Л.Гантөмөр: Шинэ нэр нь олон түмэнд төдийлөн хүрэхгүй байгаа учир МАН пропорционалиас ухраад байна
2011.04.22

Л.Гантөмөр: Шинэ нэр нь олон түмэнд төдийлөн хүрэхгүй байгаа учир МАН пропорционалиас ухраад байна

-Гэтэл урт нэртэй хууль нь хавтгайрсан хоригийг уул уурхайн бизнест тавьсан-
-МАН-ын хэд хэдэн гишүүн АН хамтарсан Засгийн газраас гарч, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэ хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлж байна. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Хамтраад хийж болох юмаа хийчихлээ, цаашид дангаараа засгаа барья гэж санал гаргаж байгаа л асуудал.Хувь хүмүүсийн санаа бодлыг би хүндэтгэж байна. Хүн болгон л санал бодлоо илэрхийлэх эрхтэй шүү дээ.

-Тэгвэл хамтарсан Засгийн газар хийх ёстой зүйлсээ бүгдийг хийчихсэн хэрэг үү?

-Ямар ч байсан стратегийн орд газруудыг эргэлтэд оруулах асуудал шийдэгдчихсэн гэж ойлгож байгаа. Нэг жишиг тогтчихлоо. Цаашид жишгээ бариад явах хэрэгтэй. Харамсалтай нь хамтраад системийн олон өөрчлөлтийг хийе гэж тохиролцсон.Тухайлбал, төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийн эрх чөлөө, мэргэжлийн холбоодод эрх мэдэл шилжүүлэх ажил, засаг захиргааны шинэчлэлийн асуудал гэх мэт нийгэмд тулгараад байгаа асуудлуудаа хийж чадахгүй байна. Хийх хүсэл зориг нь өнөөдрийн Засгийн газарт дутагдаж байна.Үндсэн зарчим нь өөр хүмүүс бол асуудлыг өөр өөрийнхөөрөө л хардаг юм байна гэж бодогдож байна.Тухайн үед сэтгэлийн хөдөлгөөнөөр аль алиныг нь шийдье гэсэн боловч үр дүн гарахгүй байна. Тухайлбал, төрийн бус байгууллагуудад эрх мэдэл шилжүүлэх ажил явагдахгүй байна, төрийн албан хаагчдын тоог цөөлөх, цомхон хурдтай болох ажил хийгдсэнгүй, тендерийг ил тод болгох, булхай луйвар, авилгаас сэргийлэх ажил огт явагдахгүй байна гэх . мэтчилэн ажлууд урагшаа хөдлөхгүй байна. Наад зах нь сонгуулийн тогтолцоогоо эрүүл саруул болгое гэж ярьсан.Тэр нь ажил хэрэг болсонгүй, дараагийнхаа сонгуулийг угтаж байх жишээтэй.Тэгэхээр чадах юмаа хийж чадаж байна, ихэнхдээ хамтраад хийнэ гэдэг бүтэхгүй юм байна гэсэн дүр зураг харагдаж байна.

-Тэгэхээр энэ Засгийн газар улс орны олон чухал асуудлыг шийдэж чадахгүй нь гэж ойлгож болох уу?

-Хэрэв бид сөрөг хүчин байгаад, нийгэмтэйгээ ойлголцоод, олонход шахалт үзүүлж чадах юм бол зарим нэг зүйлийг хийж чадах байх.Тэгэхгүй олонхоо дагасан маягаар энэ хэвээрээ явбал асуудлыг шийдэж чадахгүй.

-АН хамтарсан засгаас гарч, сөрөг хүчин болсноор, улс орны өмнө тулгамдсан бусад асуудлыг шийдэх чадах болов уу?

-Намын шийдвэрийг би хэлж мэдэхгүй. Хэрэв би шийддэг бол засгаасаа гараад сөрөг хүчин, цөөнхийнхөө үүргийг парламентад гүйцэтгэмээр л байна.

-Саяхан болсон улс төрийн намын дарга нарын уулзалтад сонгуулийн пропорциональ тогтолцоог илүүд үзэж буйгаа илэрхийлж байсан. Пропорциональ тогтолцоо нь ард түмэнд хэр ашигтай юм бэ?

-Тэр уулзалтад МАН-ын дарга байгаагүй.Тэр нь надад их сонин харагдсан. Парламентад олонхын суудал авсан намын дарга нь оролцож, сонгуулийн пропорциональ тогтолцоогоор явъя гэсэн шийдвэр гаргаагүй тохиолдолд хамтарсан шийдвэр гэхэд хэцүү.Гэхдээ бусад нам нь санал бодлоо илэрхийлж нэгдмэл болоод Ардын намыг шахах хэрэгтэй. Ингэж шахаж чадах юм бол болно.Өмнөх МАХН-ын хувьд пропорционалиар явъя гэдгийг хуучин дарга нь ярьдаг, бүр шийдчихсэн байсан. Харамсалтай нь нэрээ солиод энэ чиглэлийн алхмуудыг огт хийхгүй байна. МАХН-ын шинэ нэр нь олон түмэнд төдийлөн хүрэхгүй байгаа учир МАН пропорционалиас ухраад байна л гэж харагдаж байна.

-Магадгүй МАН пропорционалиас ухрах гэсэндээ олны анхаарлыг өөр тийш хандуулж парламентын хоёр танхимтай болох асуудлыг хөндсөн юм боловуу?

-Өнөөдөр байгаа парламентын системээ төгс төгөлдөр болгож, дээр хэлсэн нийгмийн олон асуудлыг шийдэж чадахгүй байгаа байж даахгүй нохой булуу хураана гэсэн үг болно биз дээ. Хоёр танхимтай парламент гэдэг сонгодог утгаараа байгуулагдах ёстой.Түүнээс бус дээд танхим нь ард түмний хуралдай хэлбэрээр явна гэвэл хаа ч байхгүй зүйл. Өнөөдөр 76 гишүүн, 76 жалга руу төсвийн мөнгийг хувааж байршуулсаар байгаад төрийг туйлдуулж байна гэж олон эрдэмтэн, судлаачид хэлж байгаа. Миний хувьд ч тэгж хэлж, ярьдаг.Гэтэл 360, 400 болгох юм бол 400 жалга руу төсвийн мөнгийг хуваах асуудал үүснэ. Ингэхээр хөгжлийн төсөв, бодлого гэдэг зүйл үгүй болно.Тийм учраас төр даахгүй. Нөгөө талаас өнөөгийн монголчуудын ухамсар, нутгархаж байгаа байдал зэрэг нь хоёр танхимтай парламентыг хүлээж авах чадамж байхгүй гэдгийг харуулж байна.Тэгэхээр хоёр танхимын асуудал нь сонгуулийн системийг пропорциональ болгон өөрчлөхөөс зугтах, шударга сонгуулиас зайлсхийх, олон түмний санаа бодлыг төөрөлдүүлэх алхам юм.Түүнээс бус хоёр танхимтай байх эсэх нь Монголын нийгмийн тулгамдсан асуудал биш. Одоо байгаа парламент, Ерөнхийлөгч, Засгийн газрын учир дутагдалтай зүйлийг засах ёстой байтал түүнийг засалгүйгээр намынхаа нэрийг засаад явж байгаа шиг дахиад төрийн, хууль тогтоох' байгууллагын хэлбэрийг өөрчлөөд явна гэдэг бол бүтэхгүй.

-Тэгвэл таны хэлж байгаа сонгодог парламент гэж юу юм бэ?

-Дээд, доод танхимтай. Хоёул өөрийн"гэсэн үүрэгтэй, байнгын ажиллагаатай байх ёстой. Өнөөдөр манай дээд танхимын үүргийг Ерөнхийлөгч болон түүний алба хүлээдэг. Хуульд хориг тавих, санаачлах, гадаадад Монгол Улсыг бүрэн төлөөлөх, хуулийн байгууллагын удирдлагад нэр дэвшүүлэх, томилох эрхтэй байдаг. Ер нь сонгодог парламентад байх бүх эрх, үүрэг Ерөнхийлөгчид л байна.Үүнийг л буцаагаад танхимаар сольё гэж санаачлаад байгаа хэрэг л дээ, энэ МАН-ынхан. Гэхдээ Ерөнхийлөгч тэр үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа болохоор өнөөдөр улс орон хөгжихгүй байгаа юм уу, төсөв мөнгөний бодлого явахгүй байна уу, засаг захиргааны шинэчлэл явахгүй байна уу гэхээр үгүй л байхгүй юу. Энэ бол үндсэндээ одоо байгаа засгийн бүтэц нь ажил хийхгүй, ажиллаж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Унтаж, найрлаж наадах, рекламдаж шоу-дах, тууз хайчлах, өөрийгөө дөвийлгөх ажил нь хэт ихсээд хийх ёстой ажлаа хийж чадахгүй явж байгаад нийгмээс ирж байгаа шахалт дарамтыг даахгүй болохоороо бултах хэлбэрийг хийж байгаа юм. Энэ бол буруу. Бид одоо байгаа засаглалынхаа тогтолцоо, харилцааг цаашид хамгаалаад явах ёстой. Саяын уулзалт парламентын засаглалаа цаашид хүчтэй болгох чиглэлээр улс төрийн намууд нэгдсэн байр суурьт хүрсэн юм билээ. Энэ нь сайн хэрэг. Бид наад зах нь сайд нарыг УИХ-ын гишүүн биш болгох ёстой. Парламентаа пропорциональ болгож, жижиг намуудад хаалга нээж өгөх хэрэгтэй. Ард түмний санал үнэхээр парламентад тусгалаа олох ёстой. Энэ мэт зүйлсээ хийх ёстой шүү дээ. Ийм олон асуудал овоорчхоод байхад хоёр танхим гэдэг ч юм уу шал өөр, онцын шаардлагагүй зүйл рүү оруулж байгаад харамсаж байна. Энэ асуудалд МАН-ын дарга итгэл үнэмшлээрээ ороогүй байх гэж бодож байна. МАН-ын удирдлага, удирдах зөвлөл, хурал, бүлгээр хэлэлцсэн асуудал биш байх. Зүгээр л МАН-ын даргын гаргасан санал болов уу.

-Үүнийг Сонгуулийн хуулийг хэлэлцэх цаг хугацааг хойшлуулах гэсэн арга гэсэн хардлага бий?

-Хуучин сонгуульд МАХН нэрээр орж, олонхын суудал авчхаад, намынхаа нэрийг сольсон нь нийтэд хүрэхгүй байна шүү дээ. Сонгуулийн амлалт, хариуцлагаас бултаж, зугтаалаа гэдгийг олон түмэн ойлгож байна.Энэ шинэ нэрээрээ сонгуульд пропорциональ хэлбэрээр орохоосоо л болгоомжлоод байгаа дүр зураг надад харагдаж байна. Тиймээс Сонгуулийн хуулийг хэт хойшлуулаад байна. Аль ч системээр явсан сонгууль өөрөө шударга явагдах ёстой. Тооллого, нэрийн жагсаалт, мөнгөн амлалтаар санал худалдан авах, мөнгө тараах байдлыг болиулах хэрэгтэй. Тиймээс эхний ээлжид энэ байдлыг болиулах талаар эцэслэн шийдье гэж хоёр намаас төлөөлөл оруулж ажлын хэсэг гаргах санал тавьсан.Энэ асуудал хаврын чуулганаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна.

-Энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн өөр нэг чухал асуудал бол хүмүүсийн нэрлэснээр урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлторуулах тухай хуулийн төсөл. Шинэ хуулийн төсөлд хөрөнгө оруулсан компаниудад нөхөн олговор олгохгүй байхаар тусгаж байгаа юм билээ. Та үүнд ямар байх суурьтай байгаа вэ?

-Уул уурхайн бизнест хавтгайрсан хориглолтын нэг том алхам явлаа шүү дээ. Үүнд нөхөн олговрыг засаг даахгүй гэж миний хувьд харж байгаа.Тиймээс яаралтай засвар хийх хэрэгтэй. Үнэхээр гар хүрч болохгүй хэсгээ дархан цаазтай болгочихсон, нөгөө хэсэг газраа тусгай хамгаалалтад авсан,дээр нь Усны болон Ойн хуулиар усны эх бүрэлдэх газрыг хамгаалалтад авсан, Ойн хуулиар ойн сангаа хамгаалчихсан. Гэтэл урт нэртэй хууль нь хавтгайрсан хоригийг уул уурхайн бизнест тавьсан. Яагаад гэвэл ус горхи урсаж байгаа, бут сөөгтэй ургаж байгаа газар бүрийг хориглолоо. Тэгэхээр энэ нь Засгийн газар өөрөө даахгүй, хоёрдугаарт энэ алхам нь цаашид Монгол Улсад тогтвортой бизнес байх уу, үгүй юу гэдэг эргэлзээг бий болгож байгаа юм. Монгол Улсын Их хурал болоод Засгийн газар цаашлаад монголчууд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн бизнесийг зогсоох, булааж авах хандлагатай хүмүүс бий болох нь. Өнөөдөр Монголд. бизнес эрхэлж байгаа ямар ч хүнд итгэл үгүй болно. Хөрөнгө, хийж байгаа бизнес нь баталгаагүй болно. Тиймээс бид энэ алдаагаа ямар нэгэн байдлаар засаж залруулахаас өөр гарц байхгүй. Нөхөн олговрыг үнэхээр өгч чадна гэж үзвэл ямар нэгэн байдлаар ялгаварлалгүй өгөх хэрэгтэй. 20 жил уул уурхайгаар амьдарсан хүмүүс өнөөдөр хаана ажиллах юм, тэр чиглэлээр бизнес эрхэлдэг байсан хүмүүс ямар ажил хийх вэ. Тэр улсуудын хийсэн хөрөнгө оруулалтыг нөхөж чадаж байгаа бол өгөх хэрэгтэй. Ер нь уул уурхайд чиглэсэн хоёр том бодлого хэрэгжүүлэх ёстой. Үүний эхнийх нь хотын асуудал нь дэд бүтэцтэйгээ цуг тавигдах хэрэгтэй. Нөгөөх нь олон улсын жишигт нийцсэн маш сайн стандартыг тавьж мөрдүүлэх. Иймэрхүү асуудлаа шийдэхийн оронд хавтгай хориг тавьж зогсоох нь буруу. Дараа нь хэн нэгэн уул уурхайн эсвэл өөр ямар ч бизнес эрхлэхэд дуртай нь дуртай үедээ зогсооход бэлэн болгох нөхцөл бүрдэж байгаа юм. Тэгэхээр Монголд хэн ч бизнес хийхгүй. Хүмүүсийн ажил хийе гэсэн хүсэл зориг хийсэж үгүй болно. Ингэж алга болгохгүйн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Үүний нэг нь энэ шинэ хууль өргөн барьсан хүмүүс юм болов уу.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.