Хог хаягдалаар баяжсан Пол Селью зургаа дахь компаниа байгууллаа
52 настай бизнесмэн Пол Селью хүн төрөлхтөн улам бүр их хог хаягдал гаргаж байгаад ихэд сэтгэл түгшдэг нэгэн. Тэрээр сүүлийн 30 жилд экологитой холбоотой зургаан компани байгуулжээ. Пол 1980 онд Корнелл дах Хөдөө аж ахуйн коллежийг төгсөөд гурван жилийн турш Аргентин, Итали, Бельгийн сагсан бөмбөгийн багт тогложээ. Дараа нь тэр Коннектикутэд гэр бүлийн фермдээ буцаж ирэв. Түүний эцэг АНУ-д цэцэг нийлүүлдэг хамгийн том фирмийн эзэн аж. Тэр хүүгээ хөрш амьдардаг, мөөгний үйлдвэрийн эзэнтэй танилцуулав.
Энэ эр үйлдвэрийн хаягдлыг дахин боловсруулах тухай ярихад Пол тэр санааг дор нь шүүрэн авчээ. Тэгээд органик хог хаягдлыг цуглуулан, ойролцоо орших 30 акр талбайтай ферм рүү аваачиж, бордоо үйлдвэрлэж эхэлжээ. Пол ингэж л анхны «Earthgro» компаниа байгуулан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хаягдлаар бордоо хийж байлаа. 1998 оноос хойш түүний компани жилд 320 мянган тонн (20 сая ширхэг шуудай) органик бордоо үйлдвэрлэж, орон даяар заржээ. Селыо хожим нь энэ бизнесээ 47 сая доллараар «Scotts» фирмд зарсан юм. Полын бордоо тухайн үеийн торф хөвдтэй харьцуулахад олон давуу талтай байсан.
Тухайлбал ургамлын элдэв өвчний эсрэг үйлчилгээтэй төрөл бүрийн микро организмыг агуулдаг аж. Тэгээд ч Пол эцгийнхээ ачаар үйлчлүүлэгчдийн бэлэн баазтай байв. Тэр удалгүй үйлдвэрлэлээ тэлэхээр шийдэв. Хамгийн гол нь хүн ам шигүү суурьшсан хот орчмын бүсүүдэд үнэр гаргадаггүй бордооны нүх барих хэрэгтэй байлаа. Селью хэдэн жил зүтгэсний эцэст хөлбөмбөгийн талбай шиг том хэмжээтэй бетонон санг барив. Эргэлдэгч хүрд, агааржуулалтын хоолой болон дулааны тохируулгатай энэхүү санд бордооны түүхий эд 12 долоо хоног бус харин дөрөвхөн долоо хоногт бэлэн болж байлаа. Маш ашигтай энэ системийн ачаар Пол «International Process Sys-tems» компани байгуулж, захиалагчдад бордоо хийх сан барьж өгдөг болжээ. Тэрээр 1991 онд зохиогчийн эрхээ 23 сая доллараар зарсан ч өөрийн бүх заводод үнэгүй лицензийн эрхээ үлдээв.
«Earthgro» улам тэлсээр байлаа. Хот суурин газруудын захиргаа сүүлийн үед хайчилсан зүлэг болон цэцэрлэгийн хаягдлыг хогийн цэг дээр аваачиж хаяхыг хориглосон нь түүнд харин чашигтайгаар эргэв.Түүний сүүлийн төсөл бол Массачусетын «Harvest Power» компани. Тэрээр хүнсний хаягд-л ыг боловсруулахын зэрэгцээ хадсан зүлэг, ногоог боловсруулан эрчим хүч үйлдвэрлэдэг завод барьжээ. Түүхий эд олох гэжядах юм байсангүй. АНУ-ын Чихрийн шижин, хоол боловсруулах ба бөөрний өвчний Үндэсний хүрээлэн «1974 онтой харьцуулахад өнөөдөр нэг хүний өдөрт хаядаг хоолны үлдэгдэл 1.5 дахин нэмэгдсэн. Тэдгээрт агуулагддаг энерги нь 1400 ккал /энэ нь хоёр бигмак) болсон» гэж мэдэгдлээ. Энэ нь ихэнх хүмүүс явуут дундаа иддэг болсны зэрэгцээ хоолны порц ихэссэнтэй холбоотой гэнэ. «Harvest Power» компани өнгөрсөн жил 40 сая долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлжээ. Хөрөнгө оруулагчдын дунд «Kleiner Perkins Caufield & Byers» сан, «Waste Management» хэмээх хогийн компани ч байлаа.«Хоолны хаягдлаас асар их энерги гарган авч болно.
Хоолны үлдэгдэл, цэцэрлэг болон зүлэг хайчлахад гарсан хаягдал бол олон сая тонн түүхий эд гэсэн үг. Гэхдээ бид «Earthgro»-той харьцуулахад нэг алхам урагшлах ёстой. Хогийг органикбордоо болгохоос өмнө эрчим хүч гаргаж авна» гэж Пол Селью ярьж байна. Тэрээр 2010 оны сүүлээр Ванкувер хотоос холгүйхэн дахин нэг завод нээх гэнэ. Чийгтэй хог хаягдлыг асар том саванд бактериудтай хольж, шингэлээд хоёр долоо хонуулахад метан болон нүүрсхүчлийн хий ялгардаг аж. Харин хуурай хогийг органик бордоо болгодог. Метаныг халаалтын зориулалтаар хэрэглэх буюу шингэлж, автомашин, дулааны цахилгаан станцын түлш болгодог аж. Европт ийм 200 завод бий. «Бид маш зоримог алхам хийсэн. Хэн ч өмнө нь ийм их мөнгийг хог боловсруулах салбарт, мөн тест хийх, боловсруулахад зарцуулж байгаагүй» хэмээн «Harvest Power »-г хамтран байгуулагч Уэйн Дэвис мэдэгдлээ. Пол Сельюгийн эхэлсэн бүхэн амжилттай байгаагүй.
Тэр 2000 онд төрөл садантайгаа хамтран хэдэн сая долларыг «Finger Lakes Aquaculture» фирмд оруулав. Хаалттай санд загас үржүүлж эхэлсэн ч удалгүй өвчин дэгдэж, үхэж эхэлжээ. Иймээс Селью 2002 онд компаниа биечлэн толгойлж, дахин хэдэн сая долларыг оруулан, жилд нэг сая фунт загас үржүүлэхээр төлөвлөжээ. Гэвч Полын хүчин чармайлт талаар болж компани нь 2005 онд дампуурав. «Компани бүрт өөрийн нь төлөө амьдарч, бас үхэхэд бэлэн тийм менежмент байх ёстойг би яг тэр үед л ухаарсан» хэмээн Пол дурсч байна. Ер нь тэр нэгэн зэрэг олон ажлыг барьж авдаг зуршилтай. «Finger Lakes »-ийн хөрөнгө оруулагчдын нэг Дэвид Колл «Пол цаг үргэлж олон санааг хэрэгжүүлэх гэж зүтгэдэг. Тэр хэзээ ч өөрийгөө бүхэлд нь нэг компанид зориулж байгаагүй» хэмээжээ.Пол Селью 2004 оноос агаарын бохирдолтой тэмцэх зах зээлд хөрөнгө оруулж эхлэв. Тэрээр «Environmental Credit Corporation» компанитай хамтран, үнээний болон гахайн фермийн агаарт хаядаг метаныг шүүж аван, задалдаг төхөөрөмж хийжээ.
Тэрээр долоон орноор хэмжигдэх хөрөнгийг энэ төсөлд оруулсан ч 2007 онд өөрийн хувиа багахан ашигтай зарлаа. Харин түүний улаан лоолийн тариалан асар их ашиг авч ирэв. Пол 2005 онд Мэний хүлэмжид улаан лооль ургуулахаар шийдэн, найз Уэйн Дэвисээ дуудаж, «Backyard Farms» компаниа өгөв. Дэ-вис «Би улаан лоолийн талаар юу ч мэдэхгүй байсан. Гэхдээ би Полтой хамт ажиллахыг хүссэн юм» хэмээн дурсч байна. Гурван жилийн дараа тэд 10 га талбайд хүлэмж босгосон бөгөөд 2009 онд л гэхэд зургаан сая долларын ашиг олжээ.
Пол одоо ч мөрөөдөгч хэвээр. «Бид хогийн цэг дээр аваачиж хаяхаас ч хямд үнээр таны хогийг боловсруулна» гэж тэр хэлэх дуртай. «Би компани байгуулах дуртай. Энэ бол маш их сонирхолтой ажил. Бараг бүх шинэ санаа маань ашиг авч ирдэг. Ер нь манай нийгэм нөхөн сэргээгдэх аж ахуй эрхлэх ёстой гэж би боддог. Энэ санаа миний ажилд тусгалаа олсон» хэмээн Пол Селью ярьж байна.
«Пол бол миний мэддэг бизнесмэнүүдээс хамгийн олон холбоо сүлбээтэй. Тэр хүмүүсийг итгүүлж чаддаг, өөрийн бизнестээ хөрөнгө оруулахыг ятгах авъяас-тай» хэмээн «Kleiner Perkins»-ийн түнш, «Harvest Power»-ийг хамтран үндэслэгч Амол Дешпанде ярьж байна.