Дарханы цаг уурчид удахгүй шинэ байранд орно
2010.07.06

Дарханы цаг уурчид удахгүй шинэ байранд орно

Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба удахгүй шинэхэн байртай болно. Энэ албаныхны одоогийн “контоор” нь 1960-аад онд Дархан хот байгуулж явсан анхны барилгачдын байр юм.

Дөчин жил тасралтгүй ашиглаж, хугацаа нь аль хэдийнэ дууссан нэг давхар тоосгон энэ байрны дээврээс ус гоождогоос гадна сантехник, цахилгааны монтаж нь ихээхэн муудсан байна.Засгийн газарт удаа дараа хүсэлт тавьсны эцэст Дарханы цаг уурчдыг шинэ байртай болгох шийд гарч, дараа төлөгдөх нөхцөлтэйгээр төсөв мөнгийг нь гаргаж өгснөөр энэ оны эхэнд нээлттэй тендэр зарласан юм.

Барилгын ажлыг тус аймгийн “Өгөөмөр хараа” ХХК гүйцэтгэж байна. Одоо суурийн давхраа барьж дуусгаад, усны шугам татаж эхэлсэн бөгөөд ирэх наймдугаар сарын сүүлчээр хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Дарханы станц бол Монгол Улсын анхны агро цаг уурын станц. Үйлдвэрлэлийн шинэхэн хотод 1983 онд “Агро цаг уурын шинжилгээний Дархан станц” нэртэйгээр өрхөө татсан энэ байгууллага одоо аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон өргөжиж, 36 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Тэд хоногт 8 хугацаанд буюу 3 цаг тутамд ажиглалт хийж, уур амьсгалын багц мэдээллийг УЦУХүрээлэнд дамжуулдаг.

Орон нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан иргэддээ цаг агаарын мэдээллийг шуурхай хүргэхээс гадна вэб серверт мэдээллээ зураг болон хүснэгт хэлбэрээр байрлуулдаг. 2004 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын цаг уурын сүлжээг боловсронгуй болгох” төслийн хүрээнд автомат станц шинэ систем суурилуулснаар 21 аймагтай цаг уурын сүлжээгээр холбогдсон байна.Дархан-Уул аймаг байгалийн тогтцын хувьд Хэнтийн нурууны салбар уулсын хоорондох намхан гүвээ толгодын дунд, Хараа голын хөндийн элсэнцэр, өнгөн шавранцар хөрстэй бүсэд оршдог тул зундаа халуун, өвөлдөө жиндүү. Хойд чиглэлийн салхи зонхилдог, агаарын температурын жилийн дундаж -1.90…+2.10 ба 2002 онд хамгийн дулаан, 1985 онд хамгийн хүйтэн жил байжээ. Сүүлийн жилүүдэд дулаарах хандлага ажиглагдсаар байгааг станцынхан батлан хэлж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.