2010.07.02

Б.Бат-Эрдэнэ: Хууль буруу тайлбарлаж, саад учруулаагүй шүү ПРОКУРОРОО

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хандаж албан бичиг хүргүүлжээ.Уг албан бичигт "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг Хуульзүйн байнгын хороо шийдвэрлэхгүй байгаа тухай Танай албан бичигтэй танилцаад дараахь тайлбарыг дахин хүргүүлж байна. 2010 оны МН/12 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг Хуульзүйн байнгын хороо энэ сарын 9, 14-ний өдрүүдэд хэлэлцээд гаргасан шийдвэрээ Байнгын хорооны албан бичгээр хүргүүлсэн.

Уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын ерөнхий прокурорын танилцуулгыг сонсч, хэлэлцэж байгаа асуудлын талаар Байнгын хорооны гишүүдийг дэлгэрэнгүй мэдээлэлтэй болгох, асуудлыг улстөржүүлэлгүйгээр нухацтай хэлэлцэн шийдвэр гаргах үүднээс танилцуулгын дараа Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг тус тусад нь байлцуулж мэдээлэл авсан.

АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д ирүүлсэн саналтай холбогдуулж ирүүлсэн материал, Байнгын хорооны хуралдаанд мэдээлж байсан эрх бүхий албан тушаалтнуудын тайлбараас үзэхэд асуудал тодорхойгүй байсны зэрэгцээ хууль хэрэглэсэн болон хуулийн хэрэгжилтийн талаар зарим эрх бүхий байгууллагын дүгнэлтийг сонсох гүйгээр УИХ-аас томилогдсон албан тушаалтнуудын бүрэн эрхийг шууд түдгэлзүүлэх нь Авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг сулруулах сөрөг талтай гэж Байнгын хорооны гишүүд үзсэн. Авлигын эсрэг хуулийн 22.5-д "Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно" гэж заасан байдгийг УИХ-ын гишүүд анхааруулж байсныг дурьдах нь зүйтэй.

Авлигын эсрэг хуулийн 26.2-т "Авлигатай тэмцэх газар Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хянан шалгана" гэж заасны дагуу хуралдааны явцад Байнгын хорооны нэр бүхий гишүүдээс Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг АТХ хэрхэн биелүүлж байгааг уг Дэд хорооноос шалгаж, санал, дүгнэлт гаргасны дараа Байнгын хороо асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гарсан. Энэ саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Хууль хяналтын байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах зорилгоор УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуулийн хэрэгжилтийг шалгах явцтай зэрэщэн УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах, харин АТГ-ын удирдлага мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байх нь зүйтэй гэж Байнгын хороо үзэж, энэ тухай танд болон холбогдох албан тушаалтанд албан бичгээр мэдэгдсэн. УИХ хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, олонхиороо шийдвэрлэдгийг та сайн мэдэх учиртай.

Таны албан бичигт дурьдсанчлан УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны даргын хувьд хуулийг буруу тайлбарлаж, Байнгын хорооноос шийдвэр гаргуулахгүй, саад учруулж, гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг зогсонги байдалд оруулсан зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээн дурьдсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.