Х.Баттулга: Орон сууцыг 6-8 хувийн хүүтэй зээлээр авах боломжтой
"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн явц ямар байгаа талаар Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай ярилцлаа.
-"100 мянган айл орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа. Ингэснээр хөтөлбөрийн явц хурдсана гэсэн үг үү?
-Нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулах хороо байгууллаа. Анхны хурлыг нь өнөөдөр (өчигдөр) хийлээ. Цаашид хөтөлбөрийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шийдвэрлэх шаардлагатай бусад асуудлыг хэлэлцэнэ. Барилга байгууламжийн норм, нормотив, ажиллах хүч, бүс нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр тодорхой эрхзүйн орчин бүрдүүлж ажиллах байр суурьтай байна. Орон сууц барихад гол нь санхүүжилт хэрэгтэй.
-Санхүүжилтийн ямар механизмаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх вэ?
-Нэг хэвшмэл загвараар хийхгүй. Дэд бүтцийн асуудал байна. Нийслэл 470 мянган га хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Үүний 25-30 орчим хувьд барилга барихаар төлөвлөгдсөн. Манай иргэдийн ихэнх нь дунд түвшний буюу 400 мянган төгрөгийн цалинтай. Иймээс тэдний орлогыг тооцоолж зээл олгосноор бага, дунд орлоготой иргэд байрандаа орж, үүнийг дагаад бусад салбар дэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, 18 их наяд төгрөгтэй тэнцэх ажлын эхлэл бий болно. Үүн дотор төмөр зам, авто зам, орон сууц багтана.
Иргэд өөрсдөө орлогожоод эхэлбэл орон сууцны борлуулалтад санаа зовохгүй болно. Энэхүү төсөл Засгийн газраар дэмжигдэж, санхүүжилтийн асуудал тойрч яригдсаар нэлээн удсан шүүмжлэл бий. Гэсэн ч ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Санхүүжилтийн хувьд уул уурхайгаа түшиглэж, Хөгжлийн банк байгуулаад түүнээс иргэддээ бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох гарц хайж байна.
-Хүү нь ямар байх бол?
-Бид иргэдэд аль болох таатай нөхцөл боломж хайж байна. "100 мянган айл орон сууц" хөтөлбөрийн хүрээнд сууц баригдаад иргэдийн хэрэгцээг хангаад эхэлбэл 6-8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой. Иргэддээ энэхүү зээлийг олгохын тулд Засгийн газар, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, нийслэлийн төр захиргааны байгууллагууд, бүсийн хөгжлийн төвийн удирдлагууд, бусад яам агентлаг ажлын уялдаа хол-боогоо сайжруулах, орон сууцны барилга байгууламж барих ажлыг эрчимжүүлэх зорилготойгоор төслийн хороог байгуулж байна.