Монгол малыг эрүүлжүүлнэ
2010.02.02

Монгол малыг эрүүлжүүлнэ

Х-ын гишүүн, ‘’Монгол мал’’ үндэсний хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч Д.Балдан-Очир өнөөдөр Швейцарийн хөгжлийн агентлагийн Мал аж ахуйн төслийн  зөвлөх, доктор  Феликс Ротийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Феликс Рот Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттай ‘’Мал аж ахуй’’-н төслөөс Засгийн газрын ‘’Бруцеллёзоос эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр’-ийг дэмжиж, 2010 онд Мал эмнэлэг, үржлийн газар, аймаг, сумдын мал эмнэлэгийн албадтай хамтран Завхан, Сүхбаатар аймагт мал сүргийг бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх ажлыг эхлээд байгаагаа гишүүнд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир дээрх хэрэгжүүлж байгаа төсөл нь УИХ-ын нэр бүхий 20 гишүүнээс  санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа ‘’ Монгол мал’’хөтөлбөрийн 5 зорилтын нэг болох малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн агуулга зорилготой нийцэж байгааг сайшаан тэмдэглэлээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд манай улсад малын тоо толгой өсөж байгаа хэдий ч мал, малын гаралтай бүтээгдхүүнээ гадаад худалдааны эргэлтэнд оруулж, ашиг шимийг бүрэн хүртэж чадахгүй, малчин өрхийн орлого нэмэгдэхгүй байгаа нь малын эрүүл мэндтэй салшгүй холбоотой төдийгүй гадаад оронд мал, махаа нийлүүлэхэд тавигддаг гол шалгуурын нэг нь малын бруцеллёз өвчингүй байх шаардлага байдгийг Д. Балдан-Очир гишүүн онцоллоо.

Завхан, Сүхбаатар аймгийн малчин өрх, аж ахуйн нэгжийг бруцеллёз өвчинтэй тэмцэх ажилд хамруулснаар малаас хүнд дамжин халдварладаг энэ  өвчний тархалтыг  багасгах боломжтой төдийгүй малаа вакцинжуулалтанд хамруулснаар үржлийн мал, махан бүтээгдхүүнээ хөрш орнуудад экспортлох боломж нээгдэж, малчин өрхийн орлого нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа бөгөөд төсөл амжилттай хэрэгжсний дараа бусад аймгуудад үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа  доктор  Феликс онцоллоо.

Харин тус төслийг хэрэгжүүлэхдээ бруцеллёзийн вакцин болон бусад зардлыг Мал эмнэлэг, үржлийн газар, тарилгын үйлчилгээний хөлсийг орон нутгийн төсөвт суулган санхүүжүүлэхээр тусган, Сүхбаатар аймагт 698,6 сая, Завхан аймагт 949,0 сая төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн төсөлд багтаан Сангийн яаманд хүргүүлсэн  боловч дээрх төсвийн ихээхэн хэсгийг хассан байна.Үйлчилгээний хөлс ийнхүү танагдсанаас дээрх төсөл цаашид хэрэгжихэд хүндрэл гарсан учир төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа вакцины үйлчилгээний хөлсний зардлыг шийдвэрлэж өгөх хүсэлтээ гишүүнд хандан  уламжиллаа.

Мөн нотолгоонд суурилсан төслийн үр дүнг мэдээлснээр олон улсын хандивлагч байгууллагаас санхүүгийн дэмжлэг авах нөхцөл бүрдэхээс гадна энэ хоёр аймгийг ‘’Монгол мал’’ хөтөлбөрийн хүрээнд хийгдэх эрүүлжүүлэх ажлын загвар аймаг болгох боломжтой болох юм гэж тэрээр нэмж тайлбарлалаа.
Дашрамд дурдахад доктор Феликс Рот нь ‘’Монгол орны бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх ажлын хөгжил’’ сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд 1960-2005 оны хооронд Монгод Улс бруцеллёз өвчинтэй хэрхэн тэмцэж ирсэн талаарх төр засгийн бодлогыг судалж, стратеги, дүгнэлт гарган ажиллажээ.
ДЭМБ-ын мэдээгээр нэг сая хүн амд ноогдох бруцеллёз өвчтэй хүний тоогоор дэлхийд  эхний 3 орны тоонд  Сири,  Монгол, Киргизстан улс ордог юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.