БОАЖ-ын сайд Л.Гансүх: Туулын эрэгт суурьшсан компаниудыг нүүлгэнэ
2011.04.21

БОАЖ-ын сайд Л.Гансүх: Туулын эрэгт суурьшсан компаниудыг нүүлгэнэ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг сайжруулах арга зам" сэдвээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо. Энэ үеэр Туул голын бохирдлын талаар хөндсөн юм.Туул голын сав газар манай орны эдийн засаг, нийгмийн хөгжил, үйлдвэрлэлийн гол бүс нутаг бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүрэг, Налайх, таван аймгийн 37 сумын нутаг дэвсгэр хамаарч байна. Туул голын ус тасарч, бохирдож байгаа нь хэд хэдэн шалтгаантайг албаныхан хэллээ. Нийслэлийн хүн ам сүүлийн жил үүдэд эрс өссөн учраас Туулын ундарга багасжээ. Мөн барилгын компаниуд Туулаас элс, хайрга ашиглаад нөхөн сэргээлт хийгээгүйгээс гол тасарсан байна. Сүүлийн жилүүдэд Баянзүрх, Маршалын гүүр орчимд Туулын ус тасарч байгаа. Энэ талаар холбогдох албаныхан дараах мэдээллийг өгөв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд:

-Туул голд хийх нөхөн сэргээлт маш удаан, бараг хийгдэхгүй байгаагаас хаврын саруудад байнга тасарч байна. Гүний 200 гаруй цооногийн усаар ундарга нь тэжээгддэг байсан бол нийслэлийн хүн ам өссөнөөс болж цооногийн ус багассан. Туулын орчимд цооног өрөмдөж тэжээх боломжтой. Нөгөө талаар усны үнэлгээг нэммээр байна. Орон сууцны нэг айл хоногт 500-хан төгрөг төлж нэг тонн орчим ус хэрэглэдэг. Гэр хорооллын нэг айл 50-хан төгрөгөөр ус хэрэглэж байгаа. Энэ нь усны хүргэлтийн зардал болохоос биш ус бараг үнэгүй байна. Иймд усны үнийг 10-20 дахин-нэмэх хэрэгтэй. Ой мод тарьж, далан барьж Туулыг сэргээх боломжтой.

БОАЖ-ын сайд Л.Гансүх:

-Нөхөн сэргээлт огт хийгээгүй компаниудыг УМХЕГ-хантай яриад ажлыг нь зогсооно. Мөн барилгад хайрга ашиглаж байгааг зогсооё. Зөвхөн Туул ч биш. Бусад голуудын дагуух элс, хайрга ашиглаж байгааг бодлогоор зогсооно.14 аж ахуйн нэгжийн ажлыг зогсоосон. Тэдний 10 нь нөхөн сэргээлт огт хийгээгүй. Үлдсэн компаниуд ажлаа 70-80 хувь биелүүлснийг хангалтгүй гэж үзэж байна. Туулын эрэгт дөрвөн газар боомт байгуулахаар зураг төслийг нь хийсэн. Хамгийн түрүүнд голын эхэнд байгуулахаар төлөвлөсөн. Мөн хиймэл нуур байгуулах юм. Энэ нь бараг Тэлмэн нууртай адил хэмжээтэй байна. Туул Сэлбийн эрэгт хамгаалалтын бүс байгуулна. Эрэг дээрх компаниудыг тэндээс шилжүүлнэ.

УИХ-ынгишүүн Г.Баярсайхан:
-Туулыг тасралтгүй урсгая гэвэл урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хууль хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл байна уу?
Л.Гансүх:

-Туулын эрэгт уурхайн компани байхгүй. Бусад голд бий. Манай яамныхан хуулийн дагуу тооллого хийсэн. 254 ордын судалгааг гаргаж хохирлын үнэлгээг хийсэн.

УИХ-ын гишүүн Р.Буд:
-Туулын тухай тоть шиг олон давтлаа.Хайран цаг хугацаа өнгөрлөө. Олон юм ярихаа болиод одоо ажиллах хэрэгтэй.Туулыг бохирдуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг яах вэ. Хотоос гаргах уу?
Л.Гансүх:

-Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.