Фүкүшима ба цөмийн эрчим хүчний салбар
2011.04.02

Фүкүшима ба цөмийн эрчим хүчний салбар

Хэдийгээр « Фүкүшима-1» атомын цахилгаан станц дээр осол гараад нилээд хэд хоног өнгөрсөн боловч үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөд шаардлагатай хангалттай хэмжээний мэдээлэл өнөөг хүртэл алга байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, осол гарахад хүргэсэн техникийн шалтгаан болоод ослын уршгийг арилгахаар ажиллаж буй хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн дүгнэлт хийх нь одоохондоо эрт байгаа юм. Гэхдээ тус АЦС дээр гарсан осол нь дэлхийн улс орнуудын атомын эрчим хүчийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлнө гэдэг нь нэгэнт тодорхой болжээ.

Ослын шалтгаан

АНУ-ын Три-Маил- Айлэнд болон ЗХУ-ын Чернобылийн атомын цахилгаан станцуудад гарсан ослуудаас ялгаатай нь «Фүкүшима-1» АЦС-д үүссэн нөхцөл байдлын шалтгаан нь удирдлага, зохион байгуулалт султай холбоотой бус харин асар их хөнөөл дагуулсан байгалийн гамшиг билээ.
Карнегийн нэрэмжит шинжлэх ухааны хүрээлэнгийн шинжээч Ричард Мезерв хэлэхдээ, Фүкүшимагийн бүх реакторууд газар хөдлөлтийн маш хүчтэй чичирхийллийг тэсч гарсан ч цунамид өртөн эвдэрсэн болохыг дурджээ. Японд мөрддөг стандартаар бол цөмийн реактор нь 5.7 м өндөр давалгаа үүсгэх цунамийн гамшгийг тэсвэрлэх чадвартай юм. Гэтэл 3 дугаар сарын 11-нд дэгдсэн цунамийн давалгаа 13 м хүртэл өндөрт хүрч байжээ.

Мэргэжилтнүүдэд тус станцын реакторуудыг өөлөх ямар ч шалтгаан байхгүй бөгөөд учир нь өнгөрсөн 40 жилийн хугацаанд BWR Mark1 реакторын үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол, согог гарч байгаагүй юм. Уг реакторыг үйлдвэрлэсэн GE компанийн мэдээлснээр, дэлхий дээр ийм төрлийн 32 реактор ажиллаж байгаа ажээ.

АНУ-ын цөмийн зохицуулалтын Комисс гэдэг байгууллагад томоохон албан тушаал хашдаг ноён Жорж Апостолакисийн хэлснээр, ийм төрлийн реакторуудыг америкчууд бараг 30-аад жилийн турш маш нарийн судалж байгаа ажээ. Харин сүүлийн хэдэн жилийн хугацаанд түүний аюулгүй ажиллагааны системийг шинэчлэх асуудлыг түлхүү анхаарч ирсэн байна. «Энэ бүхнийг Америкт хийсэн нь үнэн, харин Японд ийм арга хэмжээ авсан эсэхийг мэдэхгүй байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. Өнөөдөр олон асуултын хариулт тодорхойгүй байна. Жишээ нь, реакторуудын зураг төслийг хийх, мөн АЦС-ын ажилтнуудын ажлыг төлөвлөхдөө ийм гамшиг дайрч магадгүй гэдгийг яагаад тооцоолсонгүй вэ? гэдэг асуулт урган гарч байна.

Ослын хор уршгийг арилгах үйл явц

Ослыг уршгийг арилгах ажил удааширч байгаад ослын газар ажиллаж буй хүмүүсийг буруутгах ямар ч үндэсгүй бөгөөд учир нь Японы тээврийн дэд бүтэц ихээр эвдрэн сүйрсний улмаас тэд маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа юм. Ер нь бол Фүкүшима гадаад ертөнцөөс бараг бүрэн тусгаарлагдсан байсан.

Түүний сацуу, Японы эрх баригчид болон компаниуд сэргээн босгох ажлын явцын талаар дэлгэрэнгүй, үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна гэсэн үг яриа сүүлийн үед гарах болсон юм. Харин Карнегийн сангийн шинжээч Марк Гиббсийн үзэж байгаагаар, энэ бүхэн нь үндэслэл муутай зэмлэл ажээ. “Мэдээлэл үнэхээр хомс байгаа, учир нь газар хөдөлж, цунами болох үед станцын блокууд дотор байрлуулсан мэдрэгч төхөөрөмжүүд бүгд ажиллагаагүй болсон. Иймээс АЦС дотор ажиллаж байгаа мэргэжилтнүүд ч гэсэн өөрсдөө мэдээлэл муутай байгаа. Америкийн эрх баригчид Японд байгаа өөрийн орны иргэдийг Фүкүшима станцаас 48 км-ээс хол зайд нүүн шилжихийг зөвлөсөн бол Токиогийн эрх баригчид аюулгүйн бүсийг 20 км-ийн радиуст тогтоосон юм. Жорж Апостолакис үүний шалтгааныг мэдээлэл хомс байсан учраас америкчууд хэт болгоомжилсон гэж үзэж байна. Три-Майл-Айлэнд болон Чернобылийн АЦС-уудад осол болох үед нөхцөл байдал харьцангуй тайван, байгалийн гамшиг болоогүй байсан хэдий ч ослын талаарх тодорхой мэдээлэл хэдэн долоо хоног, тэр ч байтугай хэдэн сарын дараа ирж байсан билээ. Тэгэхээр Фүкүшимагийн талаарх мэдээлэл ингэж удаж ирэх болов уу гэж бодож байна” хэмээн Гиббс ярьжээ.

Ослын үр дагавар

Сүүлийн арван жилийн хугацаанд дэлхий дахинд “ цөмийн сэргэн мандалтын үе” хэмээн нэрлэж болохуйц үйл явц ажиглагдаж байгаа бөгөөд олон улс орон цөмийн реактор байгуулах өргөн далайцтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм.” Сэргэн мандалтын эрин үе” эхлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл бол дэлхийн дулааралтай тэмцэх асуудал байсан бөгөөд учир нь АЦС нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй юм. Японд осол болохоос өмнө, дэлхийн 30 оронд ойролцоогоор 440 цөмийн реактор ажиллаж, 60 гаруй реакторыг барих ажил нэгэнт эхэлчихсэн байжээ. Дашрамд дурдахад, тухайн салбарт ямар ч туршлагагүй улс орнууд хүртэл цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлж эхэлсэн байлаа.

Гэхдээ “Фүкүшима” станцад болсон осол нь олон орны засгийн газруудыг тухайн салбарт хэрэгжүүлэх гэж байсан төлөвлөгөө, төслүүдээ эргэн харахад хүргэж байна. Үүнтэй зэрэгцэн, улс орнуудад цөмийн эрчим хүчнээс татгалзахыг шаардсан олон нийтийн жагсаал цуглаан болсоор байгаа юм. Уг асуудлаар улс төрийн ямар шийдвэр гарахыг урьдчилан хэлэх боломжгүй байгааг шинжээч Ричард Мезерв хэллээ. Гэхдээ ихэнх улс орон цөмийн эрчим хүчнээс татгалзаж чадахгүй гэдэг нь тодорхой байна. Тухайлбал, Хятадын эрх баригчид АЦС барих төлөвлөгөөнөөсөө татгалзах бодолгүй байгаа юм.
Японд болсон осол нь удирдлага болоод технологийн шинжтэй дутагдлуудыг ил болгосон билээ. Жишээлэхэд, ашигласан цөмийн түлшийг реакторуудын ойролцоо байрлах агуулахад хадгалах нь зүйтэй эсэх талаар олон орны мэргэжилтнүүд ярих болов. Эдгээр агуулахуудад ашигласан цөмийн түлшийг усан дотор хэдэн жилийн турш хадгалсны дараа “хуурай” саванд шилжүүлэн хийдэг ажээ. Уг асуудал нь хяналтын байгууллагуудын эрх мэдэлтэй холбоотой сэдвийг ч бас хөндөж байгаа юм. Япон улсад хяналтын байгууллагууд нь гүйцэтгэх засаглалын байгууллагуудаасаа бүрэн хараат бус байж чадахгүй байгаа талаар нилээд эртнээс ярих болсон юм.

Сидлеи Остин /Sidley Austin/ зөвөлгөө өгөх компанийн ажилтан Ирв Роттерын үзэж байгаагаар, Фүкүшимад аваар гарахаас өмнө ч гэсэн Өрнөдийн орнуудад АЦС барих ажлыг санхүүжүүлэх асуудал түвэгтэй байсан бол одоо бүр ч хэцүү болох төлөвтэй байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.