Х.Баттулга: Үнэгүй амьдаръя гэвэл тийш явах хэрэгтэй
“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайд С.Батболдын өрөөнд ажлын хэсгийнхэн хуралдсан юм. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас дараах асуултад хариулт авав.
-Ажлын хэсгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тодруулахгүй юу?
-УИХ, Засгийн газраас баталсан “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зовлонтой асуудлууд бий. Хамгийн гол асуудал нь 100 мянган орон сууцыг барихад шаардах санхүүжилтийн эх үүсвэр юм. Сангийн яам, Монголбанк энэ асуудалд санаачлагатай ажиллахгүй бол Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдэх эрх мэдэл байхгүй. Тийм учраас Ерөнхий сайдад энэ талаарх холбогдох мэдээллээ өглөө. Манай яамнаас хийх ёстой ажлаа эхлүүлсэн. Зарим ажлыг ирэх дөрөвдүгээр сарын сүүл буюу тавдугаар сарын дундаас эхлүүлнэ.
Өнгөрсөн онд Засгийн газрын зүгээс Эх орны хишиг сангийн мөнгийг юунд зарцуулах вэ гэдэг судалгааг иргэдийнхээ дунд хийсэн. Нийт 850 мянга орчим иргэн “Бидэнд орон сууцны мөнгө хэрэгтэй байна” гэдэг саналыг өгсөн. Тийм учраас Хүний хөгжлийн сангаас бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн нэг сая төгрөгийг иргэддээ орон сууцны урьдчилгаа төлбөрөө хийхэд нь олгоод явах бололцоотой гэж үзсэн. Ажлын хэсэг дээр энэ асуудлыг ярилцаад, шуурхайлаад санхүүгийн схемийг гаргачихсан бай гэдэг үүрэг өгөөд гаргалаа.
-Орон сууцны зээлийн хүүг зургаан хувь руу буулга гэдэг чиглэл өгсөн гэх?
-Орон сууцыг урт хугацаагаар авахад жилийн зээлийн хүү нь бусад орны жишгээр зургаа орчим хувьтай байдаг. Энэ хэлбэр лүү ойртуулна. Бидэнд тийм боломж байгаа гэж ярилаа. Зээлээ төгрөгөөр үү, валютаар хийх үү гэдгийг иргэд өөрсдөө сонгох байх.
-Орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эх орны хишгээс өөр эх үүсвэр ашиглах бололцоо бий юу. Засгийн газар энэ чиглэлээр судалгаа хийж байна уу?
-Уул уурхайгаас эх үүсвэр босгох бололцоотой гэж ярьж байгаа. Тухайлбал, Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх том, том уул уурхайн компаниудаас урьдчилгаа авч болно. Жишээ нь, танай компани манайд 15-20 жил уур уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь. Иймд урьдчилсан байдлаар тодорхой нөхцөлөөр ийм хэмжээний мөнгийг суурьшуулах юм бол түүнийг бид иргэдээ орон сууцжуулахад зориулна гэдэг ч юм уу ийм нэг нөхцөл байж болно л доо.
-Нэр бүхий хүмүүс хоёр өрөө байрыг уул уурхайг ашиглаад шууд үнэгүй өгөх бололцоотой гэж мэдэгдээд байгаа. Ийм боломж бий юу?
-Боломжгүй. Үнэгүй юм авах гээд байвал хүн залхуу л болгодог. Бидний гаргасан төлөвлөгөөнд ажилгүй олон иргэдээр өөрсдөөр нь зам, барилга бариулъя. Ингэж байж өөрсдөд нь цалингийн зээл өгье гэж байгаа юм. Үнэгүй юм авах гээд дайраад байвал, бүгдээрээ л улайрна. Ямар тэтгэвэртээ суучихсан ахмадууд байгаа биш. Дан ялангуяа ажилгүй залуучуудыг хүчээр ч хамаагүй ажилд татан оролцуулах хэрэгтэй. Та бүхэн ч, үнэгүй юм руу дайраад байдаг сэтгэхгүйг дэмжиж ярихаа болих хэрэгтэй. Хүн ажилтай төрөлтэй байж, амьдрал сайхан байдаг гэдгийг ойлгуулмаар байна. Ер нь ч тэгээд үнэгүй амьдрах гээд байгаа бол үнэгүй газар байгаа. Тийм газар руу явах л хэрэгтэй.
-Орон сууцны зээлийг зөвхөн Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулна гэж ярьж байгаа юу. Аль эсвэл арилжааны банкууд ч бас давхар оролцохоор байна уу?
-Арилжааны банкаар л дамжуулна шүү дээ. Саяхан УИХ-ын намрын чуулганаар Хөгжлийн банк байгуулах хуулийг баталсан. Энэ банкаар дамжуулж, том том хөгжлийн стратегийн ажил руу хөрөнгө оруулна.
Г.Дар