Хятадууд хогноос эрчим хүч гаргаж сурчээ
БНХАУ-ын нийслэлийн олон сая оршин суугч хотын захиргаанаасаа ер бусын бэлэг буюу гурван өөр өнгөтэй хуванцар хувин авчээ. Бээжин хотод хогны тухай шинэ хууль гаргахаар бэлтгэж, эхлээд оршин суугчдаа ахуйн хог хаягдлаа ангилахад сургаж байна. Өнгөтэй савнуудад хийсэн хаягдал дахин боловсруулалтад орж, Бээжин хот цэвэр цэмцгэр болох ажээ.
Бээжингийн оршин суугчид хогоо ангилж хаях гурван өнгийн сав авлаа. Нийслэл хотоо хогийн цэгээс ангижруулах учиртай хогны тухай шинэ хуулийг Бээжингийн эрх баригчид гаргах гэж байна. Оршин суугчдад хог хаягдлаа цахилгаан эрчим хүч, бордоо болгох гэх мэтээр дахин боловсруулахад бэлтгэж ангилахыг уриалж байна.
Ахуйн хог хаягдал ямар нэгэн ашигтай зүйл болдгийг харахын тулд байрны оршин суугчид орцноосоо гарч харахад л хангалттай. Нийтийн ахуйн үйлчилгээнийхэн өдөрт гурван өнгийн савны нэгэнд буй хогийг нэг удаа тусгай төхөөрөг рүү хийнэ. Уг машин 24 цагийн дотор хаягдал хоол хүнснийг органик бордоо болгодог байна. Түүнийг нь байрны гадаах ногоон байгууламжийг бордоход ашиглаж болох ажээ.
Тийм төхөөрөг Бээжинд 100 гаруй бий. Энэ бүхэн цэвэр экологийн төлөө кампанит ажлын нэг хэсэг юм. Шинэ жилийн баярын дараагаар орон сууцны цахилгаан шат болон орц бүрт хогоо ангилан хаянхыг уриалсан зурагт хуудсууд гарсан байна. Зарим дүүргийн оршин суугчид гурван өөр өнгийн хувин бэлгэнд авчээ.
«Манай гэрийн гал тогоонд нэг хувин, том өрөөнд бас нэг, өөр нэг нь тагтан дээр байдаг. Энэ тийм хүндрэлтэй асуудал биш. Хүсвэл хүн бүр хэвшил болгож болно» гэж нэг оршин суугч ярьжээ.
Үнэхээр сурах хэрэгтэй. Статистикийн мэдээгээр, Хятадын нийслэл нэг жилд 5,5 сая тонн хог үйлдвэрлэдэг байна. Ийм их хэмжээний хог хаягдлаар 36 га газар эзлэх, 40 метр өндөр овоо босгож болох ажээ. Энэ тоо жилд хоёр хувиар өсч байна. Ийм маягаар цааш үргэлжилбэл дэлхийн хамгийн олон хүн амтай улс хогондоо живэх аюултай байгаа юм.
Зөв ашиглавал хогон уулыг алтан уул болгох боломжийг Хятадад саяхан бодож олжээ. Энэ оны тавдугаар сард Бээжинд хогны тухай шинэ хууль гарна. Хаягдал нь ашиггүй хог бус, харин «зөв ашиглаж чаддаггүй нөөц» болохыг хүн амд ухуулан таниулж байна.
Хотын хэмжээнд байгаа хогийн 73 цэгийг хэтдээ үгүй болгож, хогийг иргэдийн туслалцаатайгаар ангилж, дахин боловсруулахаар төлөвлөж байна. Шинэ хуулийн хамгийн эмзэг асуудал нь буруу ангилсны төлөө торгууль ногдуулах тухай заалт аж. Олон нийтийн шахалтаар хуулийн төслөөс уг заалтыг түр хассан байгаа ч, эрт, орой хэзээ нэг цагт хайхрамжгүй хандсаны төлөө торгууль төлөх л болох юм.
«Албадах арга хэмжээ авахгүйгээр ажилд ахиц гарахгүй гэж би бодож байна. Энэ нь дараа дараагийн ажилд тус болно. Хэрвээ хогоо ангилахгүй бол хүрээлэн буй орчин бохирдоно. Харин зөв ангилаад сурвал багагүй нөөцийг хэмнэж болно» гэж удирдах компанийн ажилтан Бай Зинлун ярьжээ.
Хог хаягдлыг ангилж ялгахад гаргасан хүчин чармайлт тун удахгүй хямд эрчим хүч болоод эргээд хэрэглэгдэнэ. Хятадын анхны хогны дулааны цахилгаан станц Бээжин хотод гурав дахь жилдээ ажиллаж байна. Өдөрт тус станц 1500 орчим тонн хаягдал шатааж, зөвхөн боловсруулсан эрчим хүчнээс төдийгүй, хоёрдогч түүхий эд боловсруулсныхаа төлөө мөнгө авч байна.
Орчин үеийн генераторууд автомашины дугуйны гадуур хаймраас эхлээд хуучин гутал, хувцас хүртэл 200 гаруй нэр төрлийн хог хаягдал «дахин боловсруулах» хүчин чадалтай ажээ. Эмнэлгийн тарианы шил, ороох боох материал, нэг удаагийн хэрэгслүүдийг тусад нь устгалд оруулж байна.
Бээжингийн эрх баригчид хог устгахад 365 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэ зардлаа хэтдээ хангалттай хэмжээгээр нөхөж чадах ажээ.
Ахуйн хог хаягдлыг үндэсний баялаг болгож сурах нь ганц жилийн дотор хэрэгжих зорилт биш юм. Хятад асар олон хүн амтай учир хог хаягдлын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орон. Тиймээс хогийн саванд үнэхээр хязгааргүй их боломж дарагдаж буй юм.