Г.Баярсайхан: Чонын тоо толгой цөөрөх нь нүүдлийн мал аж ахуйд сөргөөр нөлөөлнө
2011.04.04

Г.Баярсайхан: Чонын тоо толгой цөөрөх нь нүүдлийн мал аж ахуйд сөргөөр нөлөөлнө

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Хоёр хоногийн дараа УИХ-ын хаврын чуулган эхлэх нь. Та энэ удаагийн чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулав. Тойрогтоо ажиллав уу. Иргэдээс ямар санал санаачилга, хүсэл гарч байна вэ?


-Намрын чуулганы завсарлагаанаар Чингэлтэй дүүргийн сонгогчидтойгоо уулзаж, тойрогтоо ажиллалаа. Уулзалт хийх явцдаа газар дээр нь шийдэж болох орон нутгийн асуудлуудыг ч шийдлээ. Энэ жил тойрогтоо Гэрэлтэй Чингэлтэй", "Эко парк", халуун ус, гүүр, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 10 дугаар хороонд "Эрүү нүүрний үндэсний төв" байгуулах зэрэг хөтөлбөр ажлуудыг санаачилж хэрэгжүүлсэн маань олны талархлыг хүлээсэн байна. Уулзалтад ирсэн иргэдийн ярьж буй өөр нэг чухал асуудал нь намрын чуулганаар батлагдсан Тэмдэгтийн хураамжийн тухай хууль байлаа. Манай тойрогт найман нэрийн барааны дэлгүүр 400 гаруй байдаг. Тус дэлгүүрийн эздийн төлөөлөлтэй уулзахад өмнө нь найм, зургаан нэрийн барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл авахад 15 мянган төгрөг байсан бол шинэ хуулиар 10-20 сая төгрөг болсон. Энэ бол бизнесийг дэмжих жилийн хүрээнд хийгдэж байгаа бизнесийг боох ажиллагаа юм уу гэж иргэд олонтаа асууж, УИХ-ын гишүүдийг эргэж харах санал дэв-шүүлж байлаа. Үүний дагуу нэр бүхий гишүүд хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах гээд ажиллаж байна. Төр бизнес эрхлэгчдээ тэмдэгтийн хураамжаар боох биш дэмжих ёстой. Энэ үүднээс хандахаар найман нэрийн дэлгүүрүүдээс авах тэмдэгтийн хураамжийн хамгийн боломжит хувилбар нь 50-100 мянган төгрөг  байхад тохиромжтой юм билээ. Үүнийг хуулийн төсөлд суулгаж өгөөч гэж иргэд хүсэж байна.

-Та чоно хамгаалах хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн үү?

-Манайд хангайн, талын гэсэн хоёр чоно бий. Ойрын жилүүдэд малын шүлхий өвчин ихээр гарах болсон. Энэ нь зээрийн сүргийн бүтцэд өөрчлөлт орсонтой холбоотой. Нэг үгээр хэлбэл, зээрийн өвчлөлийг хянаж байдаг чоно гэдэг амьтны тоо толгой эрс цөөрсөн гэсэн үг юм. Ялангуяа талын чоно бараг байхгүй болчихсон гэхэд болно. Чонын тоо толгой цөөрөх тусам малчдын амьдрал дагаад доройтно. Тиймээс малыг нь эрүүл байлгахын тулд чоныг тодорхой хэмжээний хяналтад байлгах ёстой. Энэ үүднээс би талын саарал чоныг хамгаалах хуулийн төслийг Засгийн газарт өгсөн. Тун удахгүй хариугаа авна. Дэмжих болов уу гэж найдаж байгаа. Мөн өнөөдөр сонины экологийн танхимд эрдэмтдийн хэлэлцүүлэг зохион байгуулсан.

-Тэгвэл чоноо хамгаалах талаар хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?

-Чоно цөөрч байгаагийн гол шалтгаан нь хэмжээ хязгааргүй агнаж байгаа явдал. Тиймээс хуулийн төсөлд зөвшөөрөлгүй ан хийсэн тохиолдолд тухайн буу ангийн хэрэгсэл, машин тэргийг нь хураана гэдэг талаас нь нэлээд тусгагдсан байгаа. Түүнчлэн чонын эд эрхтэн худалдаж авна гэх мэт хууль зөрчсөн реклам сурталчилгааг бүрэн зогсоохоор тусгасан. Тухайн орон нутаг агнах тоогоо тогтоох талаар ч нарийн заасан байгаа. Монгол чоно цөөрч, устсанаар экологийн тэнцвэр алдагдаж улмаар монгол нүүдлийн мал аж ахуйд сөргөөр нөлөөлнө.

-Та ус ашигласны татварыг нэмэх тухай хуулийн төсөл боловсруулж байгаа юм уу?

-Монголын байгаль орчныг хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл хэмээх төрийн бус байгууллагатай хамтран Ус, рашаан ашигласны төлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өнгөрөгч пүрэв гаригт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагынхан оролцсон. Ямарваа нэгэн хууль батлахад иргэд, иргэний нийгмийн төлөөлөл зайлшгүй байх ёстой гэдэг үүднээс уг хэлэлцүүлгийг явуулсан юм. Ус бол дэлхий нийтэд хамгийн үнэтэй бүтээгдэхүүн болоод байна. Дэлхийн зарим улс орнууд цэвэр уснаасаа болоод мөргөлдөөнд ороод байна шүү дээ. Тиймээс бид өнөөдөр усны үнэлгээний асуудлыг эргэж харах цаг болсон. Ус нь үнэтэй юм шүү гэдэг ойлголтыг нийгэмд өгөх ёстой. Ингэхдээ суурь үнийг бий болгож, усыг ариг гамтай ашигласан иргэн байгууллагад урамшуулал хүртээх маягаар ший-дэх юм. Түүнээс бус усны үнээр улсын төсөвт мөнгө хурааж аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэх асуудал биш юм шүү.

-Чингэлтэй дүүргийн АН-ын хороод нэлээд маргаантай байснаа саяхан эв зүйгээ олох шиг боллоо. Та энэ дүүргээс УИХ-д суугаа гишүүний хувьд асуудалд хэрхэн хандаж байв?

-2012 он ойртох тусам Ардчилсан нам нэгдмэл цул байх ёстой гэдэг үүднээс намынхаа эрх ашгийг бодож би өөрөө хойшоо нэг алхам ухарсан. Энэ нь юу вэ гэхлээр Чингэлтэй дүүргийн хоёр тусдаа байсан намын нэг даргад нь өөрийнхөө Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүний суудлаа өгсөн. Ингэснээр нам нэгдэх нөхцөл бүрдсэн. Би том эрх ашгийн төлөө ухарч чаддаг хүн.

-АН-ын 11 жил явуулж ирсэнротациа өнөө жил явуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ нь зөв алхам байсан болов уу.Та юу гэж бодож байна вэ?

-Ротаци нэг жилээр л хойшлогдсон. Гол шалтгаан нь Монголын улс төрийн намуудад тэр тусмаа АН-д янз бүрийн аргаар гаднаас нөлөөлөх оролдлого олон байдаг. Энэ нөлөөллийг л хязгаарласан явдал болов уу гэж бодож байгаа.

-МАН-ын дарга С.Батболдын санаачилсан улстөрийн намуудын дарга нарын уулзалт дээр парламентын хоёр танхимтай болох тухай яригдсан. Уг асуудалд гишүүд янз бүрийн байр сууринаас хандаж байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ. Хоёр парламенттай болох нь манай улсад ашигтай юу?

-Өнөөгийн парламентын тогтолцоог ямар шалтгаанаар өөрчлөх гээд байна вэ гэдэг нь гол асуудал байгаа юм. Миний бодлоор 20 жилийн өмнө Ардын их хурлын 400 гаруй төлөөлөгчдийн оюун санаагаар бий болсон өнөөдрийн тогтолцоо нь манай улсад тохирох хамгийн оновчтой тогтолцоо юм. Хоёр танхимтай болох улмаар гишүүдийн тоог нэмэх талаар хүртэл ярьж байна лээ. Өнөөдрийн парламентын хэрхэн ажиллаж байгаад дүн тавих нь өөр асуудал. Өнөөгийн парламентын тогтолцоо нь шударга, үр дүнтэй, төрийг тунгалаг аваад явах бүрэн боломжтой. Цөөнх нь олонхоо хянадаг. Олонх нь цөөнхөө хүндэлдэг зарчмаар явах ёстой. Харамсалтай нь өнөөдрийн парламент тэр зарчмаараа явах нөхцөлөө алдчихаад байгаа. Миний бодлоор төр маш цомхон байх ёстой. Тэр тусмаа УИХ. Ер нь асуудал тоондоо байгаа юм биш. Түүний оронд өнөөдрийн парламентын тогтолцоогоо улам боловсронгуй болгоход анхаарч ажиллах ёстой.

-Хоёр танхимтай болох эсэх асуудал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай уялдаж байгаа. Өнгөрөгч намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлторуулах журмын тухай хуулийг баталсан. Одоо дахин Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэж яриад байгаа нь зүйд хэр нийцэх бол...

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зарим нэг зүйл бий. Энэ нь Их хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүн байх уу, үгүй юу гэдэг асуудал Их хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүн нь байхаар хувиргасан нь өнөөдрийн төрийн засгийн гажуудал болсон. Их хурал нь Засгийн газрынхаа тоглоом нь болчхоод байна. УИХ нь Засгийн газартаа үүрэг өгсөн ч ямар нэг байдлаар нөлөөлж чадахгүй байна шүү дээ. Тиймээс УИХ-ын гишүүн нь ямар хэмжээнд Засгийн газрын гишүүн байх вэ гэдэг хэм хэмжээг Үндсэн хуульд нарийн зааж өгмөөр байгаа юм. Нөгөө талаас одоогийн орон нутгийн сонгуулийг нам төвтэй явуулж байна. Үүнийг иргэн төвтэй болгож өөрчилмөөр байгаа юм. Иргэд тухайн нэр дэвшигчийг сонгохдоо намаар нь биш хувь хүнийх нь хувьд сонгодог байх нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс сонгуулийн хуулийг ч бүхэлд нь өөрчлөх ёстой гэж бодож байгаа. Хоёр танхимын асуудлыг ард нийгмийн санал асуулгаар явуулах ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.