“Монгол мал”үндэсний хөтөлбөртэй уялдуулах үүрэг өгч хуулийн төслийг буцаав
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо үдээс өмнө хуралдаж Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд төсөл санаачлагчийн илтгэлийг ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан гишүүн Э.Бат-Үүл, Х.Наранхүү, Ц.Сэдванчиг, П.Алтангэрэл, Р.Буд, Ж.Энхбаяр, Д.Энхбат нарын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа хэдий ч бэлтгэн нийлүүлэх, худалдах, худалдан авах үйл ажиллагаа ченжүүдийн сүлжээгээр далд хэлбэрээр зохион байгуулагдаж, нэмүү өртөг бий болгох, үндэсний үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүндрэл учруулж байгаа бөгөөд иймд манай орны нөхцөлд тохирсон хөдөө ажу ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааг иргэд, хувийн хэвшлийн санаачилга, үйл ажиллагаа, оролцоонд тулгуурлан явуулах бодит шаардлага тулгарч байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан.
Мөн бирж нь зөвхөн арилжааг хөтлөн явуулах, төлбөр тооцоог барагдуулах үүргийг гүйцэтгэж, харин арилжааны зуучлагч /брокер”, иргэн, хуулийн этгээд нь бараа, түүхий эдийг өөрийн хөрөнгөөр орон нутгаас худалдан авч стандартын шаардлагад нийцүүлэн анхан шатны тордолт хийж бирж дээр арилжих үйл ажиллагааг гүйцэтгэхээр хуулийн төсөлд тусгасан нь хөрөнгийн хэмнэлттэйгээс гадна хувийн хэвшил болон төрийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн гэж үзэж буйгаа ч хэлсэн юм. Түүнчлэн арилжааны зуучлагч, иргэн, хуулийн этгээд нь бараа, түүхий эдийг орон нутгаас шууд экспортлох тохиолдолд биржид цахим хэлбэрээр бүртгүүлж, тухайн нутгийн захиргааны байгууллагаас гарал үүслийн гэрчилгээг авах боломжтой байхаар зохицуулалт хийгдсэн гэлээ.
Уг хууль батлагдсанаар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүхий эдийн бэлтгэх, тээвэрлэх, хадгалах стандартууд хэрэгжих, үйлдвэрлэгчид улирлын чанартай бэлтгэдэг түүхий эдээр тасралтгүй хангагдах урьдчилсан нөхцөлүүд бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.Хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийг “Монгол мал” хөтөлбөртэй уялдуулах нь зүйтэй, хувийн сектор хийж чадаж байгаа зүйлд төр оролцох хэрэггүй, зах зээл байгалийнхаа хуулиар гарч ирсэн ченжүүдийг ад үзэж болохгүй, арайхийж “Монгол мал” хөтөлбөрөөр хөдөө аж ахуйд бүтцийн өөрчлөлт хийх гэж байхад түүнийг нураасан зүйл оруулж ирж байна, мал аж ахуй,хөдөө аж ахуй яаж ажиллах талаархи концепцийг сайн тодорхой, ойлгомжтой болгож оруулж ирэх хэрэгтэй гэж байлаа.
Харин Д.Балдан-Очир, Ц.Сэдванчиг, Б.Батбаяр нарын гишүүд чуулганаар Таван толгой, төмөр замын тухай асуудлыг ярьсаар байгаад энэ асуудлыг орхигдуулчихвий. Энэ хуульд шүүмжлэлтэй хандах зүйл их байгаа ч “Монгол мал” үндэсний хөтөлбөр Бэлчээрийн болон Биржийн тухай хуулиудтай салшгүй уялдаа холбоотой. Иймд төслийг хэлэлцэхийг дэмжээд ажлын хэсэг байгуулан хэлэлцүүлгийн явцад засаж сайжруулаад ажиллавал яасан юм бэ гэсэн байр суурьтай байлаа. Ингээд хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуулийн төслийг “ Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд, “Монгол мал”үндэсний хөтөлбөртэй уялдуулан бүх концепцийг нь өөрчилж, дахин боловсруулалт хийлгэхээр Засгийн газарт хугацаатай буцааж дахин оруулж ирэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөв.