Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдээ авчрах талаар бүхий л арга хэмжээг авч байна
2011.03.13

Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдээ авчрах талаар бүхий л арга хэмжээг авч байна

Байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа Япон улсад боломжтой бүх талаар туслах, тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, тэдэнтэй холбоо тогтоох, хүсэлт гаргасан иргэдээ нутагт нь авчрах талаар холбогдох сайд нарт шуурхай арга хэмжээ авах үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр буюу баасан гаригийн 16 цагийн орчимд өгсөн. Энэ дагуу тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнөөдөр Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Тус хуралд Шадар сайдаас гадна Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Х.Амгаланбаяр нар оролцлоо.

АНУ, ОХУ, БНХАУ зэрэг улс орнууд Японы гамшиг болж буй мужуудад аврах үйл ажиллагаа явуулах баг илгээхээ мэдэгдээд байгаачлан манай улс ч мөн ийм баг явуулахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Мөн өнөөдөр өглөө улсын нөөцөд байсан 2500 дулаан хөнжил зэрэг таван тн тусламжийн ачааг Япон улсад илгээхэд бэлэн болгож, Буянт-Ухаад авчраад байгаа юм байна.

Манай улсын 5370 гаруй иргэн Японд ажиллаж, амьдарч сурч байгаа, тэдний 900 орчимтой нь холбогдсон. Мөн монгол иргэд амь насаа алдсан гэсэн таагүй мэдээлэл Японы Гадаад харилцааны яамнаас ирээгүй гэдгийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мэдээлээд гамшиг болсон газруудад цахилгаан тасарч, гар утасны сүлжээ унасан, цэнэггүй болсон зэрэг шалтгааны улмаас Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам зарим иргэдтэйгээ холбогдож чадахгүй байна. Тиймээс тус улсад ажиллаж амьдарч буй үр хүүхэд, найз нөхөд, танилуудаасаа авсан тэдний талаарх мэдээллээ Гадаад харилцааны яаманд мэдэгдэхийг хүслээ. Иргэдийн мэдээллийг хүлээж авах хариуцлагатай жижүүр Гадаад харилцааны яаманд ажиллаж буй бөгөөд энэ талаар мэдээлэл өгвөл ихээхэн ач холбогдолтой гэдгийг Гадаад харилцааны сайд хэллээ. Мөн тэрбээр тус яамны ажилтнууд Монгол дахь Японы Элчин сайдын яам, Япон дахь Монголын Элчин сайдын яам болон Японы Гадаад харилцааны яамныхантай байнга холбоотой, цаг тутамд мэдээлэл авч байгаа гэсэн юм.

Өнөөдөр өглөө Токиог зорьсон МИАТ-ийн онгоц энэ цаг мөчид Наритад газардаж байгаа гэдгийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга мэдээлээд энэ онгоцоор Наритагийн олон улсын нисэх онгоцны буудалд байгаа 80 гаруй монголчуудыг эх оронд нь авчирна. Гэхдээ Улаанбаатарт цаг агаар тааруу, салхитай байгаа тул онгоц аюулгүй, тайван бүс болох Сөүлд түр буудаллана гэдгийг тэрбээр хэлсэн юм.

 

Албаны хүмүүсийн хэлснээр нутагтаа ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг эх оронд нь саадгүй авчрах бөгөөд Япон улсад байгаа  монгол иргэдийг Нарита дахь МИАТ-ийн төлөөлөгчтэй холбоо барихыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зөвлөлөө.

 Японы ард түмэнд боломжоороо туслаж сэтгэлийн дэм өгөхийг  Монгол Улсын Засгийн газраас ард иргэддээ уриалж, хандивын дансны дугаарыг зарлаад байгааг Монголын Улсын Шадар сайд М.Энхболд мэдэгдлээ. /Хадгаламж банк-10490002362, Голомт банк-2715002907, 2715002908/ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.