Хуулийг дээдлэх тал дээр Хятад, ОХУ, АНУ-д дутагдал байгааг илрүүлэв
2011.06.14

Хуулийг дээдлэх тал дээр Хятад, ОХУ, АНУ-д дутагдал байгааг илрүүлэв

Дэлхийн улс орнуудын дунд жил тутам явуулдаг хууль, эрх зүйг дээдлэх судалгааны дүн гарсан талаар Францын "AFP" агентлагийн мэдээллээ. Уг судалгаанаас үзэхэд “Дэлхийн хууль зүй, шүүх” төслийн хүрээнд хууль тогтоомжуудыг дээдлэх индекст Швед, Норвеги улсууд тэргүүлж байна. Баруун Европын орнууд мэдээж, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлжээ. Зөвхөн Итали улс л энэ тал дээр доогуур дүн үзүүлсэн байна. Гайхалтай нь АНУ-д арьс өнгөөр ялгаварлах асуудал байгааг судлаачид тогтоожээ.


Энэхүү рейтингэд манай гарагийн улс орнуудын Засгийн газар хөндлөнгийн хяналтад байдаг эсэхийг тогтоож,  зиндаачилжээ. Учир нь хэрэв төр засгийн эрх мэдэлтнүүд хяналтан дор байж, нийгмийн өмнө тогтмол тайлагнадаг бол хууль зүй, шүүх шударга байж, хүний эрх бүрэн хамгаалагдахаас гадна авлигад идэгдэхгүй, гэмт хэргийн дэгдэлт бага байдаг аж.


“Хууль, эрх зүйг дээдлэх нь бүх улс орны хувьд байнга баримтлах бодлого, тасралтгүй үргэлжлэх процесс байх ёстой” хэмээн  Билл ба Мелинда Гейтсийн санхүүжүүлдэг төслийн гүйцэтгэх захирал Хонгся Лю мэдэгдлээ. Тэрбээр “Энэ индекс аль нэг улс орныг гутаан шившиглэх, буруутгахад зориулагдаагүй. Харин бүс нутгууд дахь эрх зүйн ойролцоо систем ба орлогын ижил түвшинтэй улс орнуудад ашигтай чиглэл хандлага өгөх зорилгыг агуулсан” гэж онцлон тэмдэглэж байна.


Энэхүү илтгэлд өгүүлснээр Хятад улсад хүний үндсэн эрхийн хамгаалалт сул байгаа аж. Судлаачид Хятад улсын талаар “Азийн энэ аварга гүрэн өөрийн эрх зүйн институтуудээ үр ашигтай, хяналтад байлгах тал дээр мэдэгдэхүйц сайжирсан” гэж мэдэгдлээ. Үүнийг дараах баримт батална. Хятад улс нь “BRIC” хэмээн алдаршсан Бразил, ОХУ, Энэтхэг, Хятадын бүлгийн орнуудын дунд Бразилийн дараа хоёрдугаарт оржээ. Гэхдээ Хятадын шүүх байгууллага эрх баригчдааас үл хамаарах тал дээр маш их зүйл хийх ёстой талаар тус илтгэлд цохон дурдсан байна. Яагаад гэвэл Хятадад хүний үндсэн эрхийн үзүүлэлтүүд маш доогуур байгаа юм. Ялангуяа хөдөлмөрлөх эрхийн тал дээр Хятад улс нийт 66 орноос 61-р байранд орсон бол хурал, цуглаан хийх асуудлаар 66, үг хэлэх эрх чөлөөгөөр мөн 66-д жагсчээ.


Харин Энэтхэг улсын хувьд үг хэлэх эрх чөлөөг харьцангуй дээгүүр, шүүхийн бие даасан байдал, төр засаг цензуртай ч харьцангуй нээлттэй байдаг аж. Гэхдээ Энэтхэгийн төрийн захиргааны байгууллагуудын хангалтгүй ажил нь хуулийг дээдлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Энэтхэгийн шүүх хэт ачаалалтай ажилладаг, ямарваа нэгэн хэргийг шүүн хэлэлцэх хугацаа их урт, түүнчлэн хууль хамгаалах байгууллагууд олон дутагдалтай талтай, авлигад нэлээд хэмжээгээр идэгдсэн, цагдаа нар албан тушаалаа урвуулан ашиглаж, хавчин гадуурхах бодлого явуулдаг зэрэг сөрөг асуудлууд илэрчээ.


“BRIC”-ийн орнуудаас Оросын Холбооны улс хамгийн доогуур үзүүлэлттэй байлаа. Энэ улсад ноцтой дутагдал илэрсний улмаас 55-р байранд орсон талаар энэ илтгэлд тэмдэглэжээ. ОХУ-д төр засгийн янз бүрийн байгууллагуудын дунд хяналт шалгалт сул, тэнцвэртэй байдал алдагдсаны улмаас авлигад идэгдэх, хийсэн буруутай үйлдэлдээ шийтгэл үл хүлээх, улстөрийн сэдэлтэй хөндлөнгөөс оролцох зэрэг ноцтой дутагдлууд гарсаар байгаа аж. “Хувь хүн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураар эвлэлдэн нэгдэх, иргэдийн хувийн амьдралд хөндлөнгөөс санаатай, санамсаргүй оролцох зэрэг хүний үндсэн эрхийг зөрчиж байгаа нь сэтгэл түгшээж байна” хэмээн судлаачид мэдэгдлээ.

 

Хуулийг дээдлэх тал дээр Иран зэрэг орнууд доогуур үзүүлэлттэй байна. Энэ улс цөмийн хөтөлбөрийнхөө улмаас нэлээд эртнээс өрнөдийнхөнтэй таарамжгүй харьцаатай байгаа билээ. Иймээс л Иран улс хүний үндсэн эрхийг хамгаалах үзүүлэлтээр дэлхийн улс орнуудаас сүүл мушгиж байна.  Илтгэлд “Иран улсад төр засгийн удирдлага хүчирхэг, хууль сахиулах байгууллага хүчтэй. Гэхдээ тэдгээрийг элитүүдийг хамгаалах хэрэгсэл болгон, байнга ашигладаг” хэмээн дурджээ. Түүнчлэн Ираны Засгийн газрыг хөндлөнгөөс хянах хяналт сул, энэ үзүүлэлтээр даяаршлын түвшинд 59-р байранд, харин бүс нутагтаа хамгийн сүүлд оржээ. Ираны шүүх байгууллага нь үр дүнтэй ажилладаг боловч авлигад автсан, мөн улстөрийн зорилгоор хөндлөнгөөс дарамт шахалт үзүүлэх явдал байдаг аж. |


Латин Америкийн орнуудаас Венесуэль улсын Засгийн газрыг “дэлхийн хамгийн хяналтгүй” хэмээн цоллосон байна. Венесуэль улсыг авлигад идэгдсэн /54-р байр/, гэмт хэрэг, хүчирхийлэл бараг хэвийн үзэгдэл болсон /64-р байр/, төр засгийн байгууллагууд тунгалаг бус, эрүүгийн хэргүүдийг шүүх ажиллагаа үр дүн муутай, улстөрийн нөлөөнд автсан /66-р байр/ гэж судлаачид дүгнэжээ. Тэд “Энэ улсад хүний үндсэн эрхийг хамгаалах, хүндэтгэх тал дээр ноцтой дутагдлууд илэрсэн, бодол санаагаа илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөг боон хаагдуулдаг, хувийн амьдралын халдашгүй байдлыг сахидаггүй” гэж мэдэгдэв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.