Байгаль орчны багц хуулийн төслийг өргөн барив
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Байгаль орчны багц хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ. Байгаль орчны салбарын голлох суурь хуулиудыг 1990 оны эхээр баталсан. Үүнээс хойш хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.
Одоогийн байдлаар 30 гаруй хуулиар байгаль орчны хамгааллын бүх хариуцлагыг төр үүрч буй. Иймээс энэ зохицуулалтыг өөрчилж, байгалийг бохирдуулагч нь төлбөр төлж, ашиглагч нь хамгаалагч байх зарчимд шилжүүлэхээр зорьж байгаа юм байна.
Үүнтэй уялдуулан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:
Хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх зэрэгтэй холбогдон гарах зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, зохих үүргээ биелүүлээгүй албан тушаалтантай тооцох хариуцлагын тогтолцоог бий болгож байна.
Байгаль орчны аудитыг үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалтыг шинээр хуульчилж байна.
Байгаль орчинд учруулсан хохирлыг аливаа субъект нөхөн төлдөг байх, нөхөн төлбөрийг байгаль орчны улсын байцаагч ногдуулдаг байхаар зохицуулалтыг тусгалаа
Байгалийн нөөцөөс амьжиргаа нь шууд хараат байдаг хөдөөгийн ард иргэдийн байгаль хамгаалах, байгалийн нөөц ашиглах чадвар, тогтолцоог бий болгох зорилгоор иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж, нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа газар нутгийнхаа байгаль орчин, түүний нөөц баялгийг хариуцан хамгаалж, давуу эрхтэйгээр эзэмшиж, ашиглаж болох зэрэг зарчмын ач холбогдолтой хэд хэдэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж байна.
2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар:
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгалаа. Үүнд:
Байгаль орчны стратеги үнэлгээний ерөнхий шаардлага, стратеги үнэлгээг гүйцэтгэх, тайланг боловсруулах, хэлэлцэх, шийдвэр гаргах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг шинээр томъёолж орууллаа.
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний чанар, хариуцлагыг дээшлүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хянах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэлэлцэж, батлах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох, хариуцлага тооцох механизмыг чангатгах заалтуудыг тусгалаа.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоо, хяналт тавих гэдэгт үнэлгээний явцын олон нийтэд мэдээлэх, стратегийн болон нөлөөллийн үнэлгээний тайланд олон нийтийн санал авах, хэрэгжилтэд хяналт тавих, хянан магадлагаа хийхтэй холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгохыг зорьлоо.
Орон нутгийн иргэдийн оролцоог ялангуяа ашигт малтмал олборлох, боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, мэдээлэл авах, мэдээллээр хангах, санал авах боломжийг тусгасан.
Байгаль орчны үнэлгээнд оролцогчдын эрх үүрэг, маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон асуудлыг зохицуулна. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх үүрэг, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх хуулийн этгээд, тэдгээрийн эрх үүргийг тодотгон тусгасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад оногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэн тусгалаа.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн төслийн талаар:
Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуулиудаар байгалийн нөөц ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг тус тусад нь зохицуулж байгаа бөгөөд байгалийн баялаг ашиглах асуудлаар нэгэн ижил зохицуулалттай эдгээр хуулиудыг нэгтгэж Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулав.
Экологийн тэнцвэрт байдлыг хангах, ус рашааны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь хэмжээг нэмэгдүүлэв.
Энэхүү хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах; Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг тогтоох; Байгалийн ургамал, ус, ой, ан амьтны нөөцийг ашигласны төлбөртөй холбогдсон харилцааг зохицуулж байна.
“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн төсөл боловсруулсантай холбогдуулан Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хууль, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хууль, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хуулиудыг хүчингүй болгоно.
Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн төслийн талаар:
Манай оронд ХХ зууны хоёр дугаар хагасаас эхлэн газар тариалан, уул уурхай, зам тээвэр, хот тосгоны зориулалтаар газрыг эрчимтэй ашиглаж эхэлснээс хөрсөнд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж хөрсний бүтэц алдагдах, үржил шим нь буурах, бэлчээрийн талхагдал үүсэх, цөлжих зэрэг сөрөг нөлөөлөл үүсэж байна. Иймд хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилт үүсгэж буй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, элэгдэл, эвдрэл, бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээ авах, хүн амын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалахад хариуцлагын тогтолцоог бий болгоно.
Энэ хууль батлагдсанаар хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээг хууль тогтоомжоор баталгаажуулж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эрх үүрэг, хүлээх хариуцлагаа ухамсарлах, хөрсөнд сөрөг нөлөөлөл үзүүлсэн үйл ажиллагаагаа хянах, олж тогтоох, багасгах, хариуцлага тооцох харилцааг зохицуулсан эрх зүйн орчин бүрдэнэ.
Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх хуулийн зохицуулалт нь Газрын тухай болон Газар тариалангийн тухай хуульд заасан ашиглалтын үеийн хөрс хамгаалах арга хэмжээг багтаасан илүү өргөн хүрээний зохицуулалтыг хамарч байгаагийн зэрэгцээ цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээг, хөрс хамгаалалтай нь иж бүрнээр нь авч үзсэнээрээ онцлог илүү ач холбогдолтой юм.
Уг хууль батлагдсанаар хөрсний элэгдэл, эвдрэл, бохирдол, цөлжилтийн ангилал болон үнэлгээ, шинжилгээ, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үйл ажиллагаа, түүнд оролцох төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг тодорхой болж, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигчид хүлээлгэх хариуцлага тодорхой болно.
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай:
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараахь зарчмын шинжтэй асуудлуудыг тусгав. Үүнд:
- Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагын үүрэгт үсны ашиглах боломжит нөөцийг тогтоосны үндсэн дээр Сав газрын захиргаа ус ашиглах зөвшөөрлийг олгох усны нөөцийн төлөв байдал, чанарыг тодорхойлон үнэлгээ өгөх, нөөцийн хэмжээ, чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээг байгуулах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан.
- Сав газрын захиргаа нь сав газрууд дахь усны асуудлыг хариуцсан байгууллага байх бөгөөд сав газрын усны нөөцийн менежментийг хэрэгжүүлэх нэгж байх юм.
- Бохирдуулагч нь төлөх зарчмыг тусгана. Усны нөөцийг бохирдлоос хамгаалах гэсэн зүйлээр ус бохирдуулагч нь төлдбөр төлөх зарчмыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтын үндсийг тавина.
- Ус ашиглагчийн хүлээх үүргийн зохицуулалтыг шинээр оруулна. Усны нөөцийг хэмнэлттэй ашиглах техник, технологи хэрэглэх санал, санаачилгыг урамшуулан дэмжих, газрын доорх усны нөөцийг хэмнэлттэй ашиглах, усны нөөцийг бохирдохоос хамгаалах, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийг хамгаалахад зориулагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхюм. Мөн ус ашиглагчийн зохистой хэрэглээг тогтоох зорилгоор хоногт ашиглах усны нормативт хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд ус ашигласны төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр нэмэгдүүлэх зохицуулалт шинээр тусгав.
- Усны нөөцийн нэгдсэн менежментийн санхүүжилтын эх үүсвэрийн талаар шинээр зохицуулалт хийв. Ус, рашааны ашигласны төлбөрийн орлого, ус бохирдуулсны төлбөрийн орлогоор “усны нөөцийг хамгаалах сан” бүрдүүлэн усны нөөцийг хамгаалах, бохирдлыг арилгахад зарцуулах талаар эрх зүйн зохицуулалт бий болно.
6.Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн төслийн талаар:
Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуульд ус ашиглагч буюу ус бохирдуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хаяж байгаа бохир усаа стандартын дагуу цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй байх, усны бохирдлоо хянах дотоодын хяналттай байх, бохир усны хяналтыг бие даан явуулах, мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад илгээх, харилцан мэдээлэл солилцох зохицуулалтыг тусгав.
Ус бохирдуулагч ус бохирдуулсны төлбөр төлөх, төлбөрийн хэмжээг хаягдал усны стандартыг үндэслэн Засгийн газар тогтоох, мөн зөвшөөрсөн стандартаас давсан бохир усанд нөхөн төлбөр төлөхөөр заав.
7.Ойн хуулийн талаар:
Ойн тухай, Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулиудыг нэгтгэн Ойн тухай хуулийн төслийг боловсруулав. Хамгаалалтын, ашиглалтын бүсийн ой болон улсын тусгай хэрэгцээний ой, түүний дэглэмийг тодорхой болгож ойн анги, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, ойг хамгаалах арга хэмжээ, түүнд оролцох төрийн бус байгууллагын оролцоо, ойг хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор ойд хориглох үйл ажиллагаа, ойг нөхөн сэргээх, үржүүлэх, мод тарьж ургуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг шинэчлэн томъёолов.
Ойг хамгаалах эдийн засгийн хөшүүрэг, санхүүжилт, ойн баялаг, ойн дагалт нөөц ашигласны төлбөр, хураамж, ойн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгосны хураамж, ой хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймрийн шалтгаан, гаргасан этгээд, учирсан хохирлыг тогтоох, ой хээрийн түймрийн талаархи мэдээ, тайлан, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийнхөө хууль бус үйл ажиллагааны улмаас ойн сан, түүний нөөцөд учруулсан шууд хохирлыг нөхөн төлүүлэх талаар болон хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.
8.Амьтны тухай хуулийн төслийн талаар:
Амьтны аймгийн тухай, Ан агнуурын тухай хуулиудыг нэгтгэн Амьтны тухай хуулийн төслийг боловсруулав. Амьтныг хамгаалах хэлбэр, нэн ховор, ховор амьтныг хамгаалах, амьтныг сэргээн нутагшуулах, агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа, агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэл, агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох, амьтны гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглох, амьтан өмчлөх, эзэмших, ашиглах хэлбэр, амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглах, амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглах, амьдралын үйл ажиллагааны бүтээгдхүүнийг авах зорилгоор амьтныг ашиглах, мөн ашиглах эрхийн зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл, амьтны цуглуулга, иргэн, нөхөрлөл, амьтны чиглэлийн мэргэжлийн болон төрийн бус байгууллагыг амьтны нөөцийг хамгаалахад оролцуулах, агнуурын амьтны сан, түүний байршил нутгийг эзэмших, ашиглах, агнуур зохион байгуулалт, түүний санхүүжилт, агнуурын амьтан агнах, барих эрх, зориулалт, агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл, агнах, барих агнуурын амьтны тоо хэмээг тогтоох, үйлдвэрлэл, ахуйн, тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих, ангийн буу, сумны захиалга, зарцуулалт зэрэг ан амьтны нөөцийг өмчлөх, эзэмших, хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулсан.
9.Хог хаягдлын тухай хуулийн төслийн талаар:
2000 онд батлагдсан Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай, 2003 онд батлагдсан Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай, 2009 онд батлагдсан Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хуулиудыг нэгтгэн хог хаягдалтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулсан “Хог хаягдлын тухай” хуулийн төслийг боловсрууллаа.
Хог хаягдлын тухай хуулийн төсөлд дараахь зарчмын шинжтэй асуудлуудыг тусгана. Үүнд:
Хог хаягдлыг анхан шатанд ангилан ялгах тогтолцоог бүрдүүлэх, төвлөрсөн цэг дээр хог хаягдлыг дарж булах хэмжээг багасгахын тулд юуны түрүүнд, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах, дараа нь дахин ашиглах, эцэст нь түүхий эдийн эх үүсвэр болгон дахин боловсруулах үйл ажиллагааны зохицуулалт бий болно. Хог хаягдлын тогтвортой менежментийг бүрдүүлэх суурь нөхцөл болох үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх, үүргийг хуульчлан тогтоолоо. Хог хаягдлыг цуглуулах ангилан ялгах, тээвэрлэх, устгах, боловсруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн орчинг бий болгоно. Хог хаягдлын талаар хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн нэгдсэн сүлжээ, сантай болох асуудлыг тусгана. Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлж тусгана.
10.Агаарын тухай хуулийн төслийн талаар:
Агаарын тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиудыг нэгтгэн Агаарын тухай хуулийг боловсруулав. Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавих, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд төсөлд дараахь зарчмын шинжтэй асуудлыг тусгана. Үүнд:
Агаарын чанарын мэргэжлийн алба, түүний чиг үүрэг, агаарын чанарын тухай мэдээлэл, агаарыг хамгаалах арга хэмжээ, агаарын чанарыг сайжруулах бүсийн ойлголт, агаарын бохирдол, физикийн сөрөг нөлөөлөл ноцтой нэмэгдсэн үед авах арга хэмжээний талаар, мөн агаар бохирдуулсны нөхөн төлбөр, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлов. Агаарын бохирдлыг бууруулах талаар иргэдэд үзүүлэх урамшуулал, дэмжлэгийг хэрхэн үзүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан болно.
Дээр дурдсан хуулиудыг одоогийн мөрдөж байгаа бусад хуулиудтай уялдуулах зорилгоор Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлдөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшигаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад боловсруулаад байна. Эдгээр хууль батлагдсанаар нэг салбарын ижил зохицуулалт бүхий олон хуулийг нэгтгэсэн нэг хуультай болж, хууль хоорондын давхардал, зөрчил арилж, уялдаа холбоо сайжрах болно.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ