2022.03.17

Б.Энх-Амгалан: Газар ухсан компаниар нь нөхөн сэргээлт хийлгэх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Та бүхэн нэг зүйлийг сайн анзаарах ёстой. Уул уурхайн компаниудаас болж Цэнхэрийн гол, Онон гол, Байдраг гол, Хараа гол, Ерөө гол, Туул голууд улаанаараа эргэлдэж, экологийн систем алдагдаж, алт ухагчдын буруу уршгаас болж ширгэх аюулд орсон. Монгол Улсын газар нутгийн 76,9% нь цөлжсөн. 30,000 га газар уул уурхайн буруу нөлөөллөөс болж эвдэрсэн. Хур тунадас 7,9%-иар буурсан, дулааралт 2,25 хэмээр нэмэгдсэн гэх мэт тоо яриад, үүнийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд мэдээлсэн гээд сууж байна. Тэгвэл энэ асуудлууд дээрээ засах арга хэмжээ яагаад авдаггүй юм бэ? Та нар анхнаас нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийлгээд, уулын ажлын төлөвлөгөөг нь гаргаад ухсан компани нь өөрөө нөхөн сэргээлт яагаад хийж болдоггүй юм? “Алтыг нь аваад, авдрыг нь хаяна” гэдэг шиг газрыг нь ухчихаад, нүх үлдээгээд яваад өгдөг. Түүн дээр нь нинжа нар ороод улам ухаад, аймгийн Засаг дарга нь олгоод нутаг орон чинь сүйдэж дууслаа. Энэ асуудлыг шийдэхгүй юм уу? Гүйцэтгэлийн аудитыг дунд нь оруулахгүй юм уу? Та нарын ярьж буй зүйлүүд бол иргэд мэдэх эрхтэй, нээлттэй мэдээлэл хийнэ, мэдээлэлтэй танилцах боломжоор хангана, аймгийн даргад хүсэлт гаргаад мэдээлэл авч болно гэсэн л юм байна. Мэдээлэл аваад яах юм бэ? Энэ цөлжилтийг зогсоохын тулд яг ямар арга хэмжээ авах вэ? Хуулинд ингээд заачихсан болохоор болохгүй гэдэг зүйл яриад сууж байж болохгүй. Шаардлагатай бол энэ хуулийг чинь өөрчилж болно. Газар ухсан компаниар нь нөхөн сэргээлт хийлгэх асуудлыг яаж шийдэх гэж байгаа болон гүйцэтгэлийн аудит хийх эсэх тал дээр хариулт авмаар байна.

Хоёрдугаарт орон нутгийн эрх мэдэл гэдэг зүйлийг нэмүү тавьчихаад, Ноён уулыг тусгай хамгаалалтад авъя гэхэд орон нутгийн Засаг захиргаа, Иргэдийн хурал нь тусгай хамгаалалтад авахгүй, ухна гээд сууж байсан. Түүний уршгаар дархан цаазат газар нутгийн байгалийн нөөцийг нинжа нар ороод тэнд байдаг хэрэгсүүр, түүх соёлын дурсгалт зүйлсийг ухаад дууслаа. Үүнийг хамгаалахгүй юм уу? Зарим аймгийн Засаг дарга нар нь ийм сан бүрдүүлэх юм бол ухуулна гээд уул уурхайн компанийг цуглуулаад санхүү бүрдүүлээд явж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийг чинь цаад талаас нь хятадууд доогуур нь ухаж байгаа, бид нар наанаас нь ухъя гээд явж байна. Та нар шинэ сайддаа зөв мэдээлэл өгөхийг хүсч байна.

Гуравдугаарт Туул голын эх, усны урсацыг хамгаалах ямар ажил хийж байгаа вэ?

Түүний асуултад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Энхбат хариуллаа.