Ц.Баатархүү: НИТХ сүүлийн 5 сар хуралдсангүй
2017.09.22

Ц.Баатархүү: НИТХ сүүлийн 5 сар хуралдсангүй

Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болж НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн албан тушаалаасаа огцрох хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдааны эрхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргаж, шалтгаанаа танилцуулсан юм.  Түүний хэлсэн үгийг ЭНД дарж үзнэ үү.

Хуралдаанаар НИТХ-ын АН-ын бүлгийн гишүүд иргэдийн төлөөлөгчид 5 сараас хойш хуралдаагүйг нэгэн дуугаар шүүмжилж байна.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ц.БААТАРХҮҮ: БИД ӨНӨӨДӨР ЗӨВХӨН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ ЯРИХ БОЛОХООР Л ИНГЭЖ ӨНДӨР ИРЦТЭЙГЭЭР ХУРАЛДАЖ БАЙНА


2012 оноос эхлээд НИТХ дэгээ өөрчлөөд сар болгоны сүүлийн пүрэв гарагт байнгын хуралддаг. НИТХ байнгын ажиллагаатай болсноор нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байсан маш олон асуудлыг шуурхай шийдвэрлэж, ард иргэдийнхээ асуудлуудыг багасгаж байсан. Гэтэл 5 сараас хойш хурал огт хийсэнгүй.
Яагаад хуралдахаа больсон юм бэ? Бид өнөөдөр зөвхөн ажил, албан тушаал ярих болохоор л ингэж өндөр ирцтэйгээр хуралдаж байна. НИТХ гэдэг байгууллаг бол иргэддээ, нийслэлчүүддээ журам мөрдүүлэх, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг баталж мөрдүүлдэг үлгэр жишээ байгууллага байх ёстой. Гэтэл бид өнөөдөр өөрсдөө дэгээ зөрчиж байна.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.НАРАНТУЯА: НЭГ САЯ 300 МЯНГАН ИРГЭДИЙН ӨДӨР ТУТМЫН АСУУДЛЫГ 7, 8-ХАН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХҮРЭЭНД ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА


2012 оноос хойш НИТХ тогтмол ажиллаж, сар болгон чуулган хуралдаж, чуулганы чөлөөт цагт тэргүүлэгчид хуралддаг байсан. 2012 оноос хойш төлөөлөгчөөр ажиллаж байгаагийн хувьд өмнөх иргэдийн хурлын тогтмол хэвийн ажиллагаа алдагдсан гэдгийг хэлмээр байна.
45 төлөөлөгч бол нийслэлийн сая 300 мянган иргэдийн төлөөлөгч болж ажиллаж байгаа. Гэтэл иргэдийн тулгамдсан асуудлыг долоо наймхан тэргүүлэгчдийн хүрээнд шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна. Тогтмол үйл ажиллагаатай байсан байгууллагыг яагаад зогсонги болгосон юм бэ?

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Э.БАТ-ҮҮЛ: НИТХ БОЛ УИХ-ЫН ХУРАЛДААНААС Ч ИЛҮҮ ИРГЭДИЙН АНХААРЛЫГ ТАТДАГ БАЙСАН


2012-2016 оны хооронд НИТХ-ын үйл ажиллагаа тогтворжиж, нийслэлийн иргэдийн амьдралыг удирддаг байгууллага болж чадсан. НИТХ-ын хуралдаан бол УИХ-ын хуралдаанаас илүү нийслэлийн иргэдийн анхаарлыг татдаг болсон байсан.Тэдний өдөр тутмын, аж ахуйн амьдралтай холбогдсон чухал шийдвэр гардаг учраас тэр. Ийм болж чадсан зүйлийг яагаад зогсоосныг гайхаж байна. Энэ бол том ухрал. Ийм чухал зүйлийг зогсоосон явдал энэ танай намын нэр хүндийг унагаасан.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ц.САНДУЙ: 7, 8 САР АМРАЛТЫН ҮЕ ТААРСАН УЧРААС НЭГДСЭН ХУРАЛДААН ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ МАН БҮЛГЭЭС ҮЗСЭН

НИТХ-ын дэгд заасны дагуу НИТХ сар болгоны сүүлийн пүрэв гарагт гэж заасан. Харин тэргүүлэгчид энэ хурлыг хойшлуулах, урагшлуулах боломжтой. Шинээр дэгээ баталж байхдаа намын бүлгийн хурлаар 7, 8 сар амралтын үе таарсан учраас нэгдсэн хуралдаан хийх шаардлагагүй  гэж ярьж байсан. Жилийн хугацаанд 11 хуралдаан хуралдаж байна.