Төлбөрийн хэмжээг өөрчлөх шаардлагатай болжээ
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэлтэй хамтран "Иргэний танхим"-д Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн төслийн талаар өчигдөр хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт байгаль орчин, усны асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон байна. Хуулийн төслийн үндэслэл, шаардлагыг танилцуулж, ямар зохицуулалт нэмж оруулахаа тодорхойлох нь хэлэлцүүлгийн гол зорилго аж. Энэ үеэр оролцогчид үйлдвэр, барилга болон уул уурхайн компаниудын төлдөг усны төлбөрийн хэмжээ, тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад бага байгааг онцолж байлаа. Ус, рашаан ашигласны төлбөрийн хувь хэмжээг доод болон дээд хязгаараар тогтоосныг өөрчлөх шаардлагатай байгаа аж.