6 газарт гарсан түймрийг цурманд оруулжээ
Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдан ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, мал, амьтны гоц халдварт өвчин болон шувууны томуу өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай болон Увс аймгийн “Увс-Дулааны станц”-д авч хэрэгжүүлсэн ажил, БНХАУ-д гарч байгаа шинэ халдварт өвчнүүдийн талаархи мэдээллийг сонслоо.
Булган аймгийн Бугат сум, Архангай аймгийн Өндөр-Улаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт гарсан түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр Архангай аймгийн Эрдэнэмандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Булган аймгийн Бугат, Ингэт толгой, Орхон аймгийн Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн Орхон, Ерөө, Баруунхараа, Зүүнхараа, Орхонтуул, Цагааннуур, Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Зуунмод, Угтаал, Жаргалант, Баянчандмань, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Хэнтий аймгийн Баян-Овоо, Дадал, Биндэр, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар сум болон Улаанбаатар хотын ногоон бүс түймрийн “Нэн аюултай” зэрэгт хүрч, түймэр гарах магадлал өндөр болжээ. Улсын Онцгой комиссын хуралдаанаар цагийн байдлыг хэлэлцэн Албан даалгавар гаргалаа.
Юуны түрүүнд ой, хээрийн түймэр гарах магадлалтай аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодод Гамшгаас хамгаалах, Ой хээрийн түймрээс хамгаалах, Галын аюулгүй байдлын болон Ойн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 1999 оны “Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ой, хээрийн түймэртэй тэмцэх материаллаг баазыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол, Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан “Ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө” зэргийн хэрэгжилтийг 4 дүгээр сарын 28-ны дотор шалган, бэлэн байдлыг хангуулж, түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд даалгав.
Мөн ойн сан бүхий газартай хиллэж байгаа хөдөө аж ахуйн болон бусад ангиллын газар дахь хамгаалалтын шороон зурвасыг сэргээх, ойд цэвэрлэгээ хийх, 6 дугаар сарын 10 хүртэл болон 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10 хүртэл ногоон бүсэд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах, мод бэлтгэх, ойн дагалт нөөц ашиглах, аялал зугаалгаар явахыг хязгаарлаж, байгаль хамгаалагч нар хяналт, шалгалтаа чангатгахыг үүрэг болгосон байна.
Төрийн болон төрийн бус байгууллага, нөхөрлөлийн гишүүд, иргэдэд түймрээс сэргийлэх ухуулга, сурталчилгаа явуулах, түймрээс урьдчилан сэргийлэх талаар тусгай хамгаалалтын газруудаас зохион байгуулж байгаа ажлыг орон нутгийн захиргаа, Онцгой байдлын газар, хэлтсүүдийн ажилтай уялдуулах, хуурайшилтын зэрэг нь нэн аюултайд хүрсэн, түймэр их гардаг, эрсдэл ихтэй газарт урамшуулалт морин эргүүл ажиллуулахыг Албан даалгаварт тусгалаа.
Орон нутгийн хилийн заагт гарсан түймрийг манай, танай нутагт гарсан гэж хойш суулгүй хамтын хүчээр унтрааж байхыг онцгойлон анхааруулсан байна. Бие бүрэлдэхүүнийг түймрийн голомтод хүргэх нисдэг тэргийг бэлэн байлгаж, шаардлагатай бол цэргийн албан хаагчдыг түймэр унтраах ажилд оролцуулах бэлтгэлтэй байхыг Батлан хамгаалахын сайдад даалгав.
Ой, хээрийн түймрийн эзэн, шалтгааныг тогтоон, буруутанд хариуцлага хүлээлгэж олон нийтэд мэдээлэх ажил хангалтгүй байгааг Онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд анхааруулж цаашид эргүүл, хяналтын цэг ажиллуулан, тээврийн хэрэгслийг ногоон бүсэд зорчихыг хязгаарлахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад үүрэг болгосон байна.
2011 оны 4 дүгээр сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 21 аймгийн 33 сум, дүүрэгт 43 удаа ой, хээрийн түймэр гарч, 1 430 029 га талбай шатжээ. Эдгээрээс Дорнод аймагт хамгийн их буюу 11 удаа түймэр гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.