2022.03.17
Б.Бат-Эрдэнэ: Урт нэртэй хуулийн хэрэгжилт ямар байна вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Монгол орны уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаа, байгаль орчны чиглэлээр олон асуудалд анхаарч байсан. Бид урт нэртэй хуулиас эхлээд Байгаль орчны багц хуулиудад өөрчлөлт оруулж, монгол орны томоохон 23 гол мөрний сав газрын захиргааг байгуулсан билээ. 2012-2016 онд Их хуралд эрх барьж байсан хүмүүс урт нэртэй хуулийн төслийн ач холбогдлыг хүчээр бууруулсан. Одоогийн байдлаар урт нэртэй хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт 3 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд алт ухаад өчнөөн жил боллоо. Түүнчлэн уул уурхайн чиглэлийн мэргэшсэн геологич хүнээс надад хүсэлт ирсэн. Бидний олон жил ярьсан Оюутолгойн ордын нөөцтэй холбоотой асуудлыг дурдсан байна. Мөн "Хил хязгааргүй алхам" ТББ-аас албан бичиг ирсэн. Энэхүү бичгүүдийг миний бие холбогдох газруудад хүргэж ажиллана.
Түүний асуултад БОАЖ-ын яамны төлөөлөл хариуллаа.