УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Хуулийн төсөлтэй танилцлаа. Гурван заалттай хуулийн төсөл нь иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулах зорилготой гэж харж байна. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд иргэн эрүүл аюулгүй амьдрах эрхийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэж заасан.
Үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад зөвхөн аймаг, нийслэл, сум дүүргийн засаг дарга нараас гадна төрийн захиргааны төв байгууллагуудын үүрэг оролцоотой байж мэдэх эрх бүрэн хангагдана. Нөгөөтэйгүүр зөвхөн тунхаглалын чанартай бус процесс нь хэрхэн яаж явах вэ гэдгийг ярьж байгаа юм. Мэдээллийн агуулга, цаг хугацаа ямар байх юм, мэдэх эрхийг хэрэгжүүлэхгүй байх нь ямар хариуцлага хүлээх гэх мэтчилэн эдгээр асуудлыг Нийтийн мэдээллийн тухай хуультай уялдуудлах ёстой. Тэгэж байж иргэн хүний мэдэх эрх баталгаажих юм.
БОАЖ-ын яам УИХ, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна. УИХ-ын 2019 оны 41 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Завхан аймгийн Тэлмэн, Их-Уул сумдын нутаг дэвсгэрийг хамарсан Булнайн нуруу, Тэсийн голын ай савийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр гараад 3 жил боллоо. Шийдвэрийн дагуу тусгай хамгаалалттай газрын захиргааг байгуулах, ажиллах хүчийг томилох, төсөв орхигдсон. Энэхүү шийдвэр хэрэгжихгүй байгаад нутгийн иргэд бухимдаж байна. Миний бие өнгөрсөн жил танай яамд албан бичиг хүргэхэд 2022 оны төсөвт тусгуулна гэсэн хариу ирсэн. Тийм учраас БОАЖ-ын яам энэ талаар мэдээлэл өгнө үү?
Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.