Байгаль орчны багц хуулийн төсөлд ажлын хэсэг байгуулав
2012.03.15

Байгаль орчны багц хуулийн төсөлд ажлын хэсэг байгуулав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нийт гишүүдийн 60 хувийн ирцтэй өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Байгаль орчны тухай багц хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх, батлуулах бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг байгуулах болсон юм. Тус байнгын хороон дарга Д.Балдан-Очир "Өргөн цар хүрээтэй, тулгамдсан асуудлуудыг шинэ нөхцөл байдалтай зохицуулахтай холбогдсон 20 гаруй хуулийг нэгтгэж 10 болгосон.

Үүнд Засгийн газар нухацтай хандаж, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагатай хамтарч ажилласан" гэдгийг хэлж байв.

Энэхүү ажлын хэсгийг ахлуулах гишүүнийг нэр дэвшүүлэх болоход УИХ-ын гишүүн П.Алтангэрэл "Хэлэлцэх ёстой чухал асуудал. Салбар хариуцсан сайдаар ажиллаж байсан хүний хувьд Л.Гансүхийг дэвшүүлье" гэсэн санал гаргасныг гишүүд дэмжиж өөрийн нэрийг дэвшүүлээд байсан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нэрээ татав. Ингээд  ажлын хэсгийг  Л.Гансүх гишүүн ахлахаар болсон юм. Ажлын хэсгийн дэд ахлагчаар Б.Бат-Эрдэнэ гишүүнийг томилох саналтай байгаагаа илэрхийлсэн нь дэмжигдсэн.

Уг ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны Төлбөрийн тухай, Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай, Амьтны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай мөн Усны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хууль, Ойн тухай хууль, Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгаас бүрдсэн Байгаль орчны тухай багц хуулийн төсөл дээр ажиллах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.