УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2013.12.06

“Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хэрэгтэй

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Гэтэл тус хөтөлбөр муу хэрэгжиж, төрийн бодлогоор малчдаа өөдтэй дэмжихгүй байгаа тухай малчид ярьж байна.

“Монгол мал” хөтөлбөрт тусгаснаар мал сүрэг гэдэг бол монголын соёлын уламжлалыг авч яваа нөхөн сэргээгдэх баялаг, эдийн засгийн хөшүүргүүдийн нэг, нөгөө талаар хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс юм. Ер нь мал аж ахуй нь үндэсний эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод голлох нөлөөтэй. Ажиллагсдын 34,6 хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, ДНБ-ий 20 орчим хувийг үйлдвэрлэдэг.

Хөдөө орон нутагт дээрх хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт жил ирэх тутам буурч, ахмад малчдын халааг бэлдэх, залуу малчдыг дэмжих ажил орхигджээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Мал аж ахуй бол монголын ирээдүйг авч явах том бизнес. Эдийн засаг хямрахад хүн тансаг хэрэглээгээ орхиж болох ч, мах идэхгүй байж чадахгүй. Тиймээс Мал аж ахуйн бизнесийг дампууруулж болохгүй. Залуу малчдаа дэмжиж, малынхаа махыг гадаадад экспортлоход эрүүл ахуйн асуудлыг бүх талаар шийдэж өгөх хэрэгтэй байна" хэмээн хэллээ.

Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөн ч бэлчээрийн даац хэтэрч, малын төрөл хоорондын харьцаа алдагдаж малын чанар буурсан, малаас хүнд халдварлах өвчний тархалт ихэссэн зэрэг асуудал мундахгүй байна. Түүнээс гадна мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээл хумигдмал байгаагаас бүтээмж суларсан байна. Тиймээс ҮХААЯ-наас малын үйлдвэр угсааг сайжруулах, ус цэгийн тоог олшруулах, хадлан тэжээлийн бэлтгэлийг шинэ шатанд гаргахад гол анхаарлаа хандуулж байна.

 "Анх “Монгол мал” хөтөлбөрийг 73 тэрбумын боломжийн хөрөнгөтэй баталж байлаа. Харин 2014 онд зориулж 41 тэрбум төгрөгийг баталлаа. Тиймээс хөрөнгө санхүүжилтийг нэмэх, малчид руугаа хандсан тодорхой бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна" хэмээн ҮХААЯ-ны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг ярьсан юм.

Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсан хэдий ч малчиддаа хүрч ажилладаггүй. Нэгэнт төрөөс баталсан бодлого, хөтөлбөрийнхөө хөрөнгө оруулалтыг танахыг малчид эсэргүүцэж байна.