Су. Батболд: Туул гол гаталсан мориноос гурав хоног өмхий үнэртдэг
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Туул голоо хамгаалахаар Д.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарсан.Тус ажлын хэсэг Туул голын өнөөгийн байдалтай танилцахаар Алтанбулаг сумыг зориод ирсэн юм. Үүнтэй холбогдуулж тус ажлын хэсгийн гишүүн Су.Батболдтой ярилцлаа.
-Туул голын ажлын хэсэг Төв аймагт ажиллаад ирсэн.Энэ талаар тодруулахгүй юу?
-Юун түрүүнд бид Туул голд бохир ус нийлүүлж байгаа асуудалтай танилцсан. Улаанбаатарын 22-ын товчооны тэр хэсэгт томоохон гол шиг хэмжээтэй бохир Туул руу цутгаж байна. Шулуухан хэлэхэд тэр чигээрээ баас шээсээ шууд урсгаж байгаа хэрэг.Үнэр танар
гэж авах юмгүй. Эндээс харахад Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж ажиллаж байна гэж итгэхэд бэрх. Бид өөрсдөө урсгалынх нь дээр амьдарч байгаа учраас анзаарахгүй л дээ. Газар дээр нь очоод харвал юун тэр утаа гэж хэлмээр санагдсан. Өвлийн хэдэн сардаа л утаатай байдаг бол Туул гол руу бүтэн жилийн турш бохир, хог, баас, шээс, хороо цутгаж байгаа нь бүр том гамшиг юм.Тиймээс энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа.
-Бохирын асуудлаас гадна ажлын хэсэг өөр ямар зүйлд анхаарал хандуулж байна вэ?
-Мэдээж эхний ээлжид Туул голд бохир ус нийлүүлж байгаа асуудал байгаа ч үүнээс гадна сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа карьерын асуудал байна. Эдгээр карьеруудын үйл ажиллагааг даруй зогсоохгүй бол болохгүй нь.
-Асуудал байна гэж яриад удлаа. Энэ асуудлуудаасаа салах ямар арга зам хайж байнавэ?
-Бохирын асуудлаа шийдэхийн тулд нэн даруй Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг олон улсын хэмжээнд хүртэл шинэчлэх асуудлыг Засгийн газар яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн Улаанбаатар хотод байгаа ноос арьс, шир угаах үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах хэрэгтэй. Бидний уух усаар түүхий эдээ угаачхаад хортой ялгадсаа буцаагаад Туул гол руу цутгачихдаг олон үйлдвэрүүдийг шууд хаамаар байна. Улаанбаатарт ноосоо угааж, арьс ширээ боловсруулах ямар ч хэрэг алга. Учир нь манайх боловсруулсан түүхий эдээрээ дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа. Гэтэл өнөөдөр анхан шатны хамгийн хортой шат дамжлагыг нь Монголд хийгээд урагш нь гардаг.Тиймээс байгальд хоргүй юм чинь түүхийгээр нь гаргая л даа. Үнэхээр боловсруулсан түүхий эдээ ашиглах шаардлагатай гэж байгаа бол тэдгээр үйлдвэрүүдээ хотоос гаргаж, бохирыг нь цэвэрлэх тусгай байгууламж шинээр барих хэрэгтэй. Ер нь монголчууд юмыг бэлэнчлэх дуртай сонин ард түмэн юм. Голын хайргаа зам, барилгын салбартаа ашигладаг манайх шиг улс орон бараг байхгүй. Уулын чулуугаа бутлаад түүнээсээ стандартын хайрга гаргаж авдаг байтал бид нар бэлэнчлээд л голынхоо хайргыг олборлочхож байна.
-Одоо хэдэн аж ахуйн нэгж Туул голын савнаас хайрга олборлож байна вэ?
-Туул голын сав дагуу Сонгино, Шувуун фабрик,Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт нийтдээ 40 гаруй аж ахуйн нэгж хайрга олборлож байна. Маш замбараагүй том нүхнүүд л үлдэж байгаа. Бас болоогүй 40-50 тоннын даацтай маш том машинуудаар хайргаа зөөснөөс болж Улаанбаатар хотын зам авах зүйлгүй боллоо. Эмээлтийн замаар зөөдөг болсон чинь нөгөө машинууд нь шинэ замыг юу ч үгүй болгож байна.Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Ингэхдээ тухайн компаниудад тодорхой хугацаа өгөөд ухсан нүхийг нь бөглүүлнэ.Тэгсэн хойно нь хуучин хайрга олборлодог байсан Таван толгойн карьер рүү нүүлгээд Улаанбаатар хот руу хайргыг зөвхөн галт тэргээр зөөдөг байх ёстой. Голын хөндийн хайрга гэдэг чинь голынхоо усыг барьж байдаг байгалийн бүтэц.Үүнийг нь хөндчихөөр гол ууршиж, газрын гүн рүүгээ шингээд орчихдог юм.
-Хайрганы карьеруудыг хаадаг ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд байгаа нь ямар шалтгаантай гэж бодож байна вэ. Хэрэгждэг хууль тогтоомж гэж байна уу?
-Ер нь иргэдтэй уулзаж байхад хайрганы карьеруудыг чадах чинээгээрээ хаадаг боловч энэ ч дарга, тэр ч дарга утасдаад нээчихдэг юм гэж хэлдэг. Одоо бид дарга нараас хамааралтай байдгаа болих хэрэгтэй.Төрөөс баталсан хуулиа төрийн албан хаагчид нь дагадаг байх ёстой.Түүнийг хянадаг нарийн тогтолцоог шинээр бий болгох шаардлага гарч ирж байна.
-Алтанбулаг суманд байдал харьцангуй хүнд байгаа гэж сонссон?
-Бохирдлынх нь эхэн дээр байгаа.Тэгэхээр Туул голын бохирдол хамгийн хүндээр тусч байгаа нь Алтанбулаг сум гэж хэлж болно. Сумын иргэдийн ярьж байгаагаар тэнд мал хордсоноос хээл их хаядаг, хавар зуны улирлын эхэнд өмхий үнэр нь хэрээс хэтэрдэг гээд Туулын бохирдлоос үүдсэн асуудал олон. Хавар гол гаталсан хүний мориноос гурав хоног өмхий үнэртдэг байх жишээтэй. Тиймээс үүнийг маш хурдан таслан зогсоомоор байна.
-Цэвэрлэх байгууламжийн удирдлагуудаас техникийн шинэчлэл хийх саналууд тавьж байсан болов уу?
-Өгч л байсан.Тэгээд одоо бидний чадаж байгаа нь л энэ гэж хэлдэг. Чадаж байгаа гэсэн чинь бохир нь тэр чигтээ гарч байна. Тиймээс Засгийн газраас энэ асуудлыг маш түргэн шийдэх хэрэгтэй. Ер нь манайх шиг гүний худгаас цэвэр усаа татаад түүнийгээ жорлон, цахилгаан станцын хөргөлт, ноос угаах үйлдвэртээ ашигладаг улс орон ганц ч байхгүй. Ус гэдэг зүйл алтнаас ч үнэтэй болж байгаа цагт эдгээр үйлдвэрийн хэрэглээний усыг хоёрдогч буюу саарал уснаас гаргаж авдаг байтал бид уух усаа түүнд нь зарцуулж урсгасаар байна. Гэтэл 10 жилийн дараа Улаанбаатар хот уух усгүй болно гэж байдаг.
-Хаана гэж олон жил ч ярилаа.Тэгэхээр илүү үр дүнтэй байхын тулд ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа вэ?
-Хамгийн гол нь бид очиж үзээд ярьж байгаа зүйлсээ үр дүнтэй болгох ёстой.Тэр ч утгаар нь ажлын хэсгийн дүнгийн хуралдаа иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн болон байгаль хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллагуудыг оролцуулаад томоохон хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байгаа.Үүн дээрээ үндэслээд Засгийн газарт маш том чиглэл өгөх хэрэгтэй байна.