцын зэрэглэлтэй орж ирсэн асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэх ёстой.

-АТГ-ын даргад ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа юм бол?

-Прокуророос хоёр үндэслэл оруулж ирсэн. Эхнийх нь төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, нөгөө нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэл. Энэ асуудлыг УЕП, Тагнуулын ерөнхий газар хамтраад ажлын хэсэг гаргаж шалгаж байгаа.

-Хэрэв үндэслэл хангалтгүй гэж үзэх юм бол Хууль зүйн байнгын хороо асуудлыг буцааж болох уу. Түдгэлзүүлэхгүй байх үндэслэл байгаа юу?

-Асуудал яаж эргэхийг одоогоор хэлж мэдэхгүй. Асуудлыг хуулийн хүрээнд л шийдэх учиртай.

-Байнгын хорооноос албан тушаалаас нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргавал орны хүнийг хэд хоногийн дотор томилох ёстой вэ?

-Тэр бол дараагийн асуудал. Эхлээд оруулж ирсэн асуудлыг хугацаанд нь хэлэлцэх ёстой. Нөгөө талаас АТГ-аас прокурорын байгууллагын тухай бичиг ирүүлсэн байгаа. УИХ-аас дээрх хоёр асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг үүрэг болгосон. Аль аль нь нууцын зэрэглэлтэй асуудал байгаа юм.

-Заавал албан тушаалаас нь түдгэлзүүлж байж шалгах ямар үндэслэл байсан юм бол. Албан тушаалаа гүйцэтгэж байх үед нь шалгаж болоогүй юм болов уу?

-АТГ-ын дарга, орлогчийн асуудлыг хэлэлцэхийн тулд УИХ-аас зөвшөөрөл авна гэж Авлигын тухай хуульд тодорхой заасан. АТГ-ын ажилтнуудыг шалгахдаа АТГ-ын даргаас зөвшөөрөл авдаг.

-АТГ, УЕП-ын хооронд улс төрийн шалтгаанаар зөрчил үүссэн гэж үзэх хүн цөөнгүй байгаа. Хууль зүйн байнгын хороо юу гэж үзэж байгаа вэ?

-Төрийн тусгай байгууллагууд, тангараг ергөсөн тусгай чиг үүрэгтэй албан тушаалтнууд төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж хуулийн хүрээнд ажиллах ёстой. Ямар нэг улс төрийн зорилго байхгүй гэж найдаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.