УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өршөөлд хамрагдсан гэх мэдээллиййн талаар АТГ-ын даргад асуулга хүргүүллээ
2010.06.30

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өршөөлд хамрагдсан гэх мэдээллиййн талаар АТГ-ын даргад асуулга хүргүүллээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Авлигатай Тэмцэх Газрын дарга Ч.Сангарагчаа хандан дараах асуулт хүргүүлсэн байна.

Асуулт тавих тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтыг үндэслэн Авлигатай тэмцэх газрын дарга Танд дараахь асуултыг тавьж байна. 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн өдөр тутмын бүх хэвлэлүүдэд та ярилцлага өгөхдөө “УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өршөөлд хамрагдсан” гэж намайг гэмт хэрэг үйлдчихээд дараа нь өршөөлд хамрагдсан мэт маш хариуцлагагүй гүтгэлэгийг санаатайгаар олон нийтэд тарааж Төрийн албан хаагчийн ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчин, хуульд заасан үүргээ мушгин гуйвуулж миний нэр төрийг гутаах хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байна.

Гэтэл миний бие “Өршөөлийн хууль”-д огт хамрагдаж байгаагүй бөгөөд, харин Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт надад яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн шүүх хуралдаанаар авч хэлэлцэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар 41А тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож цагаатгасан.

Иймд Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа та Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ намайг шүүх байгууллагын хэдэн оны тогтоол, шийдвэрээр яллагдсан, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэдэн оны, хэдэн тоот зарлиг гарч, ямар шүүхийн тогтоол, шийдвэрээр “Өршөөлийн хууль”-д хамруулсан талаар албан ёсоор тайлбар ирүүлнэ үү.

Асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлэхийг Танаас хүсье.

Жич: Баянгол дүүргийн шүүхийн 41А тогтоолыг хавсаргав.

Хүндэтгэсэн,

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С. ЭРДЭНЭ



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.