Ц.Даваасүрэн: Томоохон хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаагүй
Ирэх оны төсөв тооцоо сул, тэлэлттэй батлагдана гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Зарлага нь ихэдсэн төсөвт "Шинэ бүтээн байгуулалт ", "100 мянган айлын орон сууц" зэрэг томоохон хөрөнгө оруулалт шаардсан хөтөлбөр багтаагүй. Тэгвэл тэдгээр хөтөлбөрүүдийг хэрхэн ажил хэрэг болгох талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-"4000 мянган айлын орон сууц" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараа "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ хөтөлбөрийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаагүй юм биш үү?
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулна. Ингэж хэрэгжүүлэх боломж, дүр зураг ч
харагдаж байгаа. "4000 мянган айлын орон сууц" шиг хэрэгжих боломж бий. Үүнээс гадна "Шинэ бүтээн байгуулалт" болон өмнийн говийн дэд бүтцийг шийдэх "Их өсөлт" зэрэг томоохон хөтөлбөрүүд Хөгжлийн банкаар дамжиж хэрэгжих учраас төсөвт тусгагдахгүй.
-"100 мянган айлын орон сууц" хөтөлбөр өмнөх хөтөлбөр шиг төрийн албан хаагчдад квот гapгax уу?
-Энэ талаар одоохондоо яриагүй байна. Одоогоор ямар эх үүсвэрээс хэрэгжүүлэх талаар ярьж байгаа. Хөгжлийн
банк, моргейж болон нийгмийн даатгалын сангаар дамжуулан хэрэгжүүлэх боломж бий. Энэ эх үүсвэрүүдийг төсөвт тусгах шаардлагагүй. Төсөв хэлэлцсэний дараа дээрх хуулийн зохицуулалтыг ярина.
-Ирэх оны төсвийн зарлага хэтэрчхээд байхад "Монгол мал" хөтөлбөрт хөрөнгө оруулалт нэмсэн нь ямар учиртай юм бэ?
-"Монгол мал" хөтөлбөрт хоёр тэрбум төгрөг тусгасан байсан. Үүн дээр УИХ-ын хэлэлцүүлгийн явцад 27 тэрбум төгрөг нэмсэн. Уул уурхайн баялгаар орж ирэх орлогыг бүтээмж болгоход аялал жуулчлал, мал аж ахуйн салбарт зориулах ёстой. Дээрх хоёр салбарт бүтээмж бий болгож дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бий. Малаа эрүүлжүүлээд мах, арьс ширийг нь экспортлоход дэлхийн зах зээлд гарах боломж бий.
-Төсвийн алдагдал 9.8 хувьд хүрнэ гэж ярьж байна. Гэтэл таван хувиас хэтэрвэл олон улсын байгууллагаас зээл лгох зэрэг үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх юм биш үү?
-Гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарал татдаг гурван гол үзүүлэлтийн нэг нь төсвийн алдагдал. Төсвийн алдагдал өндөр байна гэдэг нь татвар өснө гэсэн дохиог өгдөг. Гэхдээ манай улсад эдийн засгийн бүтээн байгуулалт явагдаж байна. Түүнийг дагасан бүтээн байгуулалтыг дагаж алдагдал өсч байгаа. Үүнийг хөрөнгө оруулагчид ойлгоно. Тиймээс сөрөг үр дагавар бага.
-Тэгвэл алдагдлаа яаж нөхөх юм бэ?
-Янз бүрийн эх үүсвэр байж болно. Дэлхий "Монголд эдийн засгийн боломж байна" гэж харсан үед мөнгө босгох
бололцоотой гэсэн үг. Бонд гаргаж болно, урьдчилгаа авч болно, үнэт цаас дэлхийн зах зээлд гаргаж болно.
-Гэнэтийн ашгийн татвараас орох орлогыг өсөн нэмэгдэх роялтигийн төлбөрөөс нөхөх хуулийн төсөл яригдаж байгаа. Ийм боломж бий юу?
-Гэнэтийн ашгийн татвар байсан бол 500 гаруй тэрбум төгрөг орох боломж байсан. Өсөн нэмэгдэх роялтигийн төлбөрөөс 207 тэрбум төгрөг орж ирнэ.
-Төсвийн байнгын хорооны даргын хувьд ирэх оны төсөвт ямар дүгнэлт өгөх вэ?
-Орлогыг тултал нэмэгдүүлсэн, нөөцөө шавхсан төсөв орж ирлээ. Зардлыг механикаар хасах бололцоо алга.