“Монгол мал” үндэсний хөтөлбөр Дорнод аймагт
“Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил зүүн бүсийн зөвлөгөөн
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Чойбалсан хотод энэ онд болсон " Монгол мал үндэсний хөтөлбөр-Хөдөөгийн хөгжил" Зүүн бүсийн зөвлөгөөнд МУ-ын Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого", "Монгол мал" үндэсний хөтөлбөрүүдийг зөвхөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хийх ажил мэтээр явцуу хандаж болохгүй. Төрийн бүх яам агентлаг, байгууллагууд эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа, мэдээ мэдээллээ солилцон хамтран ажиллахыг үүрэг болгон, малчид, ард иргэдэд ойлгуулан сурталчлах ажил чухал шаардлагатай байгааг онцолсон юм.
Уг зөвлөгөөнд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, дэд сайд Ж.Сауле, ХЗБХ-ны дарга Д.Одбаяр, Улсын Их Хурлын гишүүн Баддан-Очир, Ч.Улаан, БОХХААБХ-ны дарга П.Алтангэрэл, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Засаг дарга нар, БСШУЯ, НХХЯ, МҮХНХ-ны удирдах албаны хүмүүс, Зүүн бүсийн сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малчдын төлөөлөл оролцов.
"Монгол мал" хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулж, Зүүн бүсийн аймгуудад тохиолдож буй гамшиг осол, төрөл, гамшгийн хохирол, хоршоодын гүйцэтгэх үүрэг, орон нутагт үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, мал аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэх, малчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг, оролцоо гэх мэт тулгамдаж буй олон асуудлаар илтгэл сонсож, санал хүсэлт тавьж, асууж, хариулж, ярилцлаа. Зөвлөгөөнөөс "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ЗӨВЛӨМЖ гаргалаа. Зөвлөгөөний төлөөлөгчид "Хэрлэн Номин" бизнес төвд "Эрчимжсэн мал аж ахуй", "Дорнодод үйлдвэрлэв" үзэсгэлэнг үзэж сонирхов.
ЖДҮХ Сан болон “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээл
2011 онд арилжааны 3 банкаар дамжуулан 2009-2010 оны Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөөс 49 аж ахуйн нэгж иргэнд 757.6 сая төгрөг, Бондын эх үүсвэрээс 35 аж ахуйн нэгж иргэнд 990.9 сая төгрөг, Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрээс 199 иргэнд 955.0 сая төгрөгийн санхүүжилтийг мөн сум хөгжүүлэх санд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт эрх нь шилжсэн 200.0 сая төгрөгийг аймгийн Засаг даргын 2011 оны А/264 дүгээр захирамжаар 13 суманд хуваарилж нийт энэ онд 2,903.5 сая төгрөгийн санхүүжилтийг 309 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллалаа.
Үүний үр дүнд 935.6 сая төгрөгийн санхүүжилтээр 31 үйлдвэр, цех, эрчимжсэн аж ахуй шинээр байгуулагдаж, 1.6 тэр бум төгрөгийн санхүүжилтээр 184 үйлдвэр, үйлчилгээний газрууд эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэн, тоног төхөөрөмжөө шинэчлэн, үйлдвэрийн байртай болж 606 ажлын байр шинээр бий болж, 509 ажлын байр хадгалагдан үлдсэн байна. Мал аж ахуйн чиглэлээр 68 төсөл дэмжигдэн 821.6 сая төгрөг, арьс шир, ноос ноолуур, эсгий боловсруулах чиглэлээр 15 төсөл дэмжигдэн 109.8 сая төгрөг, нийт 931.4 сая төгрөгийн санхүүжилт аваад ажиллаж байна.
“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” нийгмийн даатгалын салбарт
2010 оны жилийн эцсийн байдлаар Дорнод аймагт 4,1 мянган малчин өрхөд 8543 малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэн ажиллаж байна. Нийт малчдын 43.4 хувийг нь 16-34 насны залуучууд, 43.4 хувийг 35-аас тэтгэвэрт гарах /54-59/ хүртэл насны иргэд, 13.2 хувийг тэтгэврийн насны хүмүүс эзэлж байгаа юм. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдвал зохих 7414 малчин байгаагаас 2011 оны гуравдугаар улирлын байдлаар эрүүл мэндийн даатгалд 3780 малчин буюу 51 хувь, нийгмийн даатгалд 468 малчин 6,3 хувь нь хамрагдаад байна. Малчдыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах зорилгоор сумын Засаг дарга нарт сургалт явуулсны зэрэгцээ нийгмийн даатгалын хэлтсийн дарга, сумын Засаг дарга, сумын нийгмийн даатгалын байцаагчийн гурвалсан гэрээг байгуулан ажиллаж байна.
Хот орчмын бэлчээрийн төсөл чойбалсанд
АНУ-ын Засгийн Газар ,Мянганы Сорилтын корпорациар дамжуулан Монгол Улсад 285 сая орчим ам долларын буцалтгүй тусламжийг эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах зорилгоор зургаан төслөөр олгож байгаагаас Дорнод аймагт хэрэгжиж байгаа дөрвөн төслийн нэг нь Хот орчмын бэлчээрийн төсөл /ХОБТ/ юм. Өнгөрсөн оны есдүгээр сарын 21 нд аймаг орон нутгийн болон сумдын удирдлагын төлөөлөл, МСС-ийн төслийн зөвлөх Леонард нарыг байлцуулан зохион байгуулсан энэ арга хэмжээнд ХОБТ-ийн захирал Б.Алтанцэцэг ахлагчтай төслийн баг, Мониторинг үнэлгээний захирал Ууганбаяр, ажилтан Наранцогт нар ажиллав.
Шалгаруулалтад 60 бүлгийн төлөөлөл, бусад 60 гаруй хүн оролцсон. Нийтэд ойлгомжтой ил тод аргаар зохион байгуулсан тус шалгаруулалтаар Чойбалсан бүсээс хагас эрчимжсэн 57, эрчимжсэн гурван бүлэг төсөл хэрэгжүүлэхээр шалгарав. Өнгөрсөн оны аравдугаар сарын 12-нд санамсаргүй түүврийн аргаар тэнцсэн 60 бүлгийн ахлагч, гишүүд 118 малчныг оролцуулан, зохион байгуулах төслийн баг, орон нутаг сумын удирдах хүмүүс 47, нийт 165 хүнийг хамруулсан арга хэмжээгээр 60 бүлэг тус тусын нутаг бэлчээрийг урт хугацаагаар ашиглах эрхээ баталгаажуулав.
- Аймгийн малчин өрхийн 10 хувь нь бэлчээрээ урт хугацаанд эзэмших, гүн өрмийн худаг гаргуулах, малын хашаа байрны материалын дэмжлэг авах эрхийг анхлан авлаа
-Аймгийн нийт бэлчээрийн зургаан хувь нь малчдын 60 бүлэгт ногдож байна.
“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” эрүүл мэндийн салбарт
Малчдад нүүдлийн хэлбэрээр эмнэлгийн үйлчилгээний анхан шатны тусламж үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд, Чулуунхороот, Халхгол, Баян-Уул, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Булган, Чойбалсан, Матад суманд шүд, ЭНМЗ, дотор, нүд, ЭХО зэрэг мэргэжлийн эмч нар ажиллан 751 хөдөөгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэв. Учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэн сумын төвөөс алслагдсан багт амьдарч байгаа 2 жирэмсэн эх, төрсөн эх, нярай, 0-5 насны 18 хүүхэд, 65-аас дээш насны 5 ахмадыг сумын төвд татан ирүүлж эрүүл мэндийн хяналтанд авч ажиллалаа.
Алслагдсан хөдөө орон нутгийн хүн амд явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор Аймгийн ЭМГ, БОЭТ-тэй хамтран 11 нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй багийг энэ оны 5 дугаар сард Булган, Хөлөнбуйр, Баянтүмэн суманд ажиллуулж нийт 1229 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. ЭМС-ын 22 тоот тушаалаар алслагдсан хөдөө сумдын эмзэг ядуу бага насны хүүхдэд үнэ төлбөргүйгээр өгөх гурван төрлийн 219800 төгрөгийн эм, тариаг сумын эмнэлгүүдэд хуваарилан хүргүүллээ.
“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” нийгмийн халамжийн салбарт
НХХЯ-наас залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Булган, Чойбалсан, Чулуунхороот сумдын богд шилжүүлснээр 100 хүртэлх толгой малтай, 18-35 насны хөдөлмөрийн чадвартай ажилгүй иргэнийг сумын амьжиргаа дэмжих зөвлөлөөр хэлэлцэв. Үүнд 29 малчин өрхийн хөдөлмөрийн чадвартай 60 иргэнийг сонгон мэдээллийн санд бүртгэж, өрхийн хөгжлийн төлөвлөгөөний дэвтэр хөтлөн, өрхийн хэрэгцээг тодорхойлж, малчдын сургалт, "Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл" сургалтад хамруулан ажиллаж байна. Хөтөлбөрт хамрагдсан өрхүүдэд 59.7 сая төгрөгөөр 1583 толгой мал авч малжуулсан нь 2011 онд 2231 толгой болж өсчээ.
Өрхийн дундаж орлого анх 33.2 хувьтай байсан ба хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 23 хувиар нэмэгдэж, нэг өрхөд ногдох өрхийн дундаж орлого 50.5 хувиар хүртэл өсөв. Хөтөлбөрт хамрагдсан сумдын 15 малчин өрхөд тус бур 800 мянган төгрөгийн мал, таван өрхийн дунд таван сая төгрөгийн бага оврын трактор хадлангийн тоног төхөөрөмжийн хамт олголоо.
Мал ээмэгжүүлэн бүртгэлээ
"Монгол мал" үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар тэргүүлэх чиглэлийн 3.2.4 дэх заалтыг хэрэгжүүлэхээр гаргасан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2011 оны А/74 дүгээр тушаал, Аймгийн Засаг даргын 2011 оны А/303 дугаар захирамжийн дагуу Дорнод аймгийн үхэр сүрэг, цөм сүрэг, хээлтүүлэгч малыг бүртгэх ажлыг 2011 оны аравдугаар сарын 20-оос эхлэн зохион байгуулж аймгийн хэмжээнд 264.2 мянган мал ээмэглэхээс 80,2 мянган малыг ээмэгжүүлэн бүртгээд байна.
Үзэсгэлэн худалдаа-2011
Шилмэл малын үзэсгэлэн худалдаа"-г уламжлал болгон 5 дахь удаагаа энэ жил зохион байгууллаа. Энэ үеэр найман сумын 11 үүлдэр омгийн 73 толгой мал оролцож 8,2 сая төгрөгийн борлуулалт хийснээс барга омгийн хуцны эрэлт хэрэгцээ их нийтдээ зургаан сая төгрөгийн борлуулалтаар тэргүүлэв.
Ноосоо үндэсний үйлдвэртээ тушаасан малчдыг урамшуулал
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолын дагуу, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдийг урамшуулалд хамруулах ажилд тус аймгийн хэмжээнд 14 сумын 831 малчид, мал бүхий өрх хамрагдлаа. Малчид иргэдээс эсгийний үйлдвэр, цехэд тушаасан ноосны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгож байна. Малчид уг ажилд идэвхитэй оролцож нийтдээ 298 тонн ноосыг үндэсний үйлдвэр, цехдээ тушаасан байна.
Малын эрсдэлийн даатгал
Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийт' малчин өрхийн 10 хувийг МЭД /малын эрсдлийн даатгал/-д хамруулж Монгол Улсын МДНТ Данс / Малын даатгалын нөхөн төлбөрийн данс/-анд 20.500.000 төгрөг төвлөрүүлэх зорилт дэвшүүлсэн юм.
Энэ жил манай аймгийн 269 малчин өрх малаа МЭД-д даатгуулсан нь нийт малчин өрхийн 6,6 хувийг эзэлж, Монгол Улсын Малын даатгалын нөхөн төлбөрийн дансанд 21.847.156 төгрөг 60 мөнгө төвлөрүүлж тавьсан зорилтоо 106,5 хувиар биелүүлж МИД Төсөл амжилттай хэрэгжиж байна.
Барга омгийн хонь үүлдрээр удахгүй бүртгэгдэнэ
Хөлөнбуйр суманд мах өөхний хэвшлийн "БАРГА" омгийн хонийг Зүүн бүсийн үндсэн сайжруулагчаар олон жил ашиглаж байгаа боловч үүлдрийг нь албан ёсоор өнөө хүртэл батлуулаагүй явж иржээ. 2007 онд Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга А.Энхтүвшинээр ахлуулсан Барга омгийн хонийг үүлдрээр баталгаажуулах зорилгоор судалгаа шинжилгээ хийх ажлын хэсгийг Дорнод аймгийн Засаг даргын 233 дугаар захирамжаар томилон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Дорнодын уужим тал нутагт бэлчээрийн маллагааны нөхцөлд дасан зохицсон чийрэг өндөрдүү биетэй, цээж гүн, нэг нугалам илүү ууц ялимгүй өргөгдсөн, богинодуу зузаан, отоггүй сүүлтэй, мах,өөхөн ашиг шим давуу хөгжсөн, бүдүүн ноостой, тэсвэр хатуужил сайтай хонь бол барга хэвшил юм.
Мал сүрэг хувьчлагдсанаар судалгаа шинжилгээ явуулах ажлын хэсэг хоёр ч гарч малчдын хонин сүрэгт ангилалт хийж барга хонины стандартын шаардлага хангасан хонийг тодруулан үржлийн ажил явуулжээ. Монгол хонийг 1990 онд бие даасан үүлдрээр батлахдаа барга хонийг түүний доторхи бие даасан омог болохыг баталгаажуулсан болно. Мөн барга омгийн хонины стандарт 2008 онд шинэчлэн батлагдах үед 1400 гаруй барга хонийг шилж сонгосон байдаг.
Хувьчлал явагдахад 90 орчим хувь нь ардын аж ахуйтанд очиж хувьчлагдан үржлийн асуудал хариуцан ажилладаг мэргэжилтнүүд байхгүй, хонины үржлийн ажил зогсонги байдалд орсон юм. Энэ ажлын хэсэг нь малчдаар явж хонин сүргийг үзэн хэмжилт хийж, морфологийн болон имунобиолог, генетикийн шинжилгээ хийх дээж авч эхний шатны ажлаа амжилттай дуусгалаа. Энэ ажилд Хөлөнбуйр сумын ЗДТГ, аймгийн ЗДТГ-ын болон ХХААЖДҮГазар, МХГ, сумын МЭҮТасгийн мэргэжилтнүүд, малчид оролцлоо. Барга хонийг үүлдэр болгосноор зөвхөн Хөлөнбуйр сумын ч бус аймаг, Зүүн бүс нутагт ач холбогдолтой юм. Хоёр дахь шатны ажлыг ирэх оны 4-р сард явуулж үр дүнг лабораторын шинжилгээгээр баталгаажуулан шийдвэрлэх гэнэ.
Хөлбөрүүдийн хүрээнд 2011 онд зохион байгуулсан сургалтууд
"Монгол мал" үндэсний хөтөлбөрийн хүрээнд сумдад байгуулагдсан Мал эмнэлэг, үржлийн тасагтай хамтран ажиллах 'гэрээ байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдийн семинарыг 2011 оны хоёрдугаар сарын 11-12-ны өдөр ХХААЖДҮГ-т зохион байгуулав. Тус семинарт 14 сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт ажиллаж байгаа 38 мэргэжилтэн 100 хувь оролцож, Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, ХХААЖДҮГ-ын мэргэжилтнүүд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мөн спортын арга хэмжээ зохион явуулсан. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газраас, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Шаталсан сургалттай техник технологийн сургуультай хамтран "Малчны мэргэшүүлэх сургалт"-ын эхний ээлжийг 2011 оны зургаадугаар сард Чойбалсан хотод амжилттай зохион байгуулж гурван сумын 20 малчныг хамрууллаа.
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газартай, хамтран бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, малын өвчнийг анагаах арга ухаан, малчин ба нийгэм, малчин-фермер, малчны мэдлэг чадвар сэдэв бүхий 40 цагийн хичээлийн программтай "Залуу малчдад" зориулсан сургалтыг 2011 оны аравдугаар сард Цагаан-Овоо суманд зохион байгуулж 20 малчин хамрагдсан. "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар тэргүүлэх чиглэлийн 3.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор "Бог малын хээлтүүлэгч маллагчдын сургалт"-ыг зохион явууллаа.
Сургалтанд 14 сумын 30 малчин оролцож Хээлтүүлэгч малын арчилгаа маллагаа, онцлог, тохироо, зах зээлийн эрэлт хэрэгцээ, малаас хүнд халдварладаг өвчин гэх мэт олон сэдвээр хичээл заасан. Мөн малыг ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Мөн сургалтанд хамрагдсан 26 малчдыг бруцеллёз өвчний шинжилгээнд хамруулахад нэг малчин эерэг урвал үзүүлсэн. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар нь ӨМӨЗО-ы Баруун барга хошууны Малжих товчоо, ОХУ-ын Өвөр Байгалийн Хязгаарын Хөдөө аж ахуйн Яамтай хамтран ажиллах гэрээ байгуулан 2011 онд өөрийн байгууллагын мал зүйч, малын эмч хоёр мэргэжилтэнг Чита мужийн Үржлийн заводод 14 хоног туршлага судлуулсан ба ирэх онд малын эмч, агрономич хоёр мэргэжилтэнг сургах гэж байна. АЗДТГ-аас "Багийн хөгжилд төрийн дэмжлэг" сургалтыг зохион байгуулж 14 сумын Засаг дарга, 63 багийн Засаг дарга оролцон Багийн хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэр, аймгийн багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгөв.