Нийслэлийн ундны усанд туул голын гадаргын усыг ашиглана
Нийслэлийнхэн бид сүүлийн хэдэн жил Туул голын мөс хайлах үеэр үй олноороо үхсэн загас хардаг байсан. Загас үхсэн шалтгааныг нь тогтоох гэж мэргэжлийн байгууллагууд нь шалгалт хийж, дүгнэлт гардаг. Тэр дүгнэлтдээ "Туул голын усанд ямар нэгэн бохирдол алга. Загаснууд агаар дутсанаас болж үхсэн байна" гэх инээдтэй тайлбар, дүгнэлт гаргадаг байсан. Өөрөөр хэлбэл, загаснууд амиа хорлосон болж таардаг, мэргэжлийнхний хэлж буйгаар. Энэ мэт эмгэнэлт байдал сүүлийн гурван жил давтагдсан. Тэгвэл энэ жил түүнээс илүү эмгэнэлтэй зүйл тулгарлаа. Туул голд загас үхэх нь битгий хэл урсах усгүй болтлоо тасарчээ. Одоогоор Зайсангийн гүүрнээс цааш Туул гол маань хүний шагайгаар татах төдийхөн урсаж байна. Улам цаашлаад Яармагийн гүүр хүрэхгүй тасарч, газрын хэвлийдээ шингэжээ. Бухимдсан иргэд БОАЖ-ын сайд Л.Гансүхийн утас руу мессэж илгээсэн байх. Харин өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор Туул голын хувь заяаны тухай ярилцлаа. Салбарын сайд Туул голыг хамгаалахын тулд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн юм.
Л.Гансүх сайд "Нөхөн сэргээлт хийгээгүй газрын үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлуулах саналаа бид гаргадаг. Мэргэжлийн хяналтынханд асуудлыг тавьдаг ч Ашигт малтмалын газарт лиценз олгох, цуцлах эрх нь бий. Иймд Ашигт малтмалын газартай хамтран ажиллахаар болсон. Туул голын сав газарт хэд хэдэн далан хийж, гадаргын усыг хадгалснаар усны төвшин буурахыг багасгах боломжтой. Бид Өмнөд Солонгосын мэргэжлийн компанитай хамтран хиймэл нуур үүсгэх, гадаргын усыг цуглуулах төслийг эхлүүлсэн. Газрын гүний биш гадаргын энэ усыг ашиглаж чадвал олон асуудал шийдэгдэнэ. Уг цөөрмийн тавхан хувийг ашигласнаар Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээг хангах боломжтой" гэв.
Нийслэлийнхэн хоногт 130 мянган шоо.метр усыг Туул голын ай савнаас авч хэрэглэдэг аж.
Мөн ширгэж байгаа гол шалтгаанууд нь сав газраас нь хайрга элс олборлож хэвлийг нь ухдаг, арьс шир боловсруулах үйлдвэрээс гарсан бохир ус гэдгийг УИХ-ын гишүүд хэлэв. Харин гишүүн Х.Наранхүү бусад гишүүний хэлсэнтэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрээр, "Та нар зөвхөн механик зүйл нөлөөлж байна гэх юм. Тийм биш ээ. Мэдээж хайрга элсийг нь олборлож буй нөлөөлж байгаа. Нөгөө талаар энэ байгаль эх дэлхий чинь нөлөөлж байна шүү.Тэгэхээр бид энд яриад Туул гол маань дахин урсахгүй. Тиймээс ажлаа бодитой болгох хэрэгтэй гэлээ.