УИХ-ын дэд дарга Н.Энхболд Төв аймагт ажиллалаа
2012.03.19

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Төв аймагт ажиллалаа

УИХ-ын дэд дарга Н.Энхболд энэ сарын 14-15-ны өдрүүдэд Төв аймгийн Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Бүрэн, Алтанбулаг зэрэг сумдад ажилласан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд болон Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн нар ажилласан.

УИХ-ын дэд дарга Н.Энхболд иргэдэд УИХ-ын ээлжит бус чуулганы үр дүнг танилцууллаа. Мөн төрөөс малчдад хандан явуулж буй “ Монгол мал” хөтөлбөр, “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого” болон ирэх 6-р сарын 1-нээс эхлэн хэрэгжих Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн хуулийн талаар сумын иргэдтэй санал бодлоо солилцсон юм.Төв аймаг 2012 оныг “Нийгмийн салбарын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх” болон “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарласан байна. Энэ ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 6 суманд малчдын жишиг хоршоо байгуулахаар ажиллаж байгаа юм байна. УИХ-ын дэд даргын эхний ажилласан сум Төв аймгийн Баян-Өнжүүл сум байлаа.

Тус сум 2300 гаруй хүн амтай, 610 өрхтэй, сумын төвийн иргэдийн дийлэнх нь төрийн албан хаагчид байдаг байна. Энэ жил өвөлжилт өнөтэй сайхан байж, малын хорогдол гараагүй. Одоогийн байдлаар нийт хээлтэгч малын 15 хувь нь төлөөд байгаа ажээ.Уулзалтын үеэр сумын иргэд УИХ-ын дэд дарга болон дагалдан яваа холбогдох яамдын ажилтнуудаас орон нутгийн сонгуулийн талаар болон саяхан УИХ-аас батлагдан гарсан цалин тэтгэврийн нэмэгдэл, Монгол мал хөтөлбөрийн хүрээнд малчдад олгож эхэлсэн ноосны урамшууллыг хэрхэн авах, хоршоо байгуулах ашиг тусын талаар сонирхож байлаа. УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Хэдийгээр манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа ч эхэн үед иргэн бүрт төлөвлөсөн хэмжээнд хүртэл хүрч чадахгүй байгаа.

Гэхдээ сар бүр олгож байгаа 21 мянган төгрөг, цалин тэтгэврийн нэмэгдэл, зөрүүг арилгах зэрэг асуудлыг шийдвэрлэж байгаа нь бүгд уул уурхайгаас орж ирсэн эдийн засгийн өсөлтийн үр дүн юм. Энэ жил эдийн засаг 17 орчим хувь өссөн ч ажлын байр төдийлэн нэмэгдсэнгүй, ажилгүйдэл буурсангүй. Тиймээс энэ асуудлыг орон нутагт бодитоор шийдвэрлэх зөв гарц нь малчдын хоршоог сум, аймгийн хэмжээнд байгуулж ажиллах юм. Төрөөс сүүлийн 2-3 жилийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Үүний нэг жишээ бол Үндэсний үйлдвэрүүдэд ноосоо өгч байгаа малчдын тушаасан нэг кг ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн явдал. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 10 тэрбум төгрөгийг ноосны урамшуулалд олгосны нэг тэрбум төгрөгийг Төв аймаг авсан. Үүнээс 65 сая төгрөгийг Баян-Өнжүүл, 44 сая төгрөгийг Дэлгэрхаан, 62 саяыг Бүрэн сумын иргэдэд олгосон гэх мэтчилэн малчдын ахуй амьдралд шууд нөлөө үзүүлж байгаа. Хэрэв нэгдсэн хоршоотой болвол үүнээс ч илүү орлого олж болох боломж байгаа юм шүү хэмээн онцоллоо.

Гуравдугаар сарын 14-ны өдөр УИХ-ын дэд дарга Н.Энхболд тэргүүтэй ажлын хэсгийнхэн Дэлгэрхаан сумын иргэдтэй уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонссон. НҮБ-аас гаргасан уриалгын хүрээнд 2012 оныг Хоршоожуулах жил болгон ажиллаж байгаа Төв аймгийнхан Дэлгэрхаан сумыг жишиг хоршоо байгуулах 7 дахь сум болгон ажиллахаар төлөвлөсөн байна. Дэлгэрхаан сумын иргэдийн хувьд УИХ-аас гаргаж буй бодлого, шийдвэрүүдийн талаар мэдээлэл сайтай байгаа нь ажиглагдаж байлаа. 100 мянган айлын орон сууцыг орон нутгийн иргэдэд хэрхэн хуваарилах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад наснуудад олгодог нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр тэтгэмжүүдийн талаар асууж тодруулж байлаа. Өнгөрсөн жил Төв аймгийн “Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг дэмжих” жилийн ажлын хүрээнд хүн эмнэлгийн граж, дээвэр, сургалтын төв зэргийг засварлаж, ашиглалтанд оруулсан байна. Түүнчлэн сургуулийн дотуур байрны дээврийг засаж, биеийн тамирын талбай, хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуурыг нийт 60 гаруй сая төгрөгөөр бүтээн байгуулсан байна. Дашрамд дурьдахад Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт 1624 онд бичигдсэн Монголын их соён гэгээрүүлэгч Цогт хун тайжийн шүлгийг мөнхөлсөн дэлхийд ганцхан яруу найраг бичсэн чулуун хөшөө байдаг юм.

Гуравдугаар сарын 15-нд УИХ-ын дэд дарга Н.Энхболд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга агсан Ж.Самбуугийн нутаг Төв аймгийн Бүрэн суманд ажилласан. Өнгөрсөн жил өвөл, хавар өнөтэй байсан, малчид өвс тэжээлийн бэлтгэл сайн хангасан зэрэг нь малын тоо толгойг таван төрөл дээр өсөхөд нөлөөлж Бүрэн сум 190 гаруй мянган малтай болжээ. Сумын төвийн суурин 120 өрхийн 87 өрх газар тариалан эрхэлж, 15 мянган тонн хүнсний ногоо хураан авч сумын иргэдийн хэрэгцээнд нийлүүлсэн байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэгчдийн тоо урд оноос арван долоогоор нэмэгджээ.Харин Алтанбулаг сумын иргэд нутгийн үүлдрийн мах, өөхний “Алтанбулаг” хонийг голчлон үржүүлдэг юм байна.

Үүний сацуу Голланд улсын технологиор бяслаг үйлдвэрлэх жижиг үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд эсгийгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүлгүүд ажиллаж гярган бүс нэхэх, асар майхан оёх, эсгий гутал болон гэр ахуйн модон эдлэл үйлдвэрлэх зэрэг өрхийн үйлдвэрлэлүүд эрчимтэй хөгжиж байгааг сумын иргэд, удирдлагууд уулзалтын үеэр УИХ-ын дэд даргад танилцуулж байлаа. Алтанбулаг сум нийт 120 гаруй мянган толгой малтайгаараа аймагтаа гуравт ордог бөгөөд адуун сүргийн тоогоор тэргүүлдэг байна. Жилдээ мал аж ахуйн салбараас 800 гаруй сая төгрөгийн ДНБ үйлдвэрлэж байна. Дашрамд дурьдахад эсгий үйлдвэрлэлийн “Монгол эсгий” бүлэг 2012 оны Улсын тэргүүний бүлгээр шалгарчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.