“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” -т 3,8 тэрбум орчим төгрөгийн тусламж үзүүлнэ
2009.10.09

“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” -т 3,8 тэрбум орчим төгрөгийн тусламж үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд олон талын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Японд үндэсний шилдэг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой энэхүү “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” юм.

Өчигдөр БСШУ-ны Дэд Сайд Ч.Куланда Япон улсын техникийн хамтын ажиллагааны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” төслийн хүрээнд Япон улсын их дээд сургуулиудад магистрын сургалтанд хамрагдан 2009 онд төгсөж ирсэн залуучуудыг хүлээн авч уулзсан байна.

“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” нь Монгол Улсын оюутан залуучуудыг Япон Улсын их, дээд сургуулиудын магистрын сургалтад Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцуулах боломжийг олгож байгаа бөгөөд хөтөлбөр нь Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах үндэсний шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэгддэг юм.

Япон Улсын Засгийн газраас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 2009-2013 оны хугацаанд нийт 3,8 тэрбум орчим төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлнэ. Японы Олон Улсын хамтын ажиллагааны төв нь уг хөтөлбөрийн удирдлага, зохицуулалтын үйл ажиллагааг хариуцаж байна.

Энэхүү хөтөлбөр нь 2001 онд хэрэгжиж эхэлснээс хойш жил бүр 20 оюутан хууль зүй, эдийн засаг, олон нийтийн бодлого зохицуулалт зэрэг өргөн хүрээний чиглэлээр Японы их, дээд сургуулиудын магистрантурт суралцаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 2009 оноос эхлэн жил бүр 18 төрийн албан хаагчийг уг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болсон.

Одоогийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 157 оюутан хамрагдаж, сургуулиа төгсөж ирсэн залуучууд төрийн байгууллага болон нийгэм эдийн засгийн бусад салбарт үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж байна.

Мөн түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн тогтолцоог сайжруулах, өндөр мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэхэд Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь манай орны хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулахын зэрэгцээ хоёр орны ард түмэн, залуучуудыг бие биесээ улам сайн мэдэх, найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал нэмрийг оруулж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.