Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.19/ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.2.3 дахь хэсэгт “Эдийн засаг, бизнес, худалдаа, өмч, санхүүгийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, өмчлөх эрхийн баталгааг алдагдуулсан хууль, тогтоомж, шийдвэрийг засч сайжруулна”, 4.1.3 дахь хэсэгт “Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авч, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээний болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулна”, 4.2.8 дахь хэсэгт “Байгаль орчинг хамгаалах, байгалийн нөөц баялагийг зохистой ашиглах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ашиглалтын үр өгөөжийг сайжруулна” гэж, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Байгаль орчныг хамгаалах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулахаар заасан байдаг байна.
Тус яам нь Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарсан ажлын хэсгийг байгуулж Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн санхүүжилтын дэмжлэгтэйгээр Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг хийжээ.
Байгаль орчны хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Ховордсон амьтан, ургамал тэдгээрин гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Зөрчлийн тухай зэрэг 3 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулсан болохыг Н.Цэрэнбат сайд танилцуулгадаа дурдав.
Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран болон яамны зүгээс нийт 5 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад яамдуудын санал болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс саналыг бичгээр авч хуулийн төсөлд тусгасан байна.
Төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Мурат нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийн хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 буюу 81.8 хувийн саналаар дэмжин, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.