Орон сууцжуулах хөтөлбөрийн хууль эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй гэв
2011.03.09

Орон сууцжуулах хөтөлбөрийн хууль эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй гэв

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр" уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Шадар сайд М.Энхболд, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга болон холбогдох мэргэжлийн хүмүүс оролцсон юм. Уулзалтын гол асуудал Засгийн газраас хэрэгжүүлж буй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилт байлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогч Б.Мөнхбаатар "100 мянган айлын орон сууцны 75 мянгыг нь нийслэлд барих юм. Бид судалгаа хийж үзлээ. Одоогийн байдлаар 9096 орон сууц байна. Нийтдээ зургаан хэсэгт орон сууц барихаар төлөвлөсөн. Ялангуяа Буянт-Ухаа, Баянголын ам зэрэг газруудад анхаарах хэрэгтэй байгаа.


Хот газраа чөлөөлөөд өгдөг. Бусад асуудлыг холбогдох газруудыг сайн шийдэж өгөх хэрэгтэй. "Буянт-Ухаа" хороолол гэхэд хэд хэдэн хэсэгтэй байна. Нийтдээ 21 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Мөн ундны усны эс үүсвэрийг хайсан. Ингээд 20 мянган шоо метр цэвэр усны нөөц илрүүлсэн. Тус хороололд 12500 айл байх юм. Дулаан, цахилгаан, цэвэр ус гээд нийт 60 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй баригдах тооцоо гаргаад байна. Нөгөө талаар тус хорооллын цэвэр бохир усны эх үүсвэр Концессийн хуулийн дагуу шийдэгдэх юм. Баянголын аманд цэвэр бохир усны шугам татах, цахилгааны хангамж гээд шийдэх зүйл бий. Гэхдээ энэ жил VII хорооллын газарт илүү анхаарал хандуулахаар ярилцсан. Эхлээд газар чөлөөлөх асуудал байгаа. Шинэ хороолол барихад 400 айлын газар чөлөөлнө.

Үүнд 20 гаруй тэрбум төгрөг тусгасан. Барилга хот байгуулалтын яамнаас инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх компанийг шалгаруулаад байна" гэлээ. Харин барилга орон сууцны санхүүжилтийн талаар ЗТБХБЯ-ны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт барилга захиалагчийн албаны дарга Б.Чинтулга мэдээлэл хийлээ. Тэрбээр "100 мянган айлын орон сууц иргэдэд үнэтэй тусч байгаа нь нууц биш. Хүмүүс санхүүгийн чадамжтай байж орон сууц авна. Төр өөрөө бага хүүтэй мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна.Арилжааны банкны зээлээр сард нэг өрх сая гаруй төгрөг төлж байртай болно. Гэтэл зээлийн хүү арай бага байх хэрэгтэй байна. Гэтэл сард 300-400 мянгыг төлөх боломж бий. 100 мянган айлыг орон сууцжуулахдаа урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох ёстой» Аль ч салбараа хөгжүүлэх гэж байгаа учраас хувийн хэвшил санхүүгийн чадамжтай байж ажилгүй иргэдийг ажлын байраар хангаж, сайн цалин өгч ажиллуулах нь чухал.

Ингэж чадвал иргэдэд 6-8 хувийн хүүтэй зээл өгөх бүрэн боломжтой. Үүнийг бодлогоор зохицуулах хэрэгтэй. Нөгөө талаас Монгол банкны эргэлтийн хөрөнгийг ашигламаар байна. Зээлийн хүүгийн 85 хувь нь зах зээлийн хуулиар явна л даа. Гэхдээ төр 15 хувийг шийдэж өгмөөр байна. Аль болох зөв систем рүү оруулмаар байгаа юм. Иргэн худалдаж авч байгаа орон сууц чанартай байх ёстой. Монгол Улсад Хөгжлийн банк байгуулах хэрэгтэйг олон хүн хэлсэн. Хөгжлийн банк байгуулчихвал санхүүгийн асуудлыг шийдэх боломж бүрдэж магадгүй" хэмээв. Түүнчлэн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Гадны улсаас сайн туршлага судлах шаардлагатай гэдгийг хуралд оролцогчид хэлж байв.

 

Шадар сайд хэлэхдээ "Удахгүй Үндэсний хороо хуралдана. Тэр үеэр асуудлыг тодорхой хэлэлцэх болно" гэлээ. Зарим иргэний яриагаар Данийн Копенгаген хотынхон шиг бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж байлаа. Тус улс дөрвөн цахилгаан станцтай бөгөөд бичил жижиг станцуудаар орон сууцны хорооллын халаалт дулааны асуудлыг шийддэг байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.