Супер баатар Латвийг хогоос “аварч” байна
2011.01.25

Супер баатар Латвийг хогоос “аварч” байна

Зөвхөн Холливудын Бэтмэн, Супермэн л дэлхийг авардаггүй бололтой. Латви улс саяхнаас өөрийн эрэлхэг баатартай боллоо. Энэхүү баатар байгаль экологийг чин сэтгэлээсээ хайрлан хамгаалдаг, бохир заваан байдлыг огт тэвчдэггүй аж. Түүний нэрийг Цукмен гэдэг. Цукмэнийг /Cūkmens/ латви хэлнээс орчуулбал Хүн-гахай гэсэн үг. Яг л Хүн-аалз шиг. Тэрбээр тун хөгжилтэй амьтан бөгөөд хамгийн анх хүүхдийн уран зохиолын баатар болон мэндэлжээ.

 

“Харийн бүдүүн эр буюу 5а ангийн сурагч Кристер, түүний нөхөд болон давагдашгүй хүчтэн Цукмэний адал явдал” хэмээх нэртэй тэрхүү номын баатрыг хожим нь эрх баригчид хүрээлэн буй орчныг цэвэр, сайхан болгох сурталчилгаа явуулахаад ашиглажээ. Ингэж л Цукмэн баатар Латви улсын ой мод, замыг цэвэр байлгахын төлөө тэмцэгч болон хувирчээ.


Тус улсын удирдлага ийм арга хэмжээ яаралтай авах болсон шалтгаан нь улс орон даяар экологийн байдал хэцүүдэж, маш богинохон хугацааны дотор авто замын хажуу хавь тэр чигээрээ хог хаях цэг болон хувирсантай холбоотой.

 

Латвийн ногоон бүсээс жилд 16 000 м3 ахуйн хог хаягдал, уул овоо шиг цаасан уут, хуванцар аяга болон сав, тамхины хайрцагны сав гаргаж хаядаг аж. Энэ ажиллагаанд төр засаг жилд 700 000 гаруй евро зарцуулж байна. Түүнээс гадна авто машины цонхноос шидсэн тамхины иш дулааны улиралд иймэрхүү хогийн цэгүүдэд гал түймэр дэгдээж, байгаль орчинд нөхөшгүй хор хөнөөл учруулах болжээ.


Олон нийтийн болон төрийн бус байгууллагууд саяхан хүртэл Латвийн замын хажууд тавьсан хогийн савуудыг зөвхөн тэр замаар машинаар давхин өнгөрч буй жолооч, зорчигч нарт зориулсан гэж үзэж байжээ. Гэтэл судалгааны дүнд орон нутгийн оршин суугчид ч гэсэн замын хажуу хэсгийг хогийн цэг болон хувирахад нилээд хэмжээгээр буруутай байдаг нь тогтоогдсон байна. Иргэд ахуйн хаягдлаа замын хажууд төдийгүй ногоон бүсийн гүнд ч аваачиж хаяж байлаа. Латвийн Төрийн цагдаагийн дарга “Бүтэн жилийн турш бид 30-аад хууль зөрчигчийг олж барин, торгууль авдаг. Гэхдээ энэ нь байгальтай ёс зүйгүй харьцаж байгаа явдлыг зогсооход хангалтгүй нь мэдээж” хэмээн ярьж байна.

 

Үүнтэй холбоотойгоор 7-р сард Латвийн эрх баригчдын дэмжлэгтэйгээр “Замын хажууд хог хаяхаа боль” гэсэн уриалгатай кампанит ажил эхэллээ. Энэхүү нийтийг хамарсан ажлыг Төрийн цагдаа, Байгаль орчныг хамгаалах алба, “Цэвэр ой” байгууллага, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын захиргаа, “Latvijas Valsts ceļi” компани зэрэг төрийн болон олон нийтийн байгууллагууд дэмжсэн аж. Тус ажлын хүрээнд авто замууд дээр видео ажиглалтын төхөөрөмжүүдийг суурилуулж, түүнчлэн нийслэл болон том хотууд руу орох замын ойролцоо жолоочдод зориулан мэдээллийн шинэ тэмдэг суулгасан. Ингээд гарсан зөрчил тутамд 50-500 латаар торгодог болжээ. Улс орон даяар өрнөсөн энэхүү өргөн хэмжээний кампанит ажил маш амжилттай явагдаж байна. Үүний болсон гол шалтгаан нь Цукмэн.

 

Тэр бол сүүлийн хэдэн жилийн турш Латвийн ойг ганцаар аварч байгаа сайн дурын экологч- эрдэмтэн юм байна. Ганц дайчин ганцаардахгүй гэгчийн үлгэрээр Цукмэн нэрээ нууцалж, ягаан цув, хувцас өмсөн, цээжиндээ торойн дүр наагаад онгон дагшин байгалиа хойч үедээ үлдээхийн төлөө тэмцэж эхэлсэн аж. Эрдэмтэн хүн амдаа хандан хэрэглээний сэтгэлгээгээ өөрчлөхийг уриалахын зэрэгцээ элдэв зөрчлийг газар дээр нь таслан зогсооход гар бие оролцох зэргээр ой модонд хог хаяхаас сэргийлдэг.

 

Зургийн тайлбар: Цукмэн ойн гүнд олдсон машины сэгийн тухай мэдээлэл аваад яаран ирлээ. Супербаатар машины дугаараар эзнийг тогтоож, 200 латаар торгов.

 

Латви оронд Цукмэнтэй ой мод, замын хажуу гээд хаа сайгүй таарч болно. Тэрээр хаясан хогийг өөрөө ухдаг. Энэ нь хууль дүрэм зөрчин, байгаль орчноо бохирдуулдаг хүмүүсийн талаар баталгаа, гэрч, мэдээлэл олох гэж тэр шүү дээ. Цукмэн захиа, ил захидлын өөдөс, зээлийн картын дугаартай чекний тасархай болон бусад аар саар зүйлээр тэдгээр дүрэм зөрчигчдийн хаягийг тогтоож, торгуулийн хуудсыг хаяг руу нь илгээдэг аж. Одоо тэр ойн цагдаа нартай хамтран ажиллаж эхэлсэн байна.

 

Цукмэний цуцашгүй хөдөлмөрийн дүнд латвичууд хог бага хаядаг болжээ. Зарим нь шийтгэлээс айгаад, ихэнх нь ухамсартайгаар. Одоо иргэд түүний шуудангийн хайрцаг руу захиа илгээж, тусламж дэмжлэг санал болгон, шинэ санаа, оноогоо хуваалцдаг. Урам орсон Цукмэн бүр “Евровидение” тэмцээнд оролцохоор өргөдөл өгч, “Хогийн эсрэг” дуу зохиожээ. Сонгон шалгаруулах комисс түүнд татгалзсан хариу өгсөн ч Супер Гахай сэтгэлээр унасангүй. Тэгээд ч төрөлх ойдоо хийх ажил түүнд зөндөө.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.