Туршилт нэрээр цалингүй ажиллуулах нь хөдөлмөрийн мөлжлөг учраас ажил олгогчийг урамшуулалд хамруулахгүй
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Уранцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг танилцуулсан юм. Н.Уранцэцэг нь шат, шатны шүүхэд ажиллаж байсан, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах шалгалтад тэнцсэнээр ийнхүү нэр дэвшиж байгаа аж.
УИХ-ын гишүүн Д.Одбаяр хэлэхдээ "Олон жилийн ажлын дадлага туршлага, байнгын хорооны хуралдаанд оролцохдоо гишүүдийн асуултад хариулт өгч байгаа зэргээс үзэхэд их зөв хүн юм байна гэж ойлгосон. Хүндхэн шалгууруудыг олон жилийн хөдөлмөрөөр давж, энэ хэмжээнд хүрсэн байх Цаашдынхаа ажилд хуулиа барьж, зөв шударга ажиллаарай" гэсэн юм. Одоо харин энэ асуудлыг УИХ Ерөнхийлөгчид танилцуулна. Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Улсын дээд шүүхийн шүүгчээр н.Уранцэцэгийг томилох учиртай. Харин Үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үүнд мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосонд тооцох тухай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай төслүүд байсан юм.
Хэлэлцүүлгийн үед Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт юу байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуусан. Учир нь авто зам засварын техникийн мэргэжилтэй жолооч олдохгүй байхад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв баахан үсчин, зөөгч, зурагчин бэлтгэдэг. Зах зээлд ямар ч хэрэгцээгүй мэргэжилтэн бэлдэж, хөрөнгө зарлагаддаг боловч мэргэжлийн чанар нь төдийлөн сайн байдаггүйг шүүмжилж байсан юм. Мөн ажил олгогчид Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн хөрөнгийг буруу замаар ашигладаг талаар ч шүүмжлэлтэй хандсан. Ажил олгогчдыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөс урамшуулна гэж заасан байдаг нь аж ахуйн нэгж хэдэн хүнийг ажилд авсан нэрээр урамшуулал хүртчихээд буцаад халчихдаг явдал гардаг гэнэ.Энэ бүхэнд тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт хариулт өгч байв.
Тэрбээр "Хөдөлмөр эрхлэлт-ийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах,хяналтын журмыг Засгийн газар батална. Мэргэжил сургалтын төвүүд мэргэжилтэй ажилтан хэрхэн бэлтгэсэн тайлангаа улирал бүр аймаг, сум, дүүргийн хөдөлмөр халамжийн төвд ирүүлж байна" хэмээн тайлбарласан юм. Харин урамшуулал авсан ажил олгогчдод тавих хяналтыг чангатгах бөгөөд ажилчныг 12 сараас дээш хугацаагаар тогтвортой ажиллуулсан тохиолдолд дээрх урамшууллыг хүртэнэ гэлээ. Мөн ажлын байрны орчны талаарх асуудлыг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хөндөж байв.Уул уурхайн том оврын тээврийн хэрэгслийн жолооч гэр бүлээсээ хэдэн сараар хол байдаг, Дээр нь амьдрах орчин тохь тухтай бус байдаг нь тогтвортой хөдөлмөр эрхлэхэд саад болдог гэж байлаа. Харин Д.Дамба-Очир гишүүн 35-60 насны иргэдийг хэрхэн ажлын байраар хангахыг асууж байв. Мөн ажилд авна нэрээр хэсэг ажиллуулж байгаад тэнцэхгүй гэсэн шалтгаанаар цалин өгөхгүй халдаг явдлыг асуудал болгон дэвшүүллээ. Тиймээс ажил олгогчийн хүлээх үүрэг гэдгийг нэмэгдүүлэх нь чухал гэв. 35-60 насны иргэд ажилд ороход нэлээн хүндрэлтэй байдаг.
Тиймээс дээрх насны хүмүүсийг дэмжихдээ ажил мэргэжлийн чиглэл олгох сургалтад үнэ төлбөргүй хамруулах, хувиараа хөдөлмөр эрхлэх бол нэг сая хүртэлх төгрөг олгох, мөн төдий насны хүмүүсийг авч тогтвортой ажиллуулж буй аж ахуйн нэгж байгууллагыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас урамшуулах аж.Харин туршилт нэрээр цалингүй ажиллуулах нь хөдөлмөрийн мөлжлөг гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд дээрх урамшуулалд хамруулахгүй байх тухай асуудлыг гишүүд хөндөж байв. Ийнхүү Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хийж зарчмын зөрүүтэй санал хурааж холбогдох байнгын хороонд шилжүүлэв.