Цаазаар авах ялаас 139 орон татгалзжээ
2011.03.09

Цаазаар авах ялаас 139 орон татгалзжээ

2003 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг олон улс даяар “Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр иржээ. 2010 оны аравдугаар сарын 10-ны энэ өдөр олон улсын хүний эрхийн байгууллагууд  “Эмнести Интернэшнл”,  Цаазаар авах  ялын эсрэг Дэлхийн  эвсэлээс АНУ-ыг цаазаар авах ялыг бүрмөсөн хэрэглэхээ зогсоохыг шаардан дэлхий нийтийн анхаарлыг энэ улс руу хандуулаад буй.

 

АНУ нь муж улсууддаа цаазаар авах ялыг хуульчилж өгсөн цөөхөн хэдэн Холбооны улсуудын нэг юм. Өнөөдөр эдгээр муж улсуудын 15 нь цаазаар авах ялыг хуульдаа халж 35 муж улс хэрэглэсээр байна. Хэрэглэж байгаа муж улсуудын 10 нь сүүлийн 10 жилийн туршид нэг ч цаазаар авах ялыг гүйцэтгээгүй юм. Эмнести Интернэшнл байгууллагын гаргасан судалгаагаар АНУ-д  цаазаар авах ял оноох нь сүүлийн 10 жилд 60 хувь хүртэл эрс буурчээ. Цаазаар авах ялыг үхлийн тариагаар тарьж гүйцэтгэх нь бага өвтгөн зовоох арга хэмээн үзэж байсан муж улсуудад энэ аргаар цаазыг гүйцэтгэх явцад алдаа гарчээ. Тиймээс шалгалтын комисс томилон цаазаар авах ялыг гүйцэтгэсэн бүх тохиолдлуудыг судлан үзэж, эцэст нь шалгалтын комисс цаазаар авах ялыг бүрмөсөн хориглох нь зүйтэйг зөвлөмж болгов. Сүүлийн хоёр жилд Нью Мехико, Нью Жерси мужууд цаазаар авах ялыг хуульдаа халж ахиц дэвшил гарсаар байгаа хэдий ч эрх чөлөөний орон гэгдэх АНУ нь орон даяараа энэ ялыг бүрмөсөн халж байж хүний эрхийг дээдэлсэн эрх чөлөөний орон болохоо бодитоор харуулж чадах юм. Цаазаар авах ялыг халах тухайд олон нийт, улс төрийн хүчнүүдийн тууштай дэмжлэгүүд гарсаар.

 

Өнөөдөр дэлхийн улс орнуудын 2/3-аас илүү хувь (139 орон) нь цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халаад байна.  2009 онд 18 улс орон цаазаар авах ялыг хэрэглэсэн нь жил бүр дэлхий нийтээр цаазаар авах ялыг хэрэглэх нь багасч байгааг харуулж байна. 2008 онд Узбекстан, Аргентин, 2009 онд Бурунди, Того улс цаазаар авах ялыг хуульдаа халжээ. Хятад улс нь цаазаар авах ялыг хэрэглэж байгаа дэлхийн нийт улсуудын нийлбэр дүнгээс илүү тооны хүмүүсийг жил бүр цаазалдаг. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд цаазаар авах ялын бодлогоо эргэн харж тодорхой дэвшилүүд хийгээд байна.

 

Цаазаар авах ял нь хүнлэг бус, гутаан доромжилсон, хүний амьд явах эрхийг зөрчсөн ял шийтгэл мөн гэдгийг олон баримтуудаас харж болох аж. Цаазаар авах ялыг (АНУ-д олонтаа тохиолддог) үндэсний цөөнх (хар арьстан, испани гаралтай хүмүүс) буюу өөрсдийгөө зохих ёсоор өмгөөлүүлэх мөнгө байхгүй ядуу хүмүүст илүүтэй оноодог байна. Түүнээс гадна, ардчилсан бус засаглалтай улс оронд цаазаар авах ялыг улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах хэрэгсэл болгон олонтаа ашигладаг аж. АНУ-ын Колумбын их сургуулийн профессор Жеймс Лийбманы удирдсан багийн 2000 онд хийсэн “Дампуурсан тогтолцоо, 1973-1995 онд цаазаар авах ял оноосон шийдвэрийн алдааны хувь хэмжээ” судалгаа ихээхэн анхаарал татдаг. Цаазаар авах ялтай хэргийн 68 хувийг шүүхийн ноцтой алдааны улмаас хэрэгсэхгүй болгодог талаар судалгаанд дурьджээ. 2002 онд тэдний хийсэн өөр нэг судалгаагаар цаазаар авах ял оноох хэмжээ нэмэгдэхийн хэрээр шүүхийн алдааны хувь төдий чинээ нэмэгддэг бөгөөд судалгаанд хамрагдсан хэргийн 80 хувьд хүрснийг тогтоосон аж. 2004 оны байдлаар АНУ-ын цаазаар авах ял хэрэглэдэг муж улсуудад хүний амь нас хохироосон хэргийн дундаж гаралт 100 мянган хүн ам тутамд 5.71 байсан бол цаазаар авах  ялыг халсан муж улсуудад уг тоо 4.02 байв. 1996 онд  хамгийн олон хүний амь нас хохироосон хэрэг гарсан 20 муж улсын 18 нь цаазаар авах ялыг хэрэглэсэн хэвээр байжээ.

 

АНУ-ын хувьд үнэндээ  хэд хэдэн муж улс цаазаар авах ялтай хоригдлуудад зарцуулагдаж байгаа хэт өндөр зардлаас үүдэн түүнийг халах асуудлыг судлан үзэж байгаа юм.  Цаазаар авах ял нь хүчирхийллийг зогсоох талаар ямарваа нэг шийдэл санал болгохын оронд харин ч түүнийг бэхжүүлж байгаа хэрэг мөн. Төрөөс хүний амийг хороож байгаа нь хүч хэрэглэх явдлыг өөгшүүлж, хүчирхийллийн мөчлөгийг үргэлжлүүлдэг. Төр хүний амийг хороож байгаа нь хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй болохыг бусдад харуулж, сургаж байдаг. Цаазаар авах ял бол төрийн зүгээс шийдвэрлэж чадахгүй байгаа нийгмийн асуудлаа цэргийн аргаар түргэн шийдэх гэсэн оролдлого юм. Энэ нь ямагт хүмүүсийн хамгийн доогуур төвшний инстинкттэй холбогддог. Хэрэв аливаа засгийн газар олон нийтийн санал асуулгын дүн дээр үндэслэн цаазаар авах ялыг хэвээр хадгалж байгаа бол тэр нь өөрсдийгөө зохион байгуулалттай хядлага хийгээд линчийн шүүх зэрэгтэй ижил төвшинд тавьж байна гэсэн хэрэг. Популист санал асуулгын өмнө парламентийн үүрэг роль суларч, төр өөрийн манлайлах, хүмүүнлэг энэрэнгүй, ардчилсан байх зарчмаасаа ухарч буй хэрэг мөн. Цаазаар авах ялыг нийтийн дэмжлэгээр зөвтгөх учиргүй. Харин ч төр хүний амьд явах эрхийг  энэрэнгүйгээр хүндэтгэх үлгэр жишээ үзүүлэх учиртай. Төр иргэддээ аливаа хүний амь нас, тэр дундаа хамгийн ноцтой гэмт хэрэгтний амь насыг ч хүндэтгэн дээдлэх ёстой болохыг харуулах ёстой. Итали улсад хийсэн криминалогийн болон улс төрийн шинжлэх ухааны хэд хэдэн судалгаагаар төр ард иргэдээ хүчирхийллийг хүчирхийллээр хариулахгүй байхыг хэдий чинээ сайн ойлгуулах тусам ард нийтийн дэмжлэгийг   илүүтэй   хүлээдэг болох нь тогтоогдсон. Учир нь тухайн төр засаг иргэддээ хүний амь насыг хүндэтгэн дээдлэх талаар сургаж, тэдний дагаж мөрдөх амар тайван улс төрийн болон иргэний тогтолцооны үлгэр жишээ болж чаддаг. Цаазаар авах ялыг халах явдлыг соёлын болон боловсролын төвшинд бэлтгэх ёстой. Урьдчилан сэргийлнэ гэдэг айлгаж сүрдүүлэхийн нэр биш. Нэг гэмт хэрэгтнийг хорооно гэдэг гэмт хэргийн гаралтыг бууруулах хангалттай зүйл биш.

 

Харин ч эсрэгээрээ, тухайн гэмт хэрэгтэнд ердийн ял шийтгэл оногдуулах нь хуулийн хүчин чадлыг бэхжүүлж, олон нийтийн дэмжлэг хүлээдэг.  Ингэснээрээ тухайн төр засаг  иргэний нийгмийн аюулгүй байдлыг жинхэнэ ёсоор бэхжүүлэх амар амгалан, эв зохист байдлыг бий болгож чадна. Төр иргэдийнхээ зүрх сэтгэлийг аллагаар сүрдүүлснээрээ олон нийтийн дэмжлэгийг хүлээж чадахгүй. Зөвхөн чөлөөтэй итгэл үнэмшил төрсөн цагт л тэд төр засаг нь зөв зүйтэй зүйл хийж байгааг аяндаа хүлээн зөвшөөрөх болно. Цаазаар авах ял нь хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчид хийгээд тэдний ар гэрийнхэнд шударга ёс хийгээд амар амгаланг  авчирдаггүй.  Алуурчны гарт дотны хүнээ алдсан Мари Дийнс “Асуудлын гол нь хүчирхийллийг бууруулах явдал болохоос биш өөр хэн нэгнийг бас үхүүлэх явдал биш. Асуудлын гол нь хайртай дотны хүнээ алдсан хүмүүсийн уй гашууг тайлах явдал болохоос бус гэмт хэрэгтнийг цаазаар авч, ар гэрийнхнийг нь бас уй гашууд автуулах нь чухал биш. Бид хүчирхийллийн тойргийг таслах цаг болоод байна. Өшөө авалт түүнийг шийдэж чадахгүй ” хэмээн бичсэн байдаг. Өөрийнхөө үхэх өдрийг мэдэхээс илүү аймшигтай эрүү шүүлт гэж байхгүй. Зарим оронд цаазаар авах ялыг гүйцэтгэх өдрийг нууцалдаг нь цаазаар авах ял шийтгүүлсэн хоригд­лууд өдөр бүрийг амьдралынхаа хам­гийн сүүлчийн өдөр байх гэсэн байнгын айдас түгшүүртэйгээр өнгө­рүүлэхэд хүрдэг.

 

Нийгмийн  аюулгүй байдлыг хан­гах бусад төрлийн шийтгэл байдаг. Онц ноцтой хэрэг үйлдсэний улмаас ял шийтгүүлж 10, 20, 30 жилийг шоронд өнгөрөөсний дараа өөрсдийгөө бүрэн дүүрэн өөрчилж, хүнлэг, энэрэнгүй, боловсролтой найрсаг хүмүүс болон төлөвшиж, тэр ч байтугай иргэний нийгэмд тустай хүмүүс болсон олон түүх байдаг. Цаазаар авах ял нь хууль шүүхийн хамгийн гол зарчим болох гэмт хэрэгтнийг засан хүмүүжүүлэх зарчмыг үгүйсгэдэг. Цаазаар авах ялыг хэрэглэснээр гэмт хэрэгтэнд бусад хүмүүсийн нэгэн адил нийгмийн амьдралд эргэн хөл тавих цаашдын өршөөл, итгэл найдвар, нөхцөл бололцоог бүрмөсөн тасалдаг. Бидний хэн маань ч гэсэн ял шийтгэлээ эдэлж дуусаад нийгмийн амьдралд эргэн орох ариун эрхтэй билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.