Байгаль орчны багц хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2012.05.16

Байгаль орчны багц хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчны багц хуулиуд буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Агаарын тухай, Ойн тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Амьтны тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжээд чуулганы хуралдаанд оруулахаар тогтлоо.

Эцсийн хэлэлцүүлэгт эдгээр хуулиудын төслүүдийг бэлтгэсэн тухай танилцуулга, мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Гансүх танилцуулсан юм.

Тэрээр энэ багц хуулиас зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг байгааг хэлсэн бөгөөд гишүүд түүгээр санал хураалган дэмжигдсэн. УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл хэлэхдээ, байгаль орчин, хүн төдийгүй амьтан ургамал, хүрээлэн буй орчин гээд ер нь мэдээж асар их ач холбогдолтой хуулийн төслүүдийг эцэслэж байна. Харин гэхдээ эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд хэн хэрхэн хяналт тавьж ажиллах бол гэдэг дээр, түүнчлэн хариуцлага хүлээх субьект хэн байх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй гэсэн юм.