Даничууд салхи, хогийг ч мөнгө болгон хувиргадаг
Дэлхийн улс орнуудын талаар унших нэг хэрэг, харин нүдээр үзсэн хүмүүсийн сэтгэгдэлтэй танилцах огт өөр. Энэ үед ихэнхдээ тус улсын талаарх бодол өөрчлөгддөг билээ. Дани орныг агуу үлгэрч Ханс Христиан Андерсен болон Лусын дагинын хөшөөгөөр төсөөлдөг хүмүүст зориулан бэлдэв.
Бүүдгэр гэрэл, унадаг дугуйн эх орон
Даничууд хэмнэх дуртай. Энэ байдал нүдэнд шууд тусдаг. Дэлхийн нийслэлүүдийн солонгын өнгөт хурц тод гэрэлтэй гудамжуудтай харьцуулахад Копенгаген хотын төв гудамжнууд манай буйдхан аймгийн төвийг санагдуулам. Гудамжны бүдэг гэрлүүд нь тэнгисийн эрэг, суваг, шуудууны усанд тусч арай гэгээтэй мэт боловч шөнийн цагаар явахад баримжаа болох юм бараг үгүй. Яахав, цөөн хэдэн том барилгын шовх оройн чимэглэл гэрэлтэх юм даа.
Энэ бүүдгэр орчинд онцгой нэгэн дүүрэг бий. Христиан дүүрэг уг нь тус улсын парламент, Засгийн газрын байрнаас хоёрхон хорооллын цаана оршдог. Хачирхалтай нь 25 хүртэлх насны залуус голдуу амьдардаг тус дүүрэгт туршилтын журмаар хөнгөн мансууруулах бодис хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрчээ. Иймээс хаа сайгүй л хар тамхины жижиг гарын наймаачид бужигнан, дэлхийн бараг бүх хэлээр бараагаа санал болгох аж. Мөн Ази, Дорнод Европоос ирсэн цагаачид төмөр торхонд түлээ түлж хоол унд хийн, жуулчдад зардаг юм байна.
Онцлог нь Дани улсын хамгийн харанхуй гудамжаар амь нас, мөнгөний хэтэвчиндээ санаа зовохгүй зугаалж болно. Даничууд хууль журмаа чанд дээдлэн сахидаг. Панк үстэй, хориод насны залуу шөнийн 12 цагт хоосон гудамжны гарц дээр зогсоод ногоон гэрэл асахыг хоёр минут орчим тэсвэртэй хүлээж байгаа харагдана. Ганц хоёрхон машин зөрж өнгөрч байхад шүү. Машин харагдахгүй л бол ямар ч гэрэл асаж байсан зам хөндлөн гардаг зуршилтай манайхны ёстой хөх инээд хүрмээр. Нийслэл Копенгаген хотын оршин суугчид дор хаяж хоёр унадаг дугуйтай гэнэ. Тэд метроны буудал РУУ дугуй унаж очоод орхиод суудаг. Метроноос гармагц нөгөө дугуйгаараа ажилдаа очдог. Гудамж, метроны буудал гээд хаашаа л харна хоёр дугуйт зөндөө. Ихэнх нь хулгайчаас хамгаалах хэрэгсэлгүй. Түүнчлэн эндхийн унадаг дугуйн замууд нь тусгай гэрлэн дохио, замын тэмдэглэгээтэй.
Парламент, Засгийн газрын байрны гадна ч унадаг дугуйн зогсоол бий. Данийн ихэнх депутат, сайд нар манайхан шиг цагдаагийн гэрлэн дохиотой машинтай сүр болгон давхиж, амьтны хараал бардаггүй. Зүгээр л дугуйгаар ажилдаа ирж очдог юм байна. Зам засвартай үед томчууд маань дугуй унахаа байг гэхэд түр зуур ч болов нийтийн тээврийн хэрэгслээр зорчоосой билээ.
Дэндүү нарийн даничууд
Франц, Италийн сурвалжит язгууртнуудын эртний тансаг орд харшуудын дэргэд Копенгаген хотын төвийн хуучны барилгууд хэт даруухан, нэгэн хэвийн, уйтгартай мэт. Дани үндэстний онцлог нь хэмнэлт гэж хэлж болно. Тэд амьдралын эрүүл хэв маягийг сахиж, байгаль орчноо хайрлан хамгаалах дуртайдаа ийм болсон уу эсвэл бензин түлшний мөнгөө хэмнэхийн тулд уу гэдэг нь тодорхойгүй. Данийн хатан хаан хүртэл Амалиенборг дахь даруухан өргөөндөө амьдардаг. Үүдэнд нь гвардийн нэг цэрэг алхалж байхад нөгөө нь тэртээ тэнд харуулын байрны гадаа зогсох аж. Тэд жуулчдын өмнө уриалгахан зургаа авахуулах нь төрийн тэргүүний хамгаалагчид гэхээсээ Андерсений үлгэрийн амилсан баатруудтай төстэй.
Эндхийн бас нэг онцлог бол хаа сайгүй маш цэвэрхэн бөгөөд арчилгаа тордолгоотой. Машины муухай утаа алга, газар доорх гарцууд муухай үнэргүй, гудамжинд нь орон гэргүй тэнүүлчид ч байхгүй. Цардмал зам дээр нь бохир заваан толбо энэ тэр байхгүй, ил задгай хогийн цэг бүү хэл тамхины иш хөсөр хэвтээ үзэгдэхгүй.
Тус улс эрчим хүчний хэмнэлтийн асуудалд маш хатуу ханддаг. Шинээр баригдах барилгуудын дулааны систем 1м2 талбайд таван литрээс илүүгүй нефтийг жилд зарцуулах ёстой гэсэн болзлыг хангасан тохиолдолд барихыг зөвшөөрдөг. Европын бусад орны хууль арай зөөлөн, жилд 1м2 талбайд 12-15 литр нефть шатаахыг зөвшөөрдөг аж. Харьцуулахад ОХУ-ын барилга байгууламжийн энерги зарцуулалт нь Европын холбооны орнуудаас 40 хувиар бага гэнэ. Манайд харин ёстой чөтгөр бүү мэд.
Гэхдээ даничууд арай дэндүү. Хэт хэмнэх гээд гадаад үзэмж, дизайныг мартчихдаг. Энерги хэмнэдэг байшингууд хэд дахин том болохоос биш яг барилгын талбайн вагончик шиг холоос харагддаг.
Хямрал эрчим хүчний салбарт түлхэц өгчээ
Даничууд ийм арвич болсон нь учиртай. Тус улсын түлшний салбар 1970-аад оны сүүлээр импортоос бүрэн хамааралтай байжээ. ОПЕК-ийн орнууд 1973 онд Араб Израилийн дайны улмаас Баруун Европын орнуудад зарах нефтиэ хязгаарлахад дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ гурваас дөрөв дахин нэмэгдэв. Бензиний үнэ тэнгэрт хадаж, дээр нь цахилгаан энерги, дулаан гээд бүгд л нэмэгдэв. Учир нь Данийн дулааны цахилгаан станцууд бүгд мазутаар ажилладаг байжээ.
Хямралын улмаас нефтийн нийлүүлэлт тогтворгүйжихийн зэрэгцээ өөрийн нүүрсгүй байсан нь бүр ч нэрмээс болов. Иймээс эрх баригчид бензиний үнийн өсөлтийг бага ч болов хязгаарлахын тулд «машингүй ням гараг» зарлаж, энэ өдөр хувийн машиндаа бензин хийхийг хоригложээ. Иргэд унадаг дугуй, ролик унаж, гэрлээ унтрааж, паарны дулаанаа багасгах зэргээр бүгд л хэмнэх аянд морджээ. Гэхдээ асуудал хайр гамгүй зарцуулдагт бус харин улс орон бүхэлдээ гадаад улсаас бүрэн хамааралтайд оршиж байлаа (яг манайх шиг). Иймээс Данийн Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, атомын цахилгаан станц барихаар шийдэв. Гэтэл Ногоон намаар толгойлуулсан олон нийт тэмцсээр эрх баригчдыг энэ үнэтэй санаанаасаа татгалзахад хүргэжээ. Алдарт цөмийн физикч Нильс Борын эх орон ийнхүү хөгжлөөс татгалзсан нь жинхэнэ ардчиллын жишээ ч байж мэднэ.
Засгийн газар эрчим хүчний бодлогоо эргэн харж, энергийн бусад эх үүсвэрийг хайж эхэллээ. Залуу инженерүүдэд санхүүгийн тусламж үзүүлсний дүнд 1970-аад оны гүүрнээс салхин генераторыг идэвхтэй ашиглах болсон байна. Салхины хүчийг ашиглах цахилгаан станц, энерги хэмнэдэг байшингууд ихээр баригдаж, улмаар нефтийг үүрсээр орлуулжээ. Удалгүй Хойд далайд байгалийн хийн газар илэрсэн ба дараа өөрсдөө нефть олборлодог олов. Хямралаас 20 жилийн араа Дани улс өөрөө нефть импортолдог болж, 1997 он гэхэд эрчим хүчний импорт, спорт нь тэнцэж иржээ. Гадаад орноос хамааралгүй болсон Дани эрчим хүчээ бусад оронд зарж эхэллээ. Энерги үйлдвэрлэх бүх шат дамжлагад шинэчлэл хийж, ашиглалт ба хадгалах технологи өөрчлөн боловсруулсны дүнд тус улс салхины эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэн, зөвхөн салхины турбины экспортоос жилд 12 тэрбум данийн крон олж байлаа.
Гэвч 2001 онд Засгийн газар солигдсоны улмаас тус улс тэргүүлэх байр сууриа алджээ. Дани улс эрчим хүчнийхээ нийт хэрэглээний 20-33 хувийг салхины энергиэс авдаг бөгөөд илүүдлээ Норвег зэрэг улсад зарж, харин салхигүй үед дутсан хүчин чадлаа Герман, Шведээс авч нөхдөг. Гэхдээ Данид цахилгааны үнэ Европтоо хамгийн өндөрт ордог. Хамаг учир өндөр татварт байгаа гэнэ. Цахилгааны үнийн 25 хувийг үйлдвэрлэлийн өртөг, 15-ыг хуваарилалт, 10-ыг Р80 татвар эзэлдэг ба үлдсэн нь бусад татвар юм байна. Иймээс даничууд 60 хувийн нэмэгдэлтэй цахилгаан хэрэглэдэг аж. Иргэд 1кВт цахилгааныг 1,8 кроноор, харин үйлдвэрлэгчид 0,35-0,45 кроноор худалдан авдаг. Учир нь салхины энерги үйлдвэрлэгчид олон хөнгөлөлт эдэлдэг аж. Дани ирээдүйд энэ салбараа улам хөгжүүлэн, Герман, Швед улсуудтай хамтран 150 сая еврогийн өртөг бүхий 1800 МВт хүчин чадалтай салхин ферм барих гэнэ.
Эдийн засгийн гайхамшиг
Нугасны муухай дэгдээхэйн үлгэр Дани д биеллээ олжээ. Энэ улс өмнө нь зөвхөн загасны ба хөдөө аж ахуйн орлогоор амь зууж, Ойрх Дорнодын нефтийн нийлүүлэлтээс бүрэн хамааралтай байсан билээ. Гэтэл одоо өөрсдийгөө цахилгаан ба дулааны энергиэр бүрэн хангаад зогсохгүй гадаадад экспортолдог орон болжээ. Данийн эдийн засгийн гайхамшгийн нууц нь эрчим хүчний хамаарлаас гарах замаа зөв олсон, мөн хэмнэлтийн бодлогыг баримталж, тэргүүний технологийг хэрэгжүүлсэнд оршино. Тэдний үндэсний баялгийн томьёо нь маш энгийн. Хамаг валютаараа гадаадаас түүхий эд худалдан авах бус эрчим хүч хэмнэх үндэсний бодлого хэрэгжүүлжээ. Нэмж дурдахад тус улс нэг хүнд ногдох гадаад худалдааны эргэлтээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний энергийн багтаамжийн үзүүлэлт ч маш гайхалтай. Данийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл байнга ихсэж байхад эрчим хүчний хэрэглээ бараг өөрчлөгддөггүй нь энерги хэмнэх технологийн ач гэнэ. Иргэд нь санаа нэгтэйгээр ахуйдаа ногоон технологийг хэрэглэж, нарны зай, хоёрдогч боловсруулалтад ач холбогдол өгчээ. Мөн хогоо шатааж цахилгаан гарган, бензиний оронд сүрэл, үртэс, био этанолыг ДЦС-ын түлш болгох зэрэг аргуудыг хэрэгжүүлэв. Тэд улс орноо дэлхийн техникийн хөгжлийн оргилд гаргаж, экологийн байдлаа сайжруулсан юм. Энд үйлдвэрлэлийн хаягдал, хотын утаа униар, хүчлийн бороо гэж мэдэхгүй. Товчоор өгүүлэхэд даничууд салхи, сүрэл, тэр бүү хэл хогийг мөнгө болгон хувиргаж чаджээ.
Гёте «Хэрэгцээ бол хамгийн сайн зөвлөгч» гэж айлдсаныг Данийн жишээ баталлаа. Байгалийн баялгаа идэж амьдрахаар төлөвлөж буй манайханд санаа авах юм их байна шүү.