Г.Баярсайхан: Усаар өвчилжээ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өчигдөр "Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан зохион байгуулсан бөгөөд байгаль орчин, усны асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон байна.Тэд уг хуулийн төслийг танилцуулж, хуулийн төсөлд ямар зохицуулалт нэмж оруулах шаардлагатайг тодорхойлох зорилготой байсан байна. Манай улс усны хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх усаар хангадаг,газрын доорх ус нь экологийн эмзэг тогтоцтой, усны горим тэжээлийн систем нь өвөрмөц, нөхөн сэргэх хугацаа нь олон жилээр тооцогддог учраас онцгой хамгаалалтад авч, нөхөн сэлбэгдэх хэмжээнээс үл хэтрүүлэн ашиглах шаардлагатай аж.Түүнчлэн ус, рашаан ашигласны төлбөрийн доод болон дээд хязгаарыг өөрчлөх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон байна. Үүнээс гадна усыг ашиг олох зорилгоор хэрэглэж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга угсралтын томоохон аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудын усны төлбөрийг тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй бага байгаа ажээ.