Х.Баттулга: “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт бүрэн суулгана
Зөвөлгөөн дээр үг хэлэх үеэр
2012.09.28

Х.Баттулга: “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт бүрэн суулгана

“МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХААЖ ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Х.БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГ

Зөвлөгөөнд оролцож байгаа Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Бид өнөөдөр мал аж ахуйн салбарт тулгамдаад байгаа өндөр ашиг шимтэй таваарлаг малыг өсгөн үржүүлэх, сүргийн төрлийн зохистой харилцаа, бүтцийг бий болгон бэлчээрийн даацад малын тоог тохируулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай малтай болох зэрэг асуудлуудыг хэлэлцэж тодорхой шийдвэрт хүрэх зорилгоор энэ зөвлөлгөөнийг зохион байгуулж байна.

Шинэчлэлийн засгийн газрын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хариуцлагатай албыг хүлээн авсанаар Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт өнөөг хүртэл хийгдээд байгаа бодит судалгаанууд дээр үндэслэн шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж хүн амыг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр бүрэн хангах тодорхой хэсгийг экспортлодог болох зорилго тавин ажиллаж байна.

Энэхүү зорилго нь “Монгол мал” хөтөлбөрийг та бүхний оролцоотойгоор бүх шатанд үр дүнтэй хэрэгжүүлсэнээр мал эрүүлжиж, чанар нь сайжирч, нэг малаас авах ашиг шим нэмэгдэн, чанартай бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

Салбарын сайдын хувьд “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт бүрэн суулгаж, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх тул та бүхэнийг шинэлэг арга барилаар идэвхитэй ажиллаж бодит үр дүн гаргана гэж найдаж байна.

Ингээд зөвлөлгөөнөөс гарах шийдвэрээс гадна дараах асуудлуудад анхаарал тавьж шийдвэрлэхээр ажиллах болно. Үүнд:

  • Зах зээлийн харилцаанд тохирсон мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ явуулах заавар, журам, үйлчилгээний үнийг шинэчлэн боловсруулах
  • Хот суурин газрын хүн амыг мах, сүүгээр хангах зорилгоор эрчимжсэн мал аж ахуйг цогцолбороор хөгжүүлэх
  • Орон нутгийн хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийг “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд чадавхижуулах
  • Орон нутгийн онцлог, малын төрөл, ашиг шимийн чиглэлд нийцүүлэн сум бүрт хувийн хэвшлийн цөм сүргийн аж ахуйг бий болгох
  • Бэлчээрийн харилцааг зохицуулах эрхзүйн орчныг боловсронгуй болгох

Та бүхнээс зөвлөгөөнөөс гарах шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахыг хүсье.

Та бүхний ажл үйлс өөдрөг байж, мал сүргийн минь хишиг буян дэлгэрч байхыг хүсэн Зөвлөлгөөнийг хаасныг мэдэгдье.