Д.Ганхуяг: Баталсан хуулийнхаа үр дүнг үзээгүй байж өөрчлөх гэж байгааг ойлгохгүй юм
2011.06.04

Д.Ганхуяг: Баталсан хуулийнхаа үр дүнг үзээгүй байж өөрчлөх гэж байгааг ойлгохгүй юм

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Сэдванчиг, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Л.Гүндалай, Д.Ганхуяг, С.Бямбацогт нарын долоон гишүүн . спикер Д.Дэмбэрэлд өнгөрсөн долоо хоногт хандан Гол, мөрний урсан бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулахыг хүссэн. Мөн уг хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаар өнгөрсөн баасан гаригийн чуулганаар асуулгад хангалттай хариу авч чадсан уу?

-Мэдээлэл маш муу байсан. Ашигт малтмалын салбарт үзэл баримтлалаа нэгтгэх шаардлагатай байна. Ашигт малтмалаар хөгжсөн орнуудад нэг л үзэл баримтлал байгаа. Нэгдүгээрт, хүний эрүүл мэнд, хоёрдугаарт, байгаль орчны асуудал, гуравдугаарт, ашиг орлогоо тавьж байгаа юм. Манай улсын хувьд ийм замын заагт зогсож байна гэж ойлгодог. Өнөөдөр энэ салбарт нөхөн сэргээлт чухал байна. Ингэхдээ ой модны хагалбар, гол горхины эх бүрдэх газар нөхөн сэргээлт хийх нь маш чухал.Туул голын ус бохирдож, багасаж байгаа нь ашигт малтмалтай холбоотой. Энэ байдлыг зохицуулахын тулд урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх ёстой. Тэр яриад байгаа хайгуулын 254 лицензийг хоёр хуваагдсан гэж ойлгосон. Нэг хэсэг нь лицензээ авчхаад хайгуул хийгээгүй. Нөгөө хэсэг нь хайгуул хийсэн байна.

Хууль хангалттай сайн болсон. Стратегийн ордыг хамруулахгүй гэж заасан. 254 ордод ашиглалт эхэл-сэн орд байгаа болов уу.Тэдний хөрөнгө оруулалтын хэмжээ, ашиг, орлогын хэмжээ, улсад хэдэн төгрөгийн татвар төлсөн, нөхөн сэргээлт хийх санхүүгийн баталгаа байгаа эсэхийг тодорхой болгох шаардлагатай. Хуулийг хэрэгжүүлэхэд хийсэн " алхам асуулгаас харахад ойлгомжгүй байсан. Би хоёр зүйл асуусан юм. Өнөөдөр нөхөн сэргээлт, олборлох, хайх асуудлыг хоёр яам тусдаа хариуцдаг ч яг нөхөн сэргээлт болохоор нэг нэг рүүгээ түлхчихдэг. Хэдэн хувь нь техникийн, хэд нь биологийн нөхөн сэргээлт хийснийг нарийвчлан тогтоомоор байгаа юм. Австрали, Канадад тухайн ордыг ашиглаад дууссаны дараа зургаан сарын хугацаанд иж бүрэн нөхөн сэргээлт хийдэг юм билээ.

Ийм байдлаар явах хэрэгтэй. Архангайн Цэнхэр, Өвөрхангайн Уянга суманд өчнөөн гол горхи ширгэсэн, Орхон гол тасарсан гэж ярих юм. Гэвч энэ талаар ямар ч тоон баримт алга. Нөхөн сэргээлт хийх эдийн засгийн баталгаа хаана байна вэ гэхээр сайд нь 150 орчим сая төгрөг дансанд байгаа гэсэн. Яамных нь эмэгтэй хоёр тэрбум гэж байсан. Нөхөн Сэргээлтийн зардалд хоёр байтугай 200-300 тэрбум төгрөг шаардлагатай. Ингэхээр ашигт малтмалын тухай хуулиа яаралтай шинэчлэх шаардлага бий.Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд янз бүрийн тайлбар тавих юм. Ингэж байснаас нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй.

-Хууль хэрэгжүүлээгүй гэж байгаа. Хэрэгжүүлээгүй хуулийг өөрчлөх төсөл өргөн барьсан гишүүдийг буруутгаж, хардаж байгаа. Хууль хэрэгжүүлэхгүй бол батлах хэрэггүй биз дээ?

-Урт нэртэй хуулийг ергөн барихад, эсрэг хуулийн төсөл өргөн барихад ч би оролцоогүй.Учир нь би харъяалах байнгын хороонд байгаагүй. УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барих эрхтэй, түүнийг ойлгож байна. Хуулийг өмнө нь, ч өнөөдөр ч өргөн барьсан ялгаагүй. Хуулийг хэрэгжүүлж болох уу, үгүй юу, хэрэгжүүлэхийн төлөө ямар ажил хийсэн бэ ямар үр дүн гарсныг сонсоогүй байж өөрчлөх хуулийн төсөл өргөн барьсныг гайхаад л сууж байна.

-Хайгуулыг 254 лицензийг цуцалсан, үгүй гэх юм. Энэ талаар та юу мэдэж байна вэ?

-Энэ нэмэлт мэдээллийг Засгийн газраас авч хаврын чуулганы завсарлагаанаар газар дээр нь очиж танилцах хэрэгтэй. Хэд  хэдэн салбарт хэн нь юугаа хариуцаж байгаа нь ойлгомжгүй байх юм. Ашигт малтмалын салбарт нөхөн сэргээлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын аль нь мэдэгддэггүй. аюулгүй  байдал ч  ялгаагүй.Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байна. Хамгийн түрүүнд хүний эрүүл мэнд, байгаль орчин, эцэст нь ашиг орлогоо тавих ёстой шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.