Г.Баярсайхан: Урт нэртэй хуулиа хамгаална
2011.03.25

Г.Баярсайхан: Урт нэртэй хуулиа хамгаална

"Урт нэртэй" хууль батлагдаад хоёр жилийг ардаа орхисон ч хэрэгжээгүй байгаа. Гэтэл О.Чулуунбат тэргүүтэй гишүүд үүний эсрэг хууль санаачлаад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.


-Олон гишүүний шүүмжлэл
хүртээд байгаа "урт нэртэй" хуулийн талаар сонирхож байна. Та экологич хүнийхээ хувьд, энэ хууль батлагдсан нь хэр зөв гэж үзэж байна вэ?

-Яах вэ, олны дунд "урт нэртэй хууль гэдэг алдар хүртчихээд байгаа юм. Уг нь цаашдаа урт нас, удаан жаргалтай хууль байх болов уу гэж бодож байна. Манай нэгэн эрхэм улстөрч хэлсэн байна лээ. Тэрбээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд нийт газар нутгийн 0,5-хан хувийг л эзэмшиж байна. Тэгэхэд та нар юунд нь ингэж сүржигнэж гүйдэг юм бэ" гэж байх юм. Тэгэхээр эрхэм гишүүн гуай улс төр, эдийн засгаа л ярина биз. Мэдэхгүй салбараа мэддэг юм шиг яах гэж худлаа ярьж явдаг юм. Энд ганцхан жишээ хэлье. Цианит натри гэдэг аймшигт хор бий. Энэ хор бол дэлхийн уул уурхайн ганц шүтдэг хор. Гэтэл энэ хорын өчүүхэн дусал нь хүнийг үхүүлдэг. Тодруулбал, нэг грамм нь 10 мянган хүнийг хордуулах чадвартай. Тэгэхээр өнөөдөр бид энэ хорыг уул уурхайд асар их хэрэглэж байна. Үүнийг мэргэжилтнүүд мэддэггүйдээ хэрэглээд байгаа хэрэг үү.Үгүй л байхгүй юу. Энэ хорын үр дагаврыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө хэрэглээд байгаа нь нөгөө л мөнгөний хүч шүү дээ.

-Компаниудын лицензүүдийг цуцалснаар эдийн засагт хор нөлөө гарах боллоо гэсэн эл хүрээнийхний шүүмжлэл их гарах болсон?

-Яах вэ, эдийн засгийнхаа хувьд тийм л байдаг юм байгаа биз. Гэхдээ бид байгаль дэлхийгээ хайрлах маш зөв алхам хийсэн. Нөгөөтэйгүүр, бид энэ алхмыг дутуудуулчих шиг боллоо. Ерөөсөө л ногоон бүсэд олборлолт явуулахыг хуулиар хориглох ёстой байсан. Энэ урт нэртэй хуулиар бол ойн болон усны сав газарт алт олборлохыг хориглосон шүү дээ. Тэгж байж л бид жинхэнэ утгаараа үр дүнд хүрэх юм. Тэгээд ч цэвдэгтэй газрын модыг огтлоод хаячихвал цэвдэг нь хайлаад л ногоон бүсэд цөлжилтийн-голомт бий болно.

-254 лицензийг цуцалснаар дэлхийн хөрөнгийн бирж дээр Монголын хувьцааны үнэ навс унаж бараг л түүхэнд амжилт тогтоосон гэж эдийн засагчид толгой сэгсэрч байна. Үүнд таюу хэлэх вэ?

-Манайтай харилцдаг улс орнууд монголчууд лицензээ цуцалсан гэх асуудлыг эмзэг хүлээж авсан байж болох талтай. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бид дэлхийн эдийн засагт нөлөөлөх хэмжээний тийм томоохон ордуудыг цуцлаагүй. 5-10-хан кг алттай тийм л ордын лицензийг цуцалсан. Түүнээс биш хоёр толгой ч юм уу, стратегийн чухал ач холбогдолтой ордын лицензийг цуцалсан бол эдийн засаг савлах нь хууль л даа.

-"Ногоон улстөрчид"-ийн дуу хоолой энэ хүрээнд дутагдаж байна гэх шүүмжлэл байнга яригддаг. Энэ тал дээр байр сууриа илэрхийлнэ үү?

Манай "Ногоон бүлэг" нь парламентын албан ёсных биш. Хэдэн байгаль орчин ярьдаг гишүүд нийлээд л өөрсдийгөө ингэж нэрлэсэн хэрэг. Үнэндээ бол Д.Энхбат, С.Оюун гишүүн бид гурав л бий шүү дээ." Энэ парламентад алтны халууралтай, уул уурхай шүтэж амьдардаг олон гишүүн байгаа. Тэр ч утгаараа тоо нь олон болохоор лобби нь өргөн хүрээг хамардаг.Тэгэхлээр "урт нэртэй" хуулиа ойрын үед хамгаалах шаардлага гарч байна. Алтны лобби маш хүчтэй байна. Унаган сайхан байгаль хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энэ байдлыг хадгалахад хамгийн их хүч үзүүлж байгаа "урт нэртэй" хуулиа хамгаална. Нэг кг алт угаагаад гол горхи ширгээж, дараа дараагийн голыг ч ширгээх үзэгдэл цаашид давтагдсаар байвал цэвэр ус импортлоход хүрч болзошгүй.

-Экологийн талаар төрөөс баримтлах бодлогыг өөрчилж номлол болгож байгаа гэсэн. Номлолд ямар асуудлуудыг тусгасан бэ?

-Монгол Улсын экологийн талаар баримтлах номлол гаргахаар ажлын хэсэг бай-гуулсан. Номлол бэлэн болсон. Үүнийгээ Засгийн газарт өргөн барьж санал авна. Үүний дараа УИХ-аар батлуулах юм. Монгол Улс цаг уурын өөрчлөлтөд дэлхийн улсуудаас хамгийн хурдан нэрвэгдэж байгаа орон. Мэдээж манай урд, хойд хөрш ийм номлолтой байдаг. Эдгээр улс байгалийн баялгаа ямар стратегийн үе шат, технологиор ашиглах болон гадны улс руу урсаж байгаа болон гадны улсаас дотогш урсаж байгаа голыг яах зэргийг тусгасан "байдаг. Мөн усны бодлогоо яаж авч явах, ямар технологи нэвтрүүлэх зэрэг олон зүйл багтдаг. Манай улсад цогцоор нь авч үзсэн. Монгол Улс оршин тогтнох, эс тогтнох нь байгаль орчинтой холбоотой. Тэгэхээр энэ нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч яригдаж байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байгаль орчны чиглэлээр барих бодлогод нэг бүлэг болж орсон. Үүнийг дэлгэрүүлэх шаардлагатай. Байгаль орчныг хамгаалах нь Монгол Улсын мөнхийн бодлогын нэг хэсэг байх ёстой гэсэн үндэслэлээр номлолоо гаргасан. Батлан хамгаалах цагаан ном гэж байдаг. Үүнтэй ижил гэсэн үг. Монгол хүн газар нутагтаа яаж дасан зохицож амьдрах, ингэхэд нь төрөөс ямар бодлого баримтлах вэ гэдгийг л базсан байгаа. "Ус" хөтөлбөрөөс эхлээд л байгаль орчны холбогдолтой маш олон хөтөлбөр бий. Үүнийг бүгдийг нь нэгтгээд төрийн бодлого болгох шаардлагатай юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.